AH айлын халаасны өрөөнөөс гарах нь ээ
УИХ-ын өнгөрсөн 2008 оны сонгуулийн үр дүнд өнөөдрийн хамтарсан гэгддэг “стандарт бус” Засгийн газар байгуулагдсан. Тэр үеийн МАХН сонгуулиар олонхи болж харин АН цөөнх болсон юм. Дэлхийн жишгээр бол олонхи болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, цөөнх болсон нь сөрөг хүчин болж ажилладаг. Гэтэл МАХН дангаараа Засгийн газраа байгуулаагүй АН-тай хамтарсан юм. УИХ ийнхүү сөрөг хүчингүй хяналтгүй болсон. Ингэж л дөрвөн жилийн нүүр үзэж дараагийн сонгуультай золгочихоод байна. Сөрөг хүчингүй байна гэдэг нь нэгэндээ хяналт тавьж чадахгүй, хэн хэндээ найр тавих эрх чөлөөг намуудад олгодог. Энэ нь хариуцлагагүй байдлыг төрд авчирдаг хэмээн улс төр судлаачид үздэг.
АН хөдөөнөөс ирсэн оюутан шиг МАН гэдэг айлын халаасны өрөөнд аж төрж байгаа. АН хэрвээ сөрөг хүчин болоод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан бол илүү үр дүнтэй байхсан гэх хожимдсон харамсал ярьж суугаа зарим нэг судлаачид ч байх юм. Тэр үед АН 28 суудалтай ҮЗХ хуралдаж, Засгийн газарт орох, эс орох тухай хэлэлцэж байсан. МАХН-ын дарга байсан С.Баяр Засгийн газарт орох талаархи саналыг цөөнхид тавьсан юм. АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газарт эвсэх нь зүйтэй гэсэн саналыг Үндэсний зөвлөлдөх хороонд дэвшүүлсэн нь дэмжигдэж, улмаар АН-ын суудлыг Шадар сайдын суудалтай хамт авсан билээ.
280 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд хоёр намын эвслийн үр дүнд байгуулагдах хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байх үеэр АН-ын доторхи Ардчилсан хүчний холбооны тэргүүлэгч З.Энхболд “Хэрвээ манай нам Засгийн газрыг хамтран байгуулбал МАХН гэдэг айлын хармааны өрөөнд орох нь ээ. Энэ бол буруу” хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа ил тод илэрхийлж байсан боловч үр дүнд хүрээгүй.
Өнгөрсөн дөрвөн жилийн турш АН жинхэнэ утгаар сөрөг хүчин байлаа даа гэж бардам хэлэх биш харин халаасны өрөөний томоотой оршин суугч шиг байлаа гэх ичгэвтэр нэр зүүгээд байна. Хэдийгээр АН Засгийн газарт орсноор мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой болсон ч сөрөг хүчингүй төртэй болсон нь нийгэмд илүү ихэрсдэл авчирсан. Өнөөдөр яригдаж байгаа Оюутолгойн гэрээ, багш нарын ажил хаялт, монголчуудад ахадсан төсөв, долдугаар сарын 1-ний хүний амь эрсэдсэн асуудал шийдэгдээгүй байгаа нь төрд ямар нэгэн сөрөг хүчингүй байсны хар гай юм.
Гэхдээ энэ гайг төр үүрэхгүй. Нийгмийн олонхи болсон сонгогчид л ард түмэн үүрч байна. Хяналтгүй төр дураараа авирласны үр дүнд сурагчид хичээлдээ шамдах биш РС-д донтож, Таван толгойн хувьцаа ариун цэврийн цаасны хэмжээнд үнэлэгдэж байна. Хяналтгүй төрийн үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувь нь дарга, албан тушаалтнуудад хангамж болон хувирч үлдсэн хэсэг нь олон нийтэд талхны үртэс болон очно. УИХ-ын 1992, 2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй олонхи болоход ард түмэнд сөрөг хүчингүй нийгэм ямар гай тотгор авчирдаг гэдгийг жинхэнэ мэдрүүлсэн.
Тиймээс УИХ-ын 2004 оны сонгуулиас хойш монголчууд тэнцвэртэй сонгууль хийж ирсэн. Сөрөг хүчинтэй ч байхыг сонгуулиар баталгаажуулж өгсөн билээ. Энэ нь ч өнгөрсөн 2008 оны сонгуулийн дүн юм. Харамсалтай нь АН энэ сонголтыг хүндэтгээгүйгээр барахгүй МАХН-д таван сайдын суудлаар өөрсдийгөө худалдсан. Тэд үүнийхээ хариуцлагыг ирэх сонгуулиар хүлээх магадлал тун өндөр байна. Гэхдээ одоохондоо АН-аас өөр бодит сөрөг хүчин байхгүйг сонгогчид хүлээн зөвшөөрч байна.
Хэрэв яг өнөөдрөөс АН алдаагаа засч чадвал ард түмэн тэдэнд уучлал үзүүлэх магадлал өндөр юм. Улмаар засгийн эрхийг атгуулах ч боломжтой. Ингэхийн тулд АН санал авсан сонгогчиддоо мэхийн бөхийж уучлал гуйх учиртай. Мөн өнгөрсөн хугацаанд төрийг хяналтгүй болгож түмнийг зовоосныхоо төлөө сайдын таван суудлаа үг дуугүй буцаан өгч, гоё нэртэй муухай төрийн байгуулсан эвслийн Засгийн газраас үтэр түргэн гарах нь зүйтэй ч байж болох. Гэвч АН-ын удирдлагад энэ бүгдийг зориглон хийх хүсэл эрмэлзлэл харагдахгүй байна.
Харин АН доторх фракц, гишүүд, дэмжигчид намын удирдлагаас илүүтэйгээр улс орон, намын ирээдүйн хувь заяанд санаа зовниж, оройтсон ч сонгогчдынхоо өмнө алдаагаа засч, хариуцлага хүлээх алхам түрүүчээсээ хийж эхэллээ. Үүний тод жишээ бол АН дахь МоАХ-ны фракцын тэргүүн Х.Баттулга үнэтэй сайдын суудлыг үл хайхран Засгийн газар болон АН-ын алдаа оноог шүүх “амиа золиосолсон” алхам хийв. Өмнө нь улсын баатар Э. Бат-Үүл ч энэхүү саналыг дэвшүүлж байсан боловч намын толгой хэмээх ҮЗХ дэх гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй юм.
Сонирхолтой нь өчигдрийг бодвол өнөөдөр улс орон сөрөг хүчинтэй байх ёстой ч хамтарсан Засгийн газрыг парламентын хэт олонхиос байгуулж болохгүйг бүгд л ойлгодог. Гэтэл АН-ын удирдлага болон ҮЗХ-д олонхи болсон тэдний тойрон хүрээлэгчид үл ойлгосон дүр эегэсээр өдийг хүргэлээ. Гэхдээ энэ бүхнийг ойлгоогүй биш . Ойлгохын дээдээр ойлгож байгаа. Зөвхөн тэдний нам, төрөө, ард түмнээ бус өөрсдийн өчүүхэн эрх ашгаа боддог араншин нь Засгийн газраас гарах шийдвэрийг эсэргүүцэж байна. Хэрэв АН ирэх сонгуульд орох нь үнэн бол маргааш биш өнөөдөр Засгийн газраас гарах нь тэдний улс төрийн тавцанд үлдэх цорын ганц зөв алхам болно.
Ардчилсан намын удирдлага энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал эхний ээлжинд нам төрийн албан тушаалаасаа ч зайлуулагдана. АН-ын дарга Н.Алтанхуяг өмнө нь Монголын Социал-Демократнамыг устгасан шигээ АН-ыг устгах болно. Гэхдээ энэ бүхнийг сонгогчид, тус намын гишүүд хүлээн зввшөөрөхгүй. Тиймээс АН МАН-ын халаасны өрөөнөөс гарахаас өөр аргагүй юм. Тэд өөрсдөө гарахгүй бол МАН тэднийг хөөж гаргана.
Б.Нэргүй
niislel times
URL: