ТАРИАНЫ БОЛЦ ЖИГД БУС БАЙГААГААС ХУРААЛТАД ХҮНДРЭЛ ГАРЧ БОЛЗОШГҮЙ
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байна. Мөн талбайн хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ сар бүхэлдээ хур тунадас ихтэй байснаас зарим нутагт тариа хэнзлэн ургаж байна. Энэ жил тариалангийн төв бүсэд долоо,наймдугаар сард хур бороо элбэг байгаагаас болж, үр тарианы болц өмнөх жилүүдтэй харьцуулбал жигд бус болж, хураалтад хүндрэл гарч болзошгүй байгаа аж.
Одоогоор Төв болон Өндөрлөг уулын бүсийн үр тарианы болц хожуу явагдаж байгаагийн дээр бусад нутагт ч болц харилцан адилгүй алаг цоог байна. Эдгээр нутгуудад тариа сүүн болцын төгсгөл шатанд явж байхад зарим нь аарцан болцондоо дөнгөж орж байгаагаас гадна тариа ерөнхийдөө өндөр, өтгөнөөс шалтгаалан болц нь оройтох магадлалтай.
Тухайлбал нэг талбайд, нэг хугацаанд тариалагдсан үр тарианы болц 40-50 хувь нь аарцан болцын эхлэл шатандаа явагдаж байгаа буюу үрийн чийг 25-30 хувь байхад 20-30 хувь нь сүүн болцын төгсгөл шатанд буюу үрийн чийг 40-50 хувь, харин 10-20 хувь нь цэцэглэлтийн үе шатандаа ч явж байгаа тариа байна. Мөн буудайн болц алаг цоог буюу тарианы болц сүүн ба аарцан болцын үе шатанд явж байхад долдугаар сарын дундуур орсон бороо дахин хэнзлэлт үүсгэж нялхруулжээ. Төвийн бүсийн эрт тариалсан талбайнууд эрт соёолсон ч тав, зургадугаар сард бороо ороогүй. Гандсан тариалан бүхий зарим газруудад долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхний арав хоногийн халуунаар тариа механик болцондоо орж, үр жижгэрэх төлөвтэй байгааг салбар яамнаас анхаарууллаа.
URL: