Таван стакан архи

crystal-head-vodka-4-n3u6uhhulr7xciiw4emgw266v705ft776ju90trqi4Гочоо гараа vрчсээр гаднаас орж ирлээ. Муу умгар єрєє нь хvйтэн зэврvvн ч гэлээ гадааг бодвол дээр байлгvй яахав. Єрєє нь ундуй сундуй. Энд тэндгvй хуйлсан хуйлаагvй цаас, дутуу хагас зурсан зураг, хар цагаан сюжет тавьсан ноорогнууд мєн ширээ сандал, цонхны тавцан зэрэг юм тавьж болох бvхэн дээр элдвийн будаг шунх, багс бийр арзайж сарзайна. Ер нь зураач хvний єрєє ямар байдаг вэ яг л тийм нэг єрєє. Ер нь єрєєний эзэн хэд хэдэн зурган дээр зэрэг ажилладаг бололтой. Зарим тавиур дээрхи зураг бараг дуусаж байхад, зарим нь дєнгєж суурь єнгєє тавьж байх жишээтэй. Тэрvvхэн буланд хэзээний ч юм бvv мэд нэгэн буйдан нормойн хєглєрнє. Уг нь саарал єнгєтэй байсан бололтой. Харин одоо бол ирмэг хvрээгээр нь єлєн хир нvvгэлтэж, энд тэндгvй будаг vсчээд нэг бvvдийсэн л юм болж. Энэ єрєєг саяын орж ирдэг Гоё Гочоо гэж битvv хоолойтой ноосон цамц, хавтгай хар малгайнаас салдаггvй ногтон сахалтай нєхєр эзэмшинэ. Гочоо гадуур хувцасныхаа энгэрийн халааснаас ганц шил архи гаргаснаа зурж буй зурагныхаа хажууд тавин хаалга руу эргэн очиж сайтар тvгжээд, нэг шилэн аяга аван сандал дээрээ тухлан суулаа.Тэр Тунгаагаа зурж байгаа юм. Харин энэ шилэн аяга бол Гочоогийн хувьд бийр багснаас дутахгvй vvргээ гvйцэтгэж байгаа эд. Тэр шилэн аягаа гартаа эргvvлэн хэсэг харж суулаа. Гочоог бага байхад галт тэргэнд л ийм аяга байдагсан. Одоо ч гэсэн байдаг байж магад. Нэг л євєрмєц амттай тэр цайг Гочоо “вагоны цай” гэдэг байж билээ. Сvvлд хойшоо явахдаа мєн ч их уусандаа. Тvvнийгээ санан инээмсэглэж “Одоо ч энэ аяганд єєр юм уудаг болждээ” гэж бодлоо. Дээрээсээ доошоо талстуудаар эвлvvлээд хийчихсэн юм шиг шувтан хэлбэрийн энэ аяга овоо зузаан шилээр хийгдэж. Тиймдээ ч Гочоогийн єрєєнд нилээд удаж байгаа байх. Тэр ч байтугай Гочоогоос ємнє энэ єрєєнд байсан гээд бодчих. Аяганы доод ёроолоос дээш дєрвєн хуруу хиртэй зайд хєндлєн судал уг аягыг бvтэн ороожээ. Энэ судал єєрєє аяндаа тогтсон уу эсвэл хэн нэг нь хэргээр тэмдэглэсэн vv бvv мэд. Уг аягыг угааж байгаа хvнийг Гочоо хараагvй. Гочоо архиа задлан аягандаа хvл хvл хийлгэн судал хvртэл нь хийлээ. Гар нь vл ялиг салгална. Аяганд жижигхэн бємбєлєгнvvд хэсэг бужигнаснаа тэгэсгээд намжлаа. Архи нь яг тэр судалтай зэрэгцэн цэхвэлзэнэ. Ямар ч хєдєлгєєнгvй болсон тэр архи ер гэмгvй царайтай гээч.

Гочоо аягатайг харж хэсэг сууснаа тамхиа гарган асаагаад, хєлєє ачин гэдийх зуураа уушиглан, нєгєє гараараа ногтон сахлаа илэхэд гарынх нь завсраар цэнхэр утаа багтаж ядан саагина. Аяганы талаас арай дээгvvрх хєндлєн зураасаар тааруулаад хийхэд нэг шил архи яг тав тэнцvv хуваагддаг юм. Єєрєєр хэлбэл Гочоо шил архийг энэ аягаар таван удаа л хєнтєрдєг гэсэн vг. Гочоо яагаад ч юм хундага гэхээсээ илvv шилэн аягыг илvvд vзнэ. Бvр хойно оюутан байхын л тийм байсан. Бодвол зуун граммаар туудаг болоод тэр байх. Тэрээр тамхиа дахин нэг сорж, их vйлийн ємнє сэтгэл санаагаа тєвлєрvvлэх гэж буй хvн шиг яаралгvйхэн бодол болон сууна.

“Тэр чаджээ. Vнэхээр чадаж. Булгаа гэж овоо эр юм даа” гэж бодон шазуураа нэг зууснаа “Манай Булгаа ч авъяастай л даа” гэж бодон тvрvvчийнхээ бодлыг цайруулна. Тэгсэнээ
– Ердєє гуравхан жилийн дотор шvv гэж амандаа шивнэхэд тамхины хєх утаа зэрэгцэн пургина. Гараа зугуухан явуулж шилэн аягатайг аван шийдсэн янзтай
– Пvv! гэж vлээхэд уушиганд нь vлдсэн багахан утаа тэрvvхэнд цэнхэртэх агшинд амьсгаагаа хагас татаад залгилж эхэллээ. Хэрвээ хажууд нь хvн харж суугаа бол єєрийн эрхгvй шvлс ялгаран ам дvvрмээр гvд гvд хийн залгилна. Тэр яг таван удаа залгилж дуусгадаг юм. Нvднийх нь аяганд ус цийлэгнэн дvvрч ирэхийн багцаанд аягатай архи дууслаа. Аягаа буцааж тавих зуураа дутуу татсан тамхи нь хуруун завсар нь уугих нєгєє гараа хагас атган амандаа барьж
– Пvv vv . . . гэж уртаар vлээхэд толгой дээрхи малгай нь vл ялиг чичигнэнэ. Тэрээр нvд хамар хоёроос нь юу угvй гараад ирэх шингэнийг тогтоох гэхдээ хойшоогоо гэдийлээ. Энэ бол нус ч биш, нулимс ч биш л дээ. Зvгээр л хаа нэгтэйгээс шахагдан гарч буй шингэн юм. Гочоо сая нэг амьсгаа авч тамхиа сороод, халцарч шарласан адар єєд vлээлээ. Хєхєлбєр утаа дээшээ угалзран олгойдох тэрхэн агшинд тvрvvхэн залгилсан сархад тэртээ доошоо халуу шатуулан уруудах нь мэдрэгдэнэ. Тvvний царайд тааламжтай байдал илрэв. “Тиймээ! Манай Булгаа ч авъяастай ч юм, чадалтай ч юм” хэмээн vргэлжлvvлэн бодов. Булгаа гэдэг тvvний шавь гэхээр хаашаа ч юм. Бас найз ч гэх нь хаашаа юм нэг тийм л нєхєр л дєє. Булгааг тэр гурван жил гаран мэднэ. Анх бас л эдний єрєєгєєр орж гарагсадтай цуг ирээд л танилцсан. Тvvнээс хойш ирэх нь олширсоор сvvлдээ оров ч, гарав ч цуг наалдан пад болсон тийм л залуу. Зурах сонирхол, жаахан авъяастай болохоос ямар ч сургууль соёл тєгсєєгvй л дээ. Гэхдээ тэр єнєєдєр vзэсгэлэнгээ гаргажээ. Ихэнх зурагнуудынх нь схез, сюжет, за тэгээд цаашилбал суурь болоод vндсэн єнгєнvvд тавигдаж байх тэр бvхий л хугацаанд Гочоо Булгаа хоёр єрєє єрєєгєєрєє орж гаран, санаа оноогоо ярьж хэлж, ууж идэж, унаж тусаж явсан болохоор Гочоо ерєнхийд нь мэднэ. Тэр ч байтугай Булгааг ч єєрийг нь мэднэ гэж Гочоо боддог юм. Булгаа сайн л даа. Тvvний зургийн ерєнхий цаад санаа шийдэлvvд нь яах аргагvй сайн. Гэхдээ Гочоо Булгааг “vнэхээр сайн шvv” гэж vнэлдэг эсэх нь vл мэдэгдэнэ. Єєрєєс нь сайн байх вий гэж сэрвээтдэг ч байж магад.

Харин Гоё Гочоо гэдэг маань Булгааг бодох юм бол хойно дvрслэх урлагийн дээдийг тєгссєн. Мєн энэ урлагийн тогоонд овоо хэдэн жил чанагдсан, мэддэг чаддаг хийгээд vзсэн харсан нь Булгаагаас тєє илvv том амьтан байхгvй юv. Тиймээс Гочоогийн сэтгэлд Булгаа vргэлж жижгээрээ. Гэтэл Булгаа нэгэн зургийг vнэхээр зурж чаджээ. Тэрийг нь сая Гочоо харчихаад ирсэн хэрэг. Єрєєндєє ганцаараа архи уух шалтгаан энэ ч байж болох юм. Гочоогийн бодол жигдрэх тийшээ хандлаа. Тэрээр бодлоосоо хєндийрєх дургvй байгаа бололтой. Гэвч хуруун дахь тамхи нь уугиад дууссан тул бодлоо таслахаас яахав. Тэр дахин нэг тамхи асаагаад архинаасаа шилэн аягандаа хvл хvл хийлгэн яг л нєгєє зураас хvртэл хийгээд энэ удаа нэг их юм бололгvй залгиллаа. Тvрvvчийнхийг бодвол сvртэй зовоолгvй орсон ч тэрээр атгасан гараа амандаа барин нvдээ аньж хэсэг сууснаа амьсгаагаа зєєлхєн vлээж гаргаад тамхиа сорон тvшлэгээ наллаа.

“Гочоо багаасаа л зураг сонирхдог, зурдаг байсан тул хойшоо Ленинград явж сурсан хэрэг. Тэр тэнд юмыг логик дараалалтайгаар бодож, сэтгэх, тvvнийгээ ашиглан зурах, хvнтэй хэл амаа ололцох, олны дунд биеэ хэрхэн авч явах гэх мэт. Санаагаа хэрхэн зургандаа шингээх, цаашилбал хvссэн єнгєє хэрхэн гаргах гээд сураагvй юм vгvй. Бас энэ архийг ч гэсэн тэнд л ууж сурсан. Тэр аливаа юмны єнгє гаргахдаа гаргуун. Мєн Гочоогийн бvх зурганд нэг онцлог байсан нь тэр аливаа харагдацуудыг маш тунгалагаар гаргаж чаддаг байв. Гол ус, хєх тэнгэр, нар сарны тусгал гээд ер нь л тодрол сайтай тунгалагхан зурж чаддаг байлаа. Сургуулиа тєгсєж ирэнгvvтээ хэд хэдэн зураг урласан нь зургийн хvрээнийхэндээ ихэд тоогдож байв. Гэлээ ч Гочоод єєрт нэг л юм дутаад байгаа юм шиг санагдан єєрийгєє голно. Чухам юу вэ гэдгээ яг оноож мэдэхгvй. Тэр дутаад байгаа юмаа хаа нэгтэйгээс эрж хайж эрэлд хатан явна. Тэгж явах vедээ єєрийнхєє багш Умбаатай таарсан юм. Энэ хvртэл бодоод Гочоо
– Багш . . . багш . . . гэж чамлангvй єнгєєр амандаа сунжруулан дуугарсанаа “Тийм л дээ багш. Би анхандаа багш л гэж боддог байсан юм чинь. Умбаа гэдэг бол монгол даяар алдартай зураач. Дєнгєж сургууль тєгсєж ирсэн Гочоод байтугай, нилээд доль цохьсон зураачдын хувьд ч Умбаа гэдэг тэнгэрийн амьтан байв. Тvvнтэй уулзаж, vг сольсон хvн бол нэг хэсэгтээ л сэтгэл цатгалан явах. Гочоо тэр хvнд л шавь ормоор санагдаад болох биш. Тэгсээр байж Гочоо Умбааг нилээн сайн уудгийг мэдээд авав. Ер нь уудаггvй хvн урлаг, утга зохиолынхонд байв л гэж дээ. Нилээд удаан ажигласны эцэст нэгэн єглєє Умбаа зураачийг дотор баахан муу байхыг далимдуулан ганц юм євєртєлсєєр яваад орлоо. Махлагдуу намхан биетэй, бавгар сахалтай Умбаа хаалга онгойх чимээнээр шартсандаа болоод сул хаясан байсан биеэ хvчлэн барьж, хэн орж ирсэнийг харсанаа

– Аан! Гочоо хvv яаж явна даа? гэж асуух хэдий ч дотроо “Ганц юм бариад ирээгvй л байгаа даа” гэж санахыг бодоход ихэд шартсаны шинж. Vvнийг нь мэдсэн юм шиг Гочоо
– Сайн байна уу? Умбаа гуай. Таны наад царай чинь. Урд шєнє жаахан таагvй хонож ээ дээ гэхэд
– Тавгvйгээр барах уу . . . гээд эгээтэй л араас нь vг алдчихсангvй.
– Надад нэг юм байгаа юмсан. Аваад ирэх vv? гэж худлаа асуухад
– Асуугаад байх юу байна хvvхээ. Аваад ир гэлээ.
Гочоо гарснаа тэртэй тэрэнгvй євєрт нь байсан тул нэг их удалгvй орж ирлээ. Тэндээ хоёул нэг нэг татчихаад Гочоо

– Баянгол орж нэг нэг таваг хуйцаа идэнгээ vлдсэнийг нь . . . гэтэл
– Тэгвэл ч бvр болоод явчихлаа гэсэн vг шvv гэж олзуурхаад
– Надад бас єнєєдєр дуусгахгvй бол болохгvй ажлууд бий гэж эрэмбээ харуулахыг хичээнэ.
Тvvнээс хойш Гочоо Умбаагийн гарын шавь хэмээгдэх болсон юм. Умбаа мєн л Гочоог маш авъяастай, хєдєлмєрч залуу. Мєдхєн амжилтанд хvрнэ хэмээн хєєргєн ярина. Гэхдээ vеийнхээ зураачид дундаа чухам юу ярьдагийг Гочоо мэдэхгvй.
Гочоо яг энд бодлоо таслан тамхиа соронгоо єєрєє Булгаагийн тухай хэрхэн дvгнэдгээ санах зуур яагаад ч юм завьж нь шазвасхийн татвагнав.

Тэр Булгааг єєрєєсєє илvv гэж хэзээ ч боддоггvй. Гэхдээ илvv гарчихвий гэсэн хєндvvр, шаралхал бол байгаа нь нууц биш. Мэдээж илт дутуу хvнийг єєртэйгєє жишихгvй шvv дээ. Vеийнхэн дундаа ч гэсэн халамцуу vедээ “Булгаа бол болоогvй шvv дээ” гэж vг алдаж байсан удаатай. Тэгэхээр “Умбаа ч гэсэн намайг тэгж боддог байсан байж болох л юм” гэж бодсондоо завьж нь татвагнасан хэрэг.
Багш шавь гэж явахдаа Гочоо амьхандаа Умбаагаас зєвлємж хvснэ. Умбаа харин

– Хvнээр зєвлvvлж зурна гэж юу байхав дээ. Тэгвэл тэр зураг чиний зураг, чиний сэтгэл биш болно гэсэн vг. Харин би чамд ганц vг хэлье. Чи “Мал гаталсан ус битгий зурж байгаарай” гэж vл ойлгогдох vг хэлсэн юм. Тэгээд их учир утгатай мэт энэ vгээ эрvvлдээ ч, согтуудаа ч хэлнэ. Гочоо энэ vгийг ойлгохгvй бvтэн зургаан жил явсан даа. Ойлгохгvй ч юу байхав дээ шууд утгаар нь ойлгосон хэрэг. Тэгээд Гочоо гол горхи зурах болгондоо маш тунгалагаар зурна. Тэр угаас vvнийг маш сайн чадна. Энэ зургаан жилийн хугацаанд Гочоо хоёр vзэсгэлэн гаргав. Умбаагаас бусад зураачид Гочоогийн талаар єєр бодолтой байсан юм. Яагаад гэвэл Гочоо хоёр vзэсгэлэнгийн хооронд єєрчлєгдсєнгvй. Энэ янзаараа бол цаашдаа ч энэ л хэвээрээ vлдэж магадгvй. Харин Умбаа багшийн хувьд хаа ч гэсэн тvvний талаар таатай vг хэлж, магтан бавгар сахлаа илэн явна. Ингэж харагдах л юм бол багш нь сэтгэл хангалуун байна гэсэн vг. Хэрвээ уурлах юмуу эсвэл хэн нэгэнд шаралхаж, сэтгэл нь тавгvйтэх юм бол хємхийгєє зууж, шvдээ хавиран, нvднийх нь хvvхэн хараа цоолохно уу гэмээр хурц болдгийг Гочоо хэдэн жил хажууд нь байсных мэднэ. Гэхдээ тэр нь бараг vл анзаарагдана. Нэг удаа ихэд халамцахдаа

– Уран бvтээлч хvн гэдэг байнгын єрсєлдєєн дунд байдаг юм. Єрсєлдєж л байж сайн бvтээл гарна. Сайн бvтээлийг нэр алдар гэж нэг аюултай юм дагаж явдаг хуультай. Нэгэнт нэр алдар чамд ирсэн бол чи тvvнийг алдахгvйгээр яаж оршин тогтнох вэ? гэдэг асуудал гарч ирдэг юм даа. За тэгтэл атаа жєтєє гэж юм бий. Vvнийг яахав аргалж болно. Гэтэл халгиж цалгисан их авъяас хажуугаар чинь гэнэтхэн гарч ирээд салхи татуулан єнгєрч бас болно тийм vv? гэж дультраатсанаа гэнэтхэн болохгvй юм руу хальж байгаагаа мэдрэн
– За энэ ч яахав гэж vгээ займчуулан єєрийгєє татаж байсныг санана. Тэр vед Гочоо багш єєрт нь хэрэгтэй юм хэлж байна л гэж бодож байснаас єєрийг бодоогvй.

Гочоо шилтэй архиа авч шилэн аягаа гурав дахиа дvvргэлээ. Мэдээж нєгєє зурааснаасаа хэтрvvлээгvй. Тэр “Би яагаад энд ганцаараа архи уух болов?” гэж бодонгоо дахин нэг тамхи асаалаа. Цаана нь ганц ширхэг тамхи хайрцганд нь ташиж унасан харагдана. Ууж буй архины аагаар тvvний сэтгэлд бугшин уугиж буй уур хилэн жижигхэн сэгэлзсэн салхи vзсэн цог мэт ноцож эхэлж байв. Яагаад ч юм эхлээд хайрцагаа дараа асаагуураа ширээ рvv зєєлхєн шидлээ. Тэд ширээн дээр юуханд ч юм торон тогтоно. Толгойд нь тааруухан бодлууд эргэлдэх гээд байгааг мэдэрч тvvнээсээ зайлах гэсэн мэт Гочоо аягатай архиа аван залгилаа. Тэр тал шил архинд ухаанаа тавьдаггvй ч ухаан бодлоо цэгцлэх гэж чармайж байгаа нь илт.

Гочоо сайхан юм бодов бололтой царай нь гэрэлтэв. Тvvний сэтгэл наадмын гурав хоног сойгдсон хєнгєн хєлт адуу хазаар даран дvvхэлзэх шиг хєнгємсєв. “Гоё Гочоог мэдэхгvй хvнгvй болж байсан vе. Vеийн залуус, бvсгvйчvvл тvvнийг шагшин магтана. Хэдийгээр дvрслэх урлаг нь бусад урлаг болох яруу найраг, дуу хуур шиг хvнд шууд очихгvй ч гэсэн бас ч гэж зураг vздэг сонирхдог, дурладаг бvр шvтдэг тийм хvрээ бас байдаг юм. Хvvхнvvд гэдэг сонин амьтад шvv. Жаахан нэр алдар олов уу, vгvй юv аль хэдийн vнэр авчихсан, эрвээхэй шиг л эргэчихнэ дээ. Нэр алдар ч гэж дээ жаахан хэлтэрхий тєдий юм шvv дээ. Vнэхээр сонин. Яасан ч мундаг мэдрэмжтэй улс байдаг юм бvv мэд. Зураач Гоё Гочоо гээд л явж алдана шvv дээ. Энэ нэр алдар гээчийн зах зухаас шvvрсэн хvний анхны даваа нь л архи, хvvхэн хоёр байдаг байх. Энэ давааг л эцэж цуцахгvй, бvдэрч унахгvйхэн шиг давах хэрэгтэй юм шиг байгаа юм.

Хэдийгээр Гочоо хоёр ч vзэсгэлэн гаргачихсан, амтай болгон магтаад байна уу гэлтэй атал бас тийм биш шиг. Ахмад vеийнхэнээс Умбаагаас бусад нь олигтой дvн тавихгvй байгаа нь анзаарагдана. Нэг єдєр Умбаа багшийн найз Зvмбэр зураачтай нэг юм уух шалтаг гарав. Багш нь нэг удаа vй зайгvй гэх энэ найзыгаа
– Миний нэг нойморын дайсан гэж байсан удаатай. Vнэндээ бол наанаа уран бvтээлийн єрсєлдєгч, найз гэх боловч цаанаа ямар их атаа жєтєє явдгийг Гочоо тэгэхэд анзаарсан. Гэсэн ч Гочоо багшийн найз хэмээн санаж нилээн vйлчлэв. Бас тэдний vеийнхэн єєрийг нь хэрхэн vзэж байгаа талаар vг сонсчих санаатай байсан нь vнэн. Зvмбэр яриан завсараа

– Уран бvтээлч хvнд сэтгэл, сэтгэлгээ хоёр шиг хэрэгтэй юм байхгvй дээ. Тэрнийг алдаж болохгvй. Хvн болгон чамайг магтаад л байгаа бол чамд болохгvй юм байна л гэсэн vг. Одоо ч хvмvvс захиалгаар их юм хийх болж. Уран зохиолд ч гэсэн хэн нэгэн, ямар нэгэн сэдэв єгєнгvvт л чи биччихээд байгаа бол энэ чинь цаагуураа л нэг худлаа. Сэтгэл шингэхгvй байна л гэсэн vг. Тийм бvтээл яаж амьд байх вэ дээ. Хvн чамайг цаг vргэлж магтаад л байгаа бол алах гэж байгаагийн анхны оролдлого гэж ойлгоход нэг их хол зєрєхгvй шvv гэхэд Гочоо ихэд гайхлаа. Учир нь Умбаа багш нь vргэлж магтаж байдаг учраас тэр. Гэхдээ эд нар єрсєлдєгчид болохоор надад ингэж хэлсэн байх гэж багшийгаа дотроо ємєєрєх аядав. Гэсэн ч Гочоогийн сэтгэлд ємєєрєгдєж vлдээгvй юм. Vvнээс хойш багшийнхаа vгнээс зєрж зурвал яадаг бол гэсэн бодол хургана. Vvнтэй зэрэгцэн Умбаагийн цаг ямагт хэлдэг “Мал гаталсан ус битгий зураарай” гэсэн vл ойлдгогдох vгс санагдах болж, чухам юу гэсэн vг болохыг олохыг хичээх болов.

Гоё Гочоогийн vзэсгэлэнгийн хаалтын єдєр танхимд нэгэн бvсгvй орж ирсэн юм. Тэр vед Гочоо бvсгvйчvvдээр цадаж байсан vе. Гэвч тэр тэдний хэнд нь ч гэсэн vнэн голоосоо сэтгэл алдарч явсангvй. Харин тэр бvсгvйг хараад Гочоо єєрийн эрхгvй хийж байсан зvйлээ орхив. Тvvний мєрєн дээгvvр намиран унжсан тунгалаг хvрэн vс, дэрвэгэрдvv хормойтой эрээн даавуун даашинз, єндєр єсгийт жийсэн чийрэг тэгшхэн хєл, алхах тоолонд нь эвлэгхэн хєдлєх єгзєг гээд тvvнд сайхан бvхэн заяажээ. Тэрээр толгойгоо хагас єргєж, нvдээ бага зэрэг сvvмийлгэн зураг бvрийг шимтэн харж, алхах нь цаанаа нэг эрхэмсэг. Гочоо нэг л мэдэхэд тvvний хажууд ирчихсэн байлаа. Бvсгvй тvvний “Нар атаархам” гэдэг зургийг харж зогсоно. Энэ зураг бол євлийн нарлаг тунгалагхан єдєр гол дээр мєсєн харваагаар наадаж буй бvсгvйн зураг байсан юм. Хурган дотортой дээл, vнэгэн лоовуузтай хар нvдэн бvсгvй мєс тэврэн инээмсэглэж буй зураг л даа.

Тvvн дээр тусаж буй нар тунгалаг, тvvний тэвэрч буй мєс тунгалаг, тvvний хаш цагаан шvд гарган инээж буй нь vнэхээр хvн байтугай нар атаархам зураг байлаа. Яриа єдєхєд яг тохирох зураг таарсаныг хэлэх vv Гочоо
– Уучлаарай. Энэ vзэсгэлэн єєрт чинь хэр санагдаж байна даа? гэж асуутал

– Vгvй ээ. Яахав ээ. Зvгээр л юм.
– Тэгэхээр чамд ямар нэгэн юм нь таалагдахгvй байна гэсэн vгvv? Чи энэ зураачийг таних уу?
– Vгvй. Танихгvй. Хvмvvс шуугиад байхаар нь л vзэж байгаа юм.
– Тэгээд?
– Тэгээд vv. Яахав сайхан л зурагнууд юм. Гэхдээ дэндvv тунгалаг юм.
– Юу гэсэн vг вэ?
– Би уг нь зургийн ямар нэгэн мэргэжилтэн биш л дээ. Зурах чадвар нь бол гайхалтай. Ийм гоё тодролтой, єнгє гаргаж зурдаг зураач манайд ховор л доо. Гэхдээ энэ зурагнууд амьдралаас жаахан тасархай юм
– Тийм гэж vv? гэхэд бvсгvй
– Ингэхэд та хэн болоод намайг ингэтлээ байцаагаад байгаа юм бэ?
– Аан! Би тэр Гочоо гэдэг нєхєр байна л даа
– Єє тийм vv? Яанаа. Уучлаарай. Миний vгийг нэг их юманд битгий бодоорой
– Зvгээрээ зvгээрээ. Харин ч надад их таатай байна. Бид чинь та нарынхаа vгийг л сонсох ёстой юм шvv дээ. Та хэрвээ завтай бол хамт vдийн хоол идэхгvй юv? Би таныг урьж байна гэхэд бvсгvй хэсэг тээнэгэлзэн зогсох агшинд Гочоо
– Єє! Би тантай танилцаа ч vгvй байж гээд духаа алгадан
– Намайг Гочоо гэдэг. Харин таныг?
– Намайг Тунгалаг гэдэг
– Айн? Vгvй байлгvй дээ Тоглоод байгаа юмуу? гэсээр тэр хоёр хаалга зvглэв. Vvнээс хойш Гочоо Тунгаа бvсгvйтэй vерхэж, сvvлдээ нэг хэсэг цугтаа амьдрах болсон юм.

Гочоо гурав дахь vзэсгэлэнгээ гаргах гэж бэлдэж байсан vе. Умбаа багш єдєр болгон шахуу тvvний урлангаар ирж, зурж буй зургийг нь сонирхоно. Нєгєє л сахлаа илэн сайхан аашилсаар.

Гочоо заримдаа Тунгаатайгаа хэдэн єдрєєр гэрээс гарахгvй єнжих нь бий. Тvvний булбарай зєєлєн болгоныг илж, бvлээн нойтон болгоныг тэмтэрч, нvд гижигдэх болгоныг vнсэн хэвтэх нь заримдаа ямарч зураг зурахаас илvv таашаал єгнє. Гэхдээ заримдаа л шvv дээ. Хажуугаар нь архиа залгилна. Тэгж байхдаа гэртээ нэг зургийн хvрээ зангидаж, зотон даавуу татаад нэгэн зураг эхэлсэн юм. Тув тунгалагхан гол. Бvр доод хайрга нь хvртэл харагдана. Тэдгээр хайрган дээр нарны туяа усыг нэвтэлж, хугаран нугаран алтранхан тусна. Голын хайрга голдуу мєлгєр байдагч Гочоо зарим нэг хайргыг ирмэгтэйгээр зурлаа. Анх удаа тэр амьдралыг сєрж зурж байгаа нь тэр. Дотроо тэрээр “Яадаг юм” хэмээн бодно. Голын урсгал дунд мэдээж нэг хvvхэн зурав. Нvв нvцгэн тэр хvvхэнд Гочоо гоо сайхныг харамгvй єгч байлаа. Хэдийгээр Тунгаагийн хажууд байгаа ч хvvхнийг зурж байхдаа оюутан vеийнхээ учирч явсан орос охидуудыг тєсєєлж байсан юм.

Гочоо тэднийг сайн мэднэ. Ялангуяа тэдний нvдийг. Тийм цэв цэнхэрхэн нvд зєвхєн орсуудад л байдаг байх. Гочоо сургууль тєгсєхєєсєє ємнє нэг єрєєнд дєрвєн жил амьдарч, дєрвєн жил архи уусан Митя найздаа нэг зvйлийг сэтгэл харамгvй хийж єгсєн юм. Тэр нь тэр гvн цэнхэр нvдний єнгє байлаа. Дам сураг дуулахад цайвар ногоон нvдтэй Митя найз нь одоо “Цэнхэр нvдэн Митя” нэртэй болсон гэсэн. Бодвол тэр єнгийг уран бvтээлдээ маш их хэрэглэдэг хэрэг. Мэдээж монголын Гочоо найздаа цаг vргэлж баярладаг байх.

Орос хvvхнvvдээ гэж хєлєрсєн нойтон vедээ жаахан эвгvй vнэртэй л болохоос тэдэн шиг єв тэгш vзэсгэлэн гоог хаанаас ч олохгvй. Энэ бодолдоо Гочоо vнэхээр итгэлтэй. Гочоогийн гоо сайхны vзлийг тэд л авч одсон. Харин хvн талаасаа бол мэдэхгvй. Тэд сайхан л хvvхнvvд байсан болохоос сайн нь биш байсан. Оюутан цаг, тарчигхан vеийг даван туулах бололцооны тvрийвч л тэднийг Гочоо руу ойртуулж байсан байх. Тийм тvрийвчтэй оюутны тоонд Гочоо ордог байлаа. Эх оронруугаа жилдээ хоёр явчихна. Бас бусад оюутныг бодвол бийр, будгаа эрт нийлvvлсний хvчинд тvрийвч нь хоосон байгаагvй юм. Тэгээд ч Гочоо амьдралдаа vзээгvй гоо сайхны мэдрэмжээ тэдгээр охидоос л мэдэрсэн юм. Тийм ч учраас Гочоогийн сэтгэлд тэд ийнхvv лав vлдсэн хэрэг. Тунгаатай байх тэрхэн vедээ ч тvvний сэтгэлээс тэд гардаггvй байлаа.

Тvvнийг энэ зургаа бараг дуусган ганц нэг будаг энд тэнд хvргэж байх vед ард нь зогсож байсан Тунгаа хойноос нь зєєлхєн тэврэн хацарт нь хацраа нийлvvлж эрхлэнгvйгээр
– Энэ хэн бэ? Би юv? гэтэл Гочоо хэсэг тvгдэрсэнээ
– Тэгэлгvй яахав. Энэ чинь чи шvv дээ гэж заллаа. Энэ vед тэд єєд єєдєєсєє биш хоёул зураг руугаа харж байсан нь Гочоод аз боллоо гэж санав. Гэтэл Тунгаа
– Худлаа зураг. Энэ шал худлаа зураг байна гэлээ.
– Яагаад? Би гараа гаргаж зурж байгааг чи харж байгаа биздээ. Энэ зургийг хvмvvс шагшин магтах болно чи харж л байгаарай
– Зєвхєн бялдуучлагч нар л . . .
– Яагаад? Яагаад чи тэгж бодоо вэ?
– Єдий болтол чамайг зєвхєн бялдуучлагч, зусарч, худалч нар л тойрон хvрээлж байсан. Чи сайн зураач уу гэвэл vнэхээр сайн зураач. Чам шиг єнгє гаргаж, чам шиг тусгал ялгадаг зураач ховор. Харин хэзээ ч чиний санаа гарч байгаагvй. Чи сэтгэж чаддаггvй. Чи дотроо бодож байгаагаа гадагшаа гаргаж чаддаггvй. Наад хvvхэн чинь ч гэсэн би биш. Харваас монгол хvний бие биш байгаа биздээ.

– За чи юундаа уурлаад байгаа юм бэ?
– Би уурлаагvй ээ. Чи єєрєє бод л доо. Би л лав энэ хvvхэн шиг хvйтэн усанд, энэ хайрга чулуун дээр зогсож байгаа бол юун ингэж инээхдээ манатай. Vнэндээ бол халтирч уначих гээд хэцvv л баймаар юм гэснээ
– За за би ч юугаа мэдэх вэ дээ гээд эргэлээ. Тэгээд л би дахиж зурсан даа” гээд бодлоо тасаллаа.
Гочоо гэнэт юм санасан хvн шиг ухасхийн аягандаа дєрєв дэхь удаагаа дvvргэлээ. Энэ удаа тvvний бодол алсарч хундага хоорондын зай жаахан холджээ. Ширээрvv шидсэн асаагуураа аваад буцаж суухдаа vл ялиг ганхаж байгаагаа мэдрэв. “Би чинь согтох нь уу дээ” гэж бодож амжлаа. Тэгсэнээ инээмсэглэн толгой сэгсэрч

– Арай ч болоогvй ээ. Гоё Гочоо ч болоогvй шvv гэж єєрийгєє хєєргєєд сvvлчийн тамхиа асаалаа. Тэгээд архиа мєн л гvд гvд залгиллаад араас нь тамхиа сорж нvдээ аниад удаан гэгч нь утаагаа vлээснээ зовхио аажуухан нээлээ.

– Тэгээд яалаа гэж єєрєєсєє асууснаа цааш нь vргэлжлvvлэн бодов.
“Тиймээ! Би тэр зургийг дахиж зурсан. Тэр бvсгvйг хайрган дээр тэнцэж ядан явж байгаагаар, тvvний хєлєєр тэр их усны тэрvvхэн хэсэгт булингартаж байгаагаар, тэр бvсгvйн бие хаа, бэлхvvс єгзєг, суга, цавь гээд гоо сайхны туйл байгаа ч царайд нь “уначихвий “ гэсэн тvгшvvр илэрч байгаагаар зурсан юм. Миний урд нь зурдаг байсан зурагнаас нэг л єєр болсон. Шинэ юмыг анх харахад хэцvv ч миний сэтгэлд vгvйлэгдээд, дутагдаад байдаг юм бий болчих шиг санагдсан даа.

Миний тэр vзэсгэлэнд Умбаагийн тооцоолсоноор хорин найман зураг тавигдах байсан ч хорин есєн зураг тавигдсан юм. Сvvлчийн зураг нь манай гэрээс очсон бєгєєд Умбаа урд нь хараагvй байлаа. Умбаа шинэ зургийг харж нилээд удаан зогслоо. Урд нь vзvvлээгvй болохоор “Умбааг юу гэх бол” гэж санан би тvvнийг ажина. Тэгтэл Умбаагийн харц ширvvсэн ширвээтэж, хємхийгєє зуун, vvдэн дєрвєн шvдэндээ ямар нэгэн юмны жижигхэн vртэс хэмлэж байгаа болов уу гэмээр хавирч эхлэх нь тэр. Умбаагийн уурлахаараа илэрдэг энэ зуршилыг хараад Гочоо мэл гайхав. “Би буруу юм зурчихсан юм болов уу” гэж бодоход хvрэв. Гочоог Умбаа руу хулгасаар дєхєж ирэхэд Умбаа сая сэхээ авч харц нь зєєлрєн нvдэнд нь инээмсэглэл тодрох хэрнээ шvдээ хавирах нь зогсохгvй л байсан юм даа. Тэрхэн мєчид л Гочоо бvхнийг ойлгосон юм. Бvр бvгдийг. Тэр хааяахан халамцахаараа хэлдэг “Єрсєлдєєн, нэр тєр, єндєрлєг, тvvндээ хэрхэн ямар аргаар оршин тогтнох вэ” гээд бvгдийг ойлгох шиг. Тэрний золионд єєрєє явж байсан юм шиг санагдав. Бvтэн зургаан жилийн дараа шvv. Яагаад би энэ олон жил энэ хvний vгээр явж, энэ хvний єгсєн архийг ууж амьдраа вэ. Тэр “Мал гаталсан ус битгий зураа” гэсэн учир нь vл ойлгогдох “ухаантай” vгэнд би хууртаад л явсан байж таарах нь ээ. Сvvлд Гочоо тэр vгний гаргалгааг “Мал гаталсан усаар туучиж яваа юм шиг зураг битгий зур” гэж ойлгосон. Єєрєєр хэлвэл хvн дуурайж битгий зур гэсэн vг гэж. Гэхдээ энэ vгийг надад буруу ойлгуулах гэж тэгж дутуу хэлсэн байж болох. Тэгвэл надад vнэхээр байгалиас єгсєн жаахан юм байсныг нь Умбаа гуай мэдрээд нухчин дарж чадахгvй болохоороо хэдэн жил хориглон барьжээ дээ гэж Гочоо сая л нэг юм ойлгосон юм. Гочоо ч юу байхав дээ Тунгаа л тvvнд ойлгуулсан. Vvнээс хойш Гочоогийн зураг эрээнтэй бараантай, гэрэлтэй сvvдэртэй vнэхээр амьд зураг болж эхэлсэн дээ. Тvvнийг аль ч vеийн зураачид хvлээн зєвшєєрч эхлэв. Нэр алдар гэдэг ч хvссэн хvсээгvй нэг мєсєн лав дарж авлаа. Харин энэ бvгдийг дагаад тvvнд нэгэн vл мэдэгдэх сэрэл тєрж эхэлсэн нь “Энэ єндєрлєгєєс унах вий” гэсэн айдас байсан юм. Энэ зовнил єндєрт гарсан л бол сайн, муу ялгалгvй хvн болгонд ирдэг бололтой. Дайллага цайллага гээд уух шалтгаан урдынхаасаа их боллоо. Vvнтэй зэрэгцээд Тунгаагийн vглэж дуулах нь ихсэв. Суугаагvй байж ингэж байгаа юм чинь суучихвал бvр дєнгєлєх санаатайдаг шvv. Угаасаа идэж уудаг байсан хvнтэй дотносчихоод одоо ингэж vгэлж дуулах нь зохимжгvй мэт Гочоод санагдана. Тэгээд ч ер нь нэгэнт архинд дурласан хvн бол ямар ч vед, шартсан, шаналсан, євдсєн хавдсан, хагацсан гээд бvр ямар ч vед шvv тэд хэзээ ч архийг vнэн голоосоо буруутгаж боддоггvйг энэ хvvхнvvд мэддэггvй юм байхдаа гэж Гочоо бодож суудагсан.

Тунгаа тэссэнгvй ээ. Тvvнийг энэ замаа алдсан найр наадам, наргиан цэнгээн, нэр хvнд дундаасаа гарч ирэхгvй юм байна гэдгийг ойлгосон байх. Тэр нэг л єглєє сэрэхэд нь Гочоогоос явчихсан байсан. Уг нь хvнд дасаж хайрлаж сvйд болж яваагvй Гочоо Тунгаад л овоо дассан байж. Сэтгэлд нь євчин болтлоо шингэн хоногшсон тэр орос хvvхнийг магадгvй Тунгаа л нэг тийш нь болгох байсан байж магад. Гэтэл тэр явчихсан байлаа.

Бодолдоо болсон уу эсвэл уусан архи нь тархинд нь гарч ухаан санааны тэнцвэрийг алдагдуулж эхэлсэн vv Гочоогийн сэтгэл vймэрсээр байв.

– Тунгаа надаас нэг л єглєє явчихсан юм даа гэж шивнээд салганасан гараараа дахин тамхи авах гэсэн боловч дуусжээ. Гочоо хайрцагийг хэмх базан хана руу шидлээ.
– Новш, новш . . . гэж амандаа хараана. Тамхи дууссандаа гол нь биш зvгээр л анх орж ирэхдээ л сэтгэлийг дарж байсан зvйлс стакан стаканаар уусны дараа хєвсєлзєн гарч ирж байгаа бололтой. “Муу хєгшин Умбаа намайг бvтэн зургаан жил дороо байлгасан. Тунгаа байгаагvй бол єшєє хэдэн ч жил байлгах байсан юм билээ” гэж бодолдоо уурсана. Тэгсэнээ

– Гэтэл одоо энэ муу Булгаа бас . . . гэснээ vгээ гvйцээлгvй хэсэг байзналаа. Хором мєч єнгєрєх тусам тархи нь уусандаа мансуурч байгаа бололтой. Тэрээр хvчлэн бодно. “Єнєєдрийн уух шалтаг, уурлахын шалтгаан энэ Булгаагаас болсон. Муу новш найз ч юм шиг, нохой ч юм шиг єрєєгєєр шиншлээд явдаг юм” гэж бодоод шилний ёроолд vлдсэн архийг шилэн аяганд юvлэхдээ хvчтэй хийснээс болж гадуур нь цалгиулав. Гочоо сандран ширээн дээрхи багахан цалгиадсанд ядам хуруугаа дvрэн духандаа хvргэж бас тааз єєд няслах нь асгасандаа эмзэглэж байгаа бололтой ихэд хvндэтгэл vзvvлнэ.

Энэ удаа архи хєндлєн зураасанд арай хvрсэнгvй. Цалгиснаас болсон байх. Шилээ ширээн дээр тавих гэснээ хоосон тул шалан дээр тавихдаа хєндєлдvvлэн унагав. Лонх модон шалан дээгvvр тvрр тvрр хийн єнхєрсєнєє ширээний єрєєсєн хєлєнд торон зогслоо.

Єнєєдєр Булгаагийн vзэсгэлэн тавигдсан юм. Яахав дээ байдаг л зурагнууд. Булгаад байгалиас єгсєн жаахан юм байдаг ч намайг гvйцнэ гэж юу байхав дээ.
Гэтэл! . . . Гэтэл яасан гээч. Тэнд нэг зураг байна аа. Тэр vнэхээр зураг юмаа.
– Муу Булгаа тэрийг зурсан гэхээр дотор арзаганаад болохгvй юм даа гэж хэлэхдээ тvvний царай минчийн улайж байлаа. Осолдохгvй єрєєндєє ганцаараа байгаа тулдаа л тэрээр биеэ барилгvйгээр аашилж байв.
Гочоо зурагнуудыг vзжээ явтал тэр зураг байсан хэрэг. Бас л гол ус, гоё хvvхэн. Гэхдээ “Хvнд нулимс” нэртэй тэр зургийг Булгаа шал ондоо єнцгєєс харж зуржээ. Голын эрэг дээр нэгэн сайхан эмэгтэй суух агаад тvvнийг гаднаас нь хэн ч харсан дутуу юмгvй жаргаж л яваа хvvхэн гэмээр. Тvvнийг усан доороос харж байгаагаар зурсан байв. Бас л сонин шийдэл. Харин урсгал ус руу буюу vзэгчид рvv харж буй тvvний борголхон нvдний гуниг сvvмэлзсэн харцанд тvм тvмэн зовлонг vvрч, тэсэж яваа бvсгvйн сэтгэлийн дарамт харагдана. Яа! яа! яаж тэгж гаргаа вэ? Бvсгvйн нvднээс ганцхан дусал нулимс унах бєгєєд тэр нулимс их устай голын ширvvн урсгалыг дагалгvй яг л хvнд чулуу голруу эгц доошоо унаж буй мэт дvрсэлжээ. Vvнийг харж зогссон Гочоогийн завьж нь татвагнан, хамар нь сартаганаж, нvднийх нь ухархай ухаарч ягааран, ус цийлэгнэн дvvрч эхлэв. Хажуугаас нь харвал тэр зургийг vзээд уярсандаа уйлах гэж байна уу даа гэмээр. Гэвч vнэн хэрэгтээ Гочоогийн хувьд яагаад ч юм єєрт ялагдал нvvрлэн ирж байх шиг санагдан хор шар нь буцлах шиг болж байв. Хэзээ ч ойшоож байгаагvй Булгаадаа атаархаж байгаагийн илрэл байлаа. Яг л энэ мєчид хэдэн жилийн ємнє єєрийнх нь зурсан зурагны ємнє зогсож байсан Умбаа зураачийг Гочоо саналаа. Тэр тэгэхэд уурлаж байсан нь vнэн байжээ. Сонин юм шvv. Хvн нэг л єдєр ялагдалын совинд ороолгуулан зогсоход хажуугаар нь хэн ч биш байсан юмнууд ялалтын марш хангинуулан єнгєрдєг. Энэ єрсєлдєєнт хорвоогийн жам юм байхаа даа.

Тэгсэнээ Гочоо биеэ барьж “За за энэ ганцхан л зураг шvv дээ” гэж єєрийгєє тайтгаруулахыг оролдоно. Гэвч уран бvтээлч хvн ганцхан бvтээлээс дєрєєлєн босож, тvvнээсээ улбаалан улам ихийг хийж бvтээх нь байдаг байхад мєн ганцхан бvтээлээрээ насан vvрд цоллуулах нь ч бий. Vvнд ганц зураач ч хамаарахгvй юм.

Гочоо аягатайгаа аван амруугаа удаан гэгч нь явууллаа. Тvvний нvд дуниартан, гар нь салгалж, зvрх базлана. Тэрээр зугуухан залгилж эхэллээ. Тэр хамаг л хvсэл мєрєєдєл, сайн сайхнаа ууж байх шиг санагдана. Аяганы ирмэг даган хоёр завжаар нь юу юугvй архи урсаад ирэхэд тэр яаран арчив. Аягаа ширээний ирмэг дээр арай гэж тавиад хойшоо гэдийлээ. “За яахав Булгаа чи муу тэгж л бай. Чам шиг юмыг хэн зураач гэх юм бэ. Гайгvй ээ би нэг л зураг зурна гэж шvлсээ vсчvvлэн, долоовор хуруугаа гозойлгон нvvрэндээ барьж, єрєєсєн нvдээ анивчсанаа

– Тэгэхэд л та нар шиг муусайн юмнууд нам шvv дээ. Чёрт гэж. Тvvний дараа та нар бvгд надруу шавах болно. Муусайн Тунгаанууд мянга мянгаараа шавна даа гэж єєрийн ухаангvй бувтнаад цамцных нь хоолойноос зулгаан амьсгаа авсанаа

– Тунгаа хvvхэн надаас зайлж, Булгаа дурак од болж миний дээр гялтаганах цаг болсон юм биз дээ. Гайгvй ч хэвтэнээ. Умбаа євгєн чи ч намайг мєн ч их хорьж дээ. Ха ха мундаг байна шvv. Зургаан жил намайг мангартуулдаг. Би тэгэхэд Булгааг гурван жил болгоод алдлаа даа гэж амандаа vглэн толгойгоо санжуулан буйдан дээр хэсэг чимээгvй суулаа. Єрєєсєн гараараа духаа тvшин доош харан хэсэг суутал амнаас нь шvлс сунжран урсав. Тэрээр амаа хальтхан арчаад гуйваж дайван босоод хаалга руу явлаа.

– Би тvvнд ойлгуулж єгнєє гэж ямарч утгагvй юм vгэлсэнээ хаалгаа онгойлгож чадсангvй
– Муу новш одоо бvр хаалгаа онгойлгохоо больжээ чи. Их зантай болж. Чи муу хэзээ ийм байсан юм бэ гэж єрєєгєєр нэг хашгирав. Хариу алга. Тэрээр буцаж салгалж ирээд уначихгvйн тулд ширээ тvшин
– Тунгаа, Тунгаа гэж дуудсанаа зурж буй Тунгаагийн зураг руу харж

– Чи ч гэсэн дуугарахгvй юv . . . айн. . . гээд тvшиж зогссон ширээгээ єрєєсєн талаас нь єргєж шидэхдээ єєрєє хvчиндээ арагшаа саван буйдан дээр уналаа. Ширээн дээр байсан юмс бvгд цацагдав. Хэсэг хар будаг бvсгvйн зурагны нvvрэн дээр тусаж хар зам татуулан урслаа. Зузаан шилэн аяга шалан дээр тvг хийн унаснаа шувтан талруугаа гортиглон нэг эргээд сvvлдээ байран дээрээ хэсэг займчаад зогслоо. Аяганы ирмэг дээр ганц дусал архи гомдлын нулимс шvvрэх шиг цэхэлзэнэ. Vнэхээр бєх аяга бололтой.

Гочоо буйдан дээр унасан чигтээ ухаангvй тарвайна. Амнаас нь шvлс бололтой тунгалаг шингэн сунжиралдан сахалтай нь ороолдон унжина. Хавтгай хар малгай нь аль хэдийн тоосонд ороогдон хэвтэх нь хэзээ ч юм босож ирэх эзнээ хvлээх мэт. Гоё Гочоо тасарчээ…

Т.Бум-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих