Хотын дарга С.Батболд “Макс”-ын Д.Ганбаатараас авлига авсан уу
Нийслэлийн Засаг дарга С.Батболд ”Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатараас авлига авсан байж болзошгүй гэх яриа газар аваад байна. Тодруулбал, Нацагдорж гэгч нэгэн хуульч хотын даргыг АТГ-т өгчээ. Ингэхдээ түүнийг Д.Ганбаатарын эзэмшилдээ аваад байсан боловч газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг нэг л өдөр ямар сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна.
Энэхүү дуулианы гол бай болоод байгаа газар нь хуучин улсын наадмын хурдан морины барианы газар буюу Яармагийн урд дэнж юм. Хан-Уул дүүргийн 5-р хороонд байрлах, 70 га хэмжээтэй энэ газрыг Д.Ганбаатар 2000 онд морин тойруулга барих зорилгоор авчээ. Харамсалтай нь газар эзэмшигч этгээд газрын төлбөрөө олон жил төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан аж.
Гэтэл хотын дарга Су.Батболд нэг л өдөр уг газрын эзэмшлийг сэргээж, 2018 оны А/726 тоот тушаалаар дээрх 70 га газраас 54,1 га-г нь “Макс”-ын Д.Ганбаатарт ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна.
Харин үлдсэн Үлдсэн 15 га газрыг тасалж, 2,2 га газрыг шадар туслах Э.Анарын нэр дээр, 2,2 га-г нь Б.Оюун-Эрдэнэ гэгчийн нэр дээр олгосон байна. Э.Анарын хувьд өдгөө 25 настай, хотын даргын шадар туслахаар ажилладаг. Түүнийг Су.Батболдын төрсөн ах Сундуйн Энхболдын хүү байж болзошгүй гэж хуульч Нацагдорж үзэж байгаа аж.
Хан-Уул дүүрэгт орших энэхүү газартай холбогдуулан авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж үзсэн хуульч Нацагдорж уг баримт, шийдвэрүүдийг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ асуудалд цаашид хэрхэхийг одоо харах л үлдээд байна.
ERENNEWS.MN
URL: