МОНГОЛД “АЗТАЙ” ХҮМҮҮС Л АМЬДАРЧ ЧАДНА
Монголд өнөөдөр хүүхдийг тээж төрүүлж болох ч өсгөж хүмүүжүүлэх, боловсрол олгожхүний дайтай явуулахад бэрх аж. Учир нь “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад таны хүүхэд сонгогдсонгүй” хэмээн хүүхдүүдийн аав, ээж рүү мессеж илгээсэн нь эмгэнэлтэй бас гутамшигтай санагдаж байв. Сугалаанд “ёндоорсон”хүүхдүүдийн эцэг, эхийн царайд баяр гийн, нүүр дүүрэн мишээл тодруулж байхад азгүй хүүхдүүдийн эцэг, эх хүүхдээ тэвэрсээр хүүхдийнхээ азгүйг дуудсаар харьцгаана.
Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 146 мянга орчим хүүхэд байгаа аж. Гэвч үүнээс 114 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж муугаас цэцэрлэгийн элсэлтийг сугалаа сугалуулж, азтайг нь сонгон элсүүлдэг байсан бол энэ жил элсэлтийг цахимаар явуулж санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг сонгосон. Өнгөрсөн жил цэцэрлэгийн сугалаандаа бүдэрсэн 44500 хоёр настнууд гэртээ үлдэж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн тоотой дүйцэхүйц тооны хүүхэд цэцэрлэггүй үлдэв. Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг гэртээ үлдэх эсвэл хувийн цэцэрлэгт орох зам л хүлээж байна. Гэвч бага орлоготой өрхүүдийн хувьд энэ нь дэндүү үнэтэй тусна.
“Бид сугалаанд хожно гэж найдаж, цэцэрлэгт ороход хэрэгтэй бүх зүйлийг нь хүүдээ базаасан байсан. Гэтэл хүүг минь сонгоогүй гэсэн зурвас гар утсаараа хүлээн авсан. Яг тэр үед хоёрхон настай хүүхдүүдийн ирээдүйг мөрийтэй тоглохтой адил хэмжээнд шийдэж буйд гайхширсан. Зарим нь бүр нэг айлын гурван хүүхэд гурвуулаа тэнцээгүй байсан” хэмээн 32 настай Г.Мөрөн хэллээ
Хэн бүхэнд аз таараад цэцэрлэг сургууль нь элбэг байдаг бол хэн ч юу ч хэлэхгүй, бас гомдлохгүй. Дайны хажууд дажин гэгчээр энэ үед цаг үед цэцэрлэг сургуулийн багш нарын бизнес хэрээс хэтэрч байна. Хичээлийн шинэ жил ойртох тусам тэд үнэд орж, хандивын ангид орвол ор. Хандив нь сая төгрөг гэж байх юм. Гэхдээ ханшийн хувьд байршлаас хамааралтай гэнэ билээ. Гэр хороолол дундах цэцэрлэгийн хандив 300-500 мянга байх жишээний. Хотын төв бол саяас дээш гэж дуулдсан.
Угтаа салбарын сайд нь хэдхэн сарын өмнө 2018 оны 09 дүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр асуудал өөрчлөгдөөгүй бахь байдгаараа л байна.
Хүүхэд багачууд эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй байлтай. Хэдийг хүртэл Монголын үрс жил, жилийн намар сугалааны хонжвор болж, цоожтой хаалганы цаана уйлж суух ёстой юм бэ. Хэдий болтол цэцэрлэгийн насныхан хүрэлцээгүй орон тоон дээр “алалцах” ёстой юм бэ. Хэлээд өгөөч, дарга нар аа. Ингэхэд бид чинь “Эцэг эх нь НӨАТ-ын сугалаатай, энхрий үрс нь цэцэрлэгийн сугалаатай, энгийн иргэд нь газрын сугалаатай” орны иргэд болоо юу даа.
Г.Хулан
URL: