УИХ-д “данх” сонгосон бол данх л авна
Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацааныхаа талаас илүүг эдэлчихээд байна. Ээлжит намрын чуулган нээх гэж буй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажилласан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Монгол улс ардчилсан сонгууль хийдэг болсон 26 жилийн өмнөөс л гишүүд тойрогтоо ажиллах сайн дурын үүргээ биелүүлж ирсэн учир энэ бол мэдээ шинэ биш.
Гэхдээ тойрогтоо ажиллах гишүүдийн зорилго төөрсөн үү, төгөлдөржсөн үү гэдгийн аль нь бүү мэд. Анх хавар, намрын чуулганы завсарлагаанаар зөвхөн УИХ-аас баталсан хууль тогтоолыг танилцуулах байдлаар тойрогтоо ажиллах нь тэдний үүрэг байсан бол цаг хугацааны улирах тусам энэ байдал нь өөрчлөгдсөөр байна. Сонгогдсон аймаг, сум руугаа батлуулж чадсан хөрөнгө оруулалт, төсөв мөнгөө очиж танилцуулах, өөрийн санаачилсан, ажлын хэсэгт нь багтсан хуулийн төслийг голлон ярьдаг болов.
Тэгснээ зам тавих, сургууль барих Засгийн газрын сайд, цэцэрлэгийн дээврийн будаг, сумын клубын хөгжим, эмнэлгийн багаж хэрэгсэл тараах нярав болтлоо хувирчихдаг.Ийн хийсэн ажлаа тайлагнаж, жилдээ нэг, хоёр удаа сонин сэтгүүл, зурхай тараадаг байсан бол одоо шууд өмд гутал, түмпэн шанага, гурил будаа руу унажээ. Гэхдээ энд Баянхонгороос сонгогдсон М.Билэгт гишүүний өгсөн Орос бакал, “Эрдэнэт” хивс эсвэл Архангайн Г.Тэмүүлэнгийн цагаан шанага, данхны талаар ярих гэсэнгүй. Данх Билэгт, шанага Тэмүүлэн гэж нэр хоч өгөх, тэдний тэнэг, мангарыг нь гайхах ч хэрэггүй. Харин ч 20 гаруй жилийн тэртээгээс бэлэг сэлтээр сонгогдсоор, өдгөө туршлагатай парламентч болсон ах нарынхаа замаар явж буй М.Билэгт, Г.Тэмүүлэн нарыг эвэртэй туулай, чивтэй чавганц үзсэн мэтээр муулах нь утгаггүй юм. Түүний оронд хууль танилцуулъя гэхээр ирдэггүй, түмпэн шанага өгч, азын сугалаа татуулъя гэхээр цугладаг сонгогчдын талаар ярих цаг бол аль хэдийнэ болсон.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэд сугалаатай, бэлэгтэй зарын дагуу уулзалтад очиж, азтанууд хонжвороо авсныг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” л болжээ. Ёстой нөгөө “Хүртэх ёстойгоо хүртсэн байна” гэдэг чинь энэ. Угаасаа УИХ-ын сонгууль, эсвэл гишүүдийн уулзалт гэдэг бөөн хүлээлт. Мөнгө өгөх нь үү гээд л харуулдана. Ядаж өргөмжлөл авчих гээд л. Ямар нэг юм өгөхгүй бол хүлээж авахгүй, зарласан хуралд нь ч очихгүй. Харин үнэгүй юм өгье гэхээр үхрийн баас ч байсан хамаагүй булаацалдаад авдаг сонгогчид тэнэг, тэрийг нь мэддэг М.Билэгт, Г.Тэмүүлэн нар ухаантай юм гэж хэлэхээр болжээ. УИХ-д “данх” гаргасан юм чинь данх л авч таарна биз дээ? Тэгвэл УИХ-д ямар хүмүүсийг хэн томилдог вэ. Махан бодитой, усан нүдтэй, бусдын л адил хүн сонгогдоно. Өндөр боловсрол, мэдлэг чадвартай, ухаантай хүн байх ёстой л байх. Гэхдээ аль ч улсын парламент тэр чигээрээ ухаантнуудаар бүрдсэн нь нэг ч үгүй юм. УИХ-ын гишүүн гэхээрээ ухаантай байх ч албагүй.
Буруу хүнийг гаргахгүй байх сонголт хийж чаддаг болох талаар одоо ярьж эхэлцгээе
Тойргийнхоо сонгогчдын олонхийн саналаар парламентын босгыг давсан байх ганц л шалгуур бий. Харин тэр тойргийн сонгогчид нь тэнэг хүнийг сонгох уу, ухаантай хүнд саналаа өгөх үү гэдгээ бодох ёстой. Тэр тусмаа мажоритар тогтолцоо буюу жижиг тойрогтой, жалга довоосоо төлөөллөө сонгож буй манай орны хувьд парламент гэдэг ард түмний л толин тусгал. Түүнээс биш 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн хэн ч УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхтэй нийгэмд бид амьдарч буй. Хэрэв түмпэн, шанага тараасан гишүүн тэнэг гэж байгаа бол өөрийгөө толинд харчихаад л тэгж байна гэсэн үг биш гэж үү. Монгол улсын боловсролын систем сайн биш, иргэд сонгогчдын эдийн засгийн чадвар сул, мэдээллийн үнэн худлыг шүүх боломжгүй гээд олон шалтгаан ард түмнийг ийм сонголт хийхэд хүргэдэг гэж цайруулж болох юм.
Гэхдээ энэ байдалтай эвлэрч, ийм хүмүүсийг төрийн толгойд гаргасаар байвал хүн амын гуравны нэгийг ядуу байлгаж буй улс төрч, бодлого тодорхойлогчид улам л даварна. Ард түмэн ядуу, мэдээлэлгүй, боловсролгүй байж, гутал хувцас, гурил будаагаар сонголтоо хийдэг байх нь улс төрд шинэ хүн нэр дэвшлээ ч танигдах, сонгогдох тогтолцоо муу манай улсын төрийн эрхийг ээлж дараалан барьж буй МАН, АН /МАН+АН/-д л ашигтай. Тэгвэл сонгогчдын боловсролыг хэн, хэрхэн дээшлүүлэх вэ? төрд гарсан бүх хүн “МАНАН”-д төөрчихөөгүй гэдэгт итгэнэ.
Харин нийгмийг сэхээрүүлэх, чиглүүлэх, удирдах үүргээ умартаагүй тэр хэсэг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэхээтнүүд бодлогоор иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх ёстой гэж улс төр судлаачид хэлж байна. МУБИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч М.Мөнхцэцэг энэ талаар “Улс төрийн тогтолцоо маань ардчилсан институц рүү шилжсэн ч иргэд нь ардчилалд бүрэн шилжээгүй байна. Тиймээс манай Засгийн газар иргэдийнхээ улс төрийн боловсролд гойд анхаарч, хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй.
ХБНГУ гэхэд дэлхийн хоёр ч дайны буруутан болсны хувьд, ахиж дарангуй дэглэм гаргахгүйн үүднээс ард иргэдийнхээ улс төрийн боловсролд хэдэн арван жилийг зарцуулсан, маш их хөрөнгө өнөөдөр ч тасралтгүй зориулсаар байдаг. 1945 оноос хойш 30 жилийн турш Герман улс хүүхдээ буу болон цэргийн машин, техникийг дуурайлган хийсэн тоглоомоор тоглуулдаггүй байсан” хэмээн иргэд, сонгогчдын улс төрийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Тэгэхээр нэр дэвшигчдийг боловсролтой, туршлагатай, эх оронч, хүнлэг эсэхийг шүүхээсээ өмнө сонгогчид өөрсдөө буруу хүнийг гаргахгүй байх сонголт хийж чаддаг болох талаар одоо ярьж эхэлцгээе. Тэгэхгүй бол хуйвалддаг, сонгогчдын эрх ашгийг худалддаг, “ёс зүйтэй” хүмүүсийг сонгосоор л байна. Зөв хүн л зөв хууль батална. Харин буруу хүн бол хуулийн хамгаалалт дор хулгай хийнэ. Хулгайлснаасаа багахныг нь түмпэн шанага, гурил будаа болгож ард түмэнд тараана.
https://news.caak.mn/view/8277587/
URL: