МАТААСЧИД МОНГОЛЫГ СӨНӨӨХ НЬ

b2ad54d994582b51265ec758c9b19b1cДэлхийн удирдагчид дотор хамгийн олон талын эх сурвалжтай улстөрч бол Барак Обама байсан гэж судлаачид үздэг. Жижиг түвшний шийдвэр гаргахдаа хүртэл дор хаяж 30 зөвлөхийн санаа бодлыг сонсч, судалгааг хардаг байсан хэмээн Хонгконг дахь Бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч дүгнэжээ. Мөн Путин, Си Жиньпин хоёр шиг олон эх сурвалжтай удирдагчид байхгүй гэж тус хүрээлэн бас үзсэн байна. Ялангуяа авлигын эсрэг Си Жиньпин асар их судалгаа, тайлан, маш олон зөвлөхийн санаа бодолд тулгуурлаж кампанит ажил өрнүүлсэн гэжээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс орны хувь заяа, иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргаж буй удирдагч хүн олон эх сурвалжтай байж гэмээнэ алдаа бага гаргадаг гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ямарч хүн мэдээлэл дамжуулахдаа өөрт ашигтайгаар дамжуулдаг. Энэ нь хувь хүний өөрийнх нь үзэл бодол шахуу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд л шийдвэр гаргагчид маш олон эх сурвалжтай, тооцоо судалгаатай байдаг байна.

Хачин сонсогдож мэдэх жишээ зүйрлэл дурдъя л даа. Өнөөдөр Монголын төр засаг “Хүүхнүүдийн дэлгүүр хэсдэг философи”-оор ажиллах ёстой. 500 мянган төгрөгийн цалингаа ар гэр, амьдрал ахуй, өөртөө хэрхэн үр дүнтэй хүргэх вэ гэсэн асар том ухаан дэлгүүр хэсэн гунхаж яваа хүүхнүүдээс нэвт ханхалдаг. Нэг барааг хэдэнтэй эргүүлж тойруулан үзэж, үнийг нь мянгантаа асууж, хийж байхаа олж ядсан юм шиг лангуу бүрээр орж сонжин… ээ бурхан минь, эр нөхөр биднийг залхаан цээрлүүлдэг билээ. Дэлгүүр доторх буфетэд шалавхан орж кофе ууж эхнэрээ хүлээх минь. Эсвэл дэлгүүрийн зааланд байх буйдан дээр сууж бүсгүйчүүдийг хулгайн нүдээр шинжин сонжин эхнэрээ хүлээж суух минь. Энэ бол эрчүүд бидний дэлгүүр доторх дүр төрх, хандлага. Ингэхгүй гэхэд хамгийн эхний лангуунаас харснаа аваад дэлгүүрээс гарна. Харин дэлгүүр хэсэж яваа эхнэрээсээ хүнтэй хэрхэн харьцах, уян хатан чанар, ойлголцол, юмны үнэ цэнийг мэдэрдэг мэдрэмж, юмханаар юм хийдэг ур чадвар, мяндсан ухаан үнэртэж байдгийг эрчүүд төдийлөн анзаардаггүй. Дэлгүүр хэсэн намжирдах эхнэр хүний тэр хандлага дотор л олсноо хэрхэн хүргэх, олж байгаагаасаа хэдийг хурааж хуримтлуулах, өрхийн эдийн засгаа хэрхэн тэлэх бодлого явж байдгийг гэр бүл судлаачид бичээд байна. Төр засаг гэдэг нь яг л энэ эхнэр хүний ухаанаар төсвөө, олсон жаахан орлогоо ард түмнийхээ амьдрал, нийгмийн асуудалд хэрхэн үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх, хуримтлал бий болгох, Норвегийн сан бүрдүүлэх, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх… гэхчлэн олон асуудлаа шийддэг байна.

Гэтэл манай төрийн өндөрлөгүүд гурван сая хүний амьдралыг шийдэхдээ хэн ч мэдэхгүй нэг дуракийн үгээр шийдвэр гаргаж байна. Хэнтэй ч ойлголцохыг хүсэхгүй байна. Ажил амьдрал, мэдлэг боловсролын асар их нөөцтэй хүмүүсийнхээ үгийг сонсохыг ч хүсдэггүй. Обама, Путин, Си Жиньпин шиг олон эх сурвалжид дүгнэлт хийж шийдвэр гаргадаггүй. Шулуухан хэлэхэд зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй нэг нөхрийн ховын үгээр төрийн ажлыг явуулж ирлээ. Үр дүн нь өнөөдөр Монголын төрд буй хүмүүсийн байгаа царай. Хамгийн эмгэнэлтэй нь төр маань, шийдвэр гаргагчид маань ховыг ажил гээд бодчихсон, матаасыг маш их мэдээлэл гээд ойлгочихсон сөнөж явна.

Дээрээ тийм болохоор төрийн бүх шатанд, төрд ажиллаж буй бүх хүн ховоор ажиллаж, амьдрахаас өөр арга замгүй болжээ. Төрийн бүтэц нь ийм болохоор нийгмийг хамарсан шинжтэй болж байна. Одоо сургууль, цэцэрлэг эхлэх гэж байна. Хэрэвзээ хов матаас нийгмийн тахал болчихоогүй байсан бол энэ намар дор хаяж 100 орчим сургууль, цэцэрлэг шинээр үүдээ нээх байлаа. Гэвч тендерийн хуулинд 14 хоногийн дотор өрсөлдөгч компани нь гомдол гаргах эрхтэй гэсэн заалтаас болж шинээр баригдах байсан сургууль, цэцэрлэгийн барилгын тендер бүр дээр гомдол гарч бүх ажил зогсов. Хов матаасыг шалгах ажил зуны гурван сарын турш явагдав. Нийслэлд гэхэд ердөө таван цэцэрлэг, сургууль үүдээ нээж бусад нь царцав. Монголын түүхэнд анх удаа бүхэл бүтэн сум сургуульгүй болж хүүхдүүдээ зэргэлдээ сумын сургууль руугаа явуулж байна. Энэ бол Булган аймгийн Бугат сум. Учир нь өнөөх л өрсөлдөгч компанийнхаа матаасаас болж ялсан компани нь сургуулиа барьж чадсангүй.

Нийтээрээ ховч, матаасчин, нэгнийхээ мууг үзэх гэсэн өөдгүй болсны үр дүн энэ юм. Хамгийн харамсалтай нь сургуульгүй болсон хэдэн мянган хүүхэд, хэдэн зуун эцэг, эхийн шаналан зовлон байна.

Монголын нийгэм дэх хов, матаас нь хоёр янз байна. Ахуйн хүрээнд, хуулийн хүрээнд гэж. Ахуйн хүрээн дэх матаасыг айл гэрийн асуудал, хувь хүний зан араншин гээд орхиё, цаашаа. Хуулийн хүрээнд хийгдэж буй ёозгүй, хүний ёсноос гадуурх матаасыг л эхний удаад эмхэлж цэгцэлж, төрийг ёс зүйтэй болгоё. Шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж хэлэхэд зөвлөх нэртэй хүн чинь баталгаа нотолгоогүй зүйл яриад ороод ирвэл ядаж өөр шугамаар үнэн худлыг нь магадлаад сурчихаач. Эхэнд бичсэн дэлхийн томчуудын олон эх сурвалжтай гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Улс орны хэмжээний шийдвэр гаргахын тулд олон талын судалгаа, тооцоо, мэдээлэл, зөвлөгөө, хов жив, матаас хэрэгтэй байх нь дамжиггүй. Дэлхийн бүх удирдагчдын замнал тийм байгаа. Ганцхан “хар муур” мөн үү, биш үү гэдгийг л шийдвэр гаргагчид маань нягтлаад сурчих хэрэгтэй юм. Ингээд л болоо.

Хэдхэн хоногийн өмнө төрийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэргийн учир начрыг хоёр талын ар гэрийнхэн нь одоо л там тум гадарлаж эхэлцгээж байгаа дуулдана. Ижил түвшний эрх мэдэлтэй энэ хоёр залуугийн дунд ойр тойронд нь байсан нэг нөхөр “хар муур”-ыг тултал гүйлгэсэн нь эцэстээ ийм байдалд хүргэсэн бололтой. Хоёр залуу даргын хэн нь ч “хар муур”-ыг магадалсангүй. Нэг л хүний үгээр хоорондоо дайсан болцгоожээ. Түмэнгэрэл, Бадраа нарын дунд Г гэгч хоёулантай нь ойр байсан төрийн нэг түшмэл ямар айхавтар “хар муур” гүйлгэж байсныг мэдэх хүмүүс нь одоо ч мэднэ. Одоо Г гэгч нь явж л байдаг. Өнөө хоёр нь харин алга даа. Арав гаруй жилийн өмнөх тэр эмгэнэлт явдал энэ удаад давтагдлаа. “Хар муур” харин хашаан дээрээ “Өөр хэнийг вэ” гээд өнөөдөр гэмгүй царайлан сууж байна. Энэ л Монголын төрийн энэ цаг үеийн эмгэнэл болоод байна.

УИХ-ын гишүүд нь хэн нэгний хов матаасыг шууд хүлээж авдаг, ямарч баталгаагүй тэр мэдээллийг төрийн нэрийн өмнөөс шууд нийгэмд дамжуулдаг хариуцлагагүй байдал өнөөдөр газар авсаар байна.Яг үнэндээ ямар ч баталгаагүй мэдээллээр, бүр нарийндаа хов матааснаас болж өнөөдөр Монголын эдийн засгийг өндөр түвшинд гаргах байсан Оюу толгой гацлаа. Төмөр замыг зогсоолоо. Нефтийн үйлдвэрийн ашиг тус лөөлөө боллоо. Цахилгаан станцууд үлгэр хэвээрээ. УИХ-ын гишүүд нь амандаа орсноо бурдаг, төрийн гурван өндөрлөг нь хов матаасаар шийдвэр гаргадаг, төрд ховын ийм тогтолцоо нэгэнт бүрдчихээр доошоо юу болох вэ. Иргэн Та ядаж хэн нэгэн таныг муулж байна гэвэл тэр хүн рүүгээ шууд залгаад “Чи намайг тэгээ юу” гээд асуучихдаг эр зоригтой байгаач. Энэ нь таныг ховын аюулаас хамгаална. Харин төрд бол тийм эр зоригтон байхгүй байна. Байхгүй болохоор алалцаад дуусах зам дээрээ гарчихлаа даа.

http://shuurhai.mn/n/3416


URL:

Сэтгэгдэл бичих