“М-Си-Эс Кока Кола”-тай хууль зөрчин гэрээ байгуулсан газруудад 11 саяас 1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Моннидер” компаниас ирүүлсэн гомдлын дагуу “М-Си-Эс Кока Кола”, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет” компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хоёр зөрчил илрүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ танилцууллаа.
Нэгдүгээрт, “М-Си-Эс Кока Кола” компани нь “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер” компанитай тус тусад нь худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байжээ. Уг гэрээнд “М-Си-Эс Кока Кола” өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН эрхлэгчдэд хүргүүлж, жижиглэнгийн үнийг дагаж мөрдөхөөр тохиролцсон байна.
Хоёрдугаарт, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет” компанитай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд “М-Си-Эс Кока Кола” бараа бүтээгдэхүүнээ илүү хямдаар нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан компаниудаас бусад аж ахуйн нэгж байгууллагуудад “М-Си-Эс Кока Кола”-гийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямд борлуулахгүй байх үүднээс ийнхүү гэрээ хийсэн байна.
Гэрээ байгуулснаараа дээрх компаниуд Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” хэмээн заасныг зөрчжээ.
Иймд “М-Си-Эс Кока Кола”, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер” компаниудад 11 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн торгууль ногдуулсан байна. Цаашид бусад аж ахуйн нэгжүүд мөн дээрх алдааг гаргаж, хууль зөрчихгүй байхыг ШӨХТГ-аас анхаарууллаа.
Тус газарт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл 1396 албан бичиг, 202 хүний өргөдөл гомдлыг хүлээн авсан бөгөөд 122 хэрэглэгчийн 13,753,000 төгрөгийн хохирлыг газар дээр нь барагдуулсан байна.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Энэ хүрээнд ирэх есдүгээр сарын 20, 21-нд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сэдвээр зөвлөлгөөн зохион байгуулах бөгөөд 500 гаруй төлөөлөл оролцох нь. Түүнчлэн ШӨХТГ-аас авч буй арга хэмжээг хүчтэй болгох үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа тусган Засгийн газарт өгсөн бөгөөд энэ намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх товтой байгаа талаар Б.Лхагва дарга мэдээллээ.
Unen.mn
URL: