Хуулиа биелүүлэх нь хууль бус үйлдэл гэж үү

100b336471b93d1d819447480a93c29e8Нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцээс өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргасан нь хэсэгтээ л хэрүүлийн алим болох бололтой юм.

Уг нь Цэцээс “УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан нь хууль зөрчсөн буюу төрийн албан хаагчийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн байна. Тиймээс УИХ гаргасан шийдвэрээ одоогийн мөрдөж буй хуульд нийцүүл” гэсэн шийдвэрийг л гаргасан юм. Гэтэл энэ шийдвэр нь эргээд “хууль бус” болж таарах нь, сошиалчдынхаар бол шүү дээ. Цэцийн шийдвэр гарахтай зэрэгцээд л “МАН- ынхан Н.Энхбаяраас айсан учраас ийм шийдвэр гаргууллаа” гэх мессежийг баруун солгойгүй цацаж эхэлсэн. Н.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдсэн. Тиймээс УИХ-аас нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахаар товлон зарласан. Гэтэл нэр бүхий иргэний зүгээс “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэний сонгогдох эрхийг зөрчсөн” хэмээн үзэж гомдол гаргаснаар Үндсэн хуулийн Цэцээс маргаан үүсгэж өнгөрсөн долоо хоногт дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд “Нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчжээ” гэж үзсэн. Ингэснээр 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх оны зургаадугаар сар хүртэл хойшлох нөхцөл үүсээд байгаа юм. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдэгчлэн эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, “хууль зөрчиж болохгүй” хэмээн Цэц шийдсэнийг элдвээр улс төржүүлж буйг хэрхэн ойлгох вэ.

… Уг нь Цэцээс “УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан нь хууль зөрчсөн буюу төрийн албан хаагчийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн байна. Тиймээс УИХ гаргасан шийдвэрээ одоогийн мөрдөж буй хуульд нийцүүл” гэсэн шийдвэрийг л гаргасан юм…

Монгол Улсад хууль биелүүлэх нь хууль бус үйлдэл болсон хэрэг үү. Эрх барьж буй нам нь Цэцэд захиалга өгч шийдвэр гаргуулаад байж болдог хэрэг үү. Ингэж санаснаараа ярьж, хүссэнээрээ хүн гүтгэх нь хуулийн дагуу үйлдэл үү гэж асуухад хүргэв. Үнэндээ ийм яриа хаанаас гарсныг нөхөн сонгуулийн чимээнээр бэлтгэлээ базааж эхэлсэн Н.Энхбаяр, хотын даргын өндөр сэнтийгээс буусантайгаа эвлэрч чадахгүй яваа Э.Бат-Үүл нартай холбон тайлбарлахаас аргагүй. Тэдний хувьд нөхөн сонгуульд өрсөлдөнө гэдгээ ил, далд зарласаар өдий хүрсэн. Магадгүй хөрөнгө мөнгө ч багагүй цацаа биз. Тиймдээ ч ийнхүү хойшлох нөхцөл үүссэнтэй эвлэрч чадахгүй суугаа бололтой. Зарим нь хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж, “МАН надаас айлаа” гэж байхав. Гэтэл бодит байдалд нөхөн сонгууль хойшлуулах, эсвэл энэ сонгуулиас айх шалтгаан МАН-д бий юү. Төдийгөөс өдий хүртэл төрийн бодлого тодорхойлж ирсэн том нам гэдэг ганцхан өнцгөөс харахад л нөхөн сонгуулиас айх шалтгаан МАН-д үгүй байлтай. Адаглаад 2016 оны сонгуульд ард түмний итгэлээр үнэмлэхүй олонх болсон намд хулчийх шалтгаан байна гэж үү. Тэр дундаа 42 дугаар тойрогт нөхөн сонгууль боллоо гэхэд эрх баригч намаас одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр байгаа. Тэгвэл У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Э.Бат-Үүл гурвын хэн нь хэн бэ. “Улсын хөрөнгө шамшигдуулсан” шалтгаанаар хоёр жил гаруйн хугацаанд ял эдэлснээр улс төрийн карьер нь аль хэдийнэ дууссан Н.Энхбаяр энэ удаад өрсөлдөгч болохгүй нь ойлгомжтой. Харин “40 мянгат”-ын унаган хүү Э.Бат-Үүл хэнтийчүүдийн төлөө юу хийх вэ гэдэг асуултад дорвитой хариулт олдохгүй нь. Энэ тохиолдолд У.Хүрэлсүхийн хувьд арай өөр тодорхойлолттойгоор нөхөн сонгуульд оролцож таарна. УИХ, Засгийн газрын гишүүнээр 2-3 удаа сонгогдон ажилласан, Монгол Улсын Шадар сайдаар хоёр ч удаа ажилласан, өдгөө Засгийн газрын танхимыг тэргүүлж буй, улс төрийн ууган хүчний дарга гэдэг утгаараа рейтинг нь тодорхой улс төрч. Ийм байтал Ардын нам айж хулчийлаа хэмээн тодорхойлох нь аргаа барсан хүний ажил гэлтэй.

М.ӨНӨРӨӨ

http://www.unen.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих