Зургаан сар даргагүй ажилласан Үндсэн хуулийн цэцийг татан буулгая

Гишүүн дутуу үндсэн хуулийн цэц хэзээ даргатай болох вэ, Ерөнхийлөгч өө-

Монгол Улсын үндсэн хуулийн цэц даргагүй, бүрэлдэхүүн дутуу хагас жил гаруй үйл ажиллагаа явуулж байна. Ингэж байхаар энэ байгууллагыг татан буулгавал яасан юм бэ. Аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий энэ байгууллага өдгөө албан ёсны долоо, гишүүний хугацаа нь дууссан нэг гишүүнтэйгээр асуудлыг шийдвэрлэж байна. Цэцийн гишүүн Ж.Болдбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан ч шинээр хоёр гишүүнийг томилтол орон тоо бөглөж суугаа аж.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын Дээд шүүхээс санал болгодог. Одоо үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд дутаад буй нэг гишүүнийг Ерөнхийлөгч томилох бол, нөгөөг нь УИХ-аас нэр дэвшүүлэх юм. Гэвч энэ оны зургаадугаар сараас хойш хоёр гишүүн дутуу явсаар өнөөдрийг хүрээд байна.

Үндсэн хуулийн цэц гишүүн дутуу, дээр нь даргагүй байгаа. Хуулийн дагуу есөн гишүүн бүрдсэний дараа гишүүд дотроо нууц санал хураалтаар даргаа сонгодог. Харин Ерөнхийлөгч болон УИХ энэ асуудлыг гацааснаар, цэцэд хүлээлт үүсч, Монгол Улсын үндсэн хуулийн цэц эцэггүй хүүхэд шиг л болчихоод байна.

Өнгөрсөн жил Ж.Бямбадорж, П.Очирбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэрийг нь дахин цэцийн гишүүнд дэвшүүлэхэд Ж.Бямбадорж татгалзсан. Иймээс түүний оронд Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн нэрийг дэвшүүлсэн боловч дэмжлэг авч чадаагүй. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлэг М.Алтанхуягийг үндсэн хуулийн цэцийн дарга болгох санал тавьсан ч АН-ын бүлэг зөвшөөрөөгүй юм.

Ерөнхийдөө М.Алтанхуяг АН-д таалагдаагүй учир үндсэн хуулийн цэцэд орж чадаагүй. Түүнээс хойш үндсэн хуулийн цэцийн дутуу гишүүдийг томилох асуудал сураг тасарсан. Үүнээс харахад Монголын хуульчид дотор М.Алтанхуяг, Ж.Бямбадорж, П.Очирбат зэрэг тоотой хэдэн хүнээс өөр цэцийн гишүүн болчих ур чадвартай хүн байдаггүй бололтой.

Хамгийн гол нь үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ямар шалгуур хангасан хүмүүсийг томилох вэ гэдгийг манай улсын холбогдох хуулиудаар нарийвчилж зохицуулаагүй байдаг аж. Харин насны хувьд үндсэн хууль болон үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар цэцийн гишүүний насны доод хязгаарыг 40 насаар тавьсан байдаг. Гэхдээ цэцийн гишүүний насны дээд хязгаарыг бас л орхигдуулжээ.

Энэ талаар УИХ болон холбогдох хуулийн байгууллагууд, хуульчид шүүмжилж байсан ч өнөө хэр нь нарийвчилсан шалгуургүй, хууль мэддэг, хуулийн байгууллагад ажиллаж байсан гэх ерөнхий томъёоллоор томилогдож байна.

Уг ерөнхий шалгуурын цаана мэдээж улс төрийн хүчин нөлөөлдөг. Энэ мэтээр үндсэн хуулийн цэцийн гишүүдийг түүхий аргаар сонгодог аж. Одоогийн байдлаар удирдлагагүй үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг орлогч дарга Н.Жанцан удирдан явуулж байна. Түүний хувьд мөн л ямар нэгэн нарийн шалгуургүй, Ерөнхийлөгчийн шийдвэрээр үндсэн хуулийн цэцэд улиран сонгогдсон.

Хамгийн сонирхолтой нь бүрэлдэхүүн дутуу үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл нэлээд олон асуудлыг шийдвэрлэсэн байх юм. Үүнээс хамгийн онцлох шийдвэр нь МАХН-ын нэрийг сэргээсэн явдал байв. Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй үндсэн хуулийн цэц энэ мэтээр томоохон шийдвэр гаргаж байгаа нь үндсэн хуулиа зөрчсөн явдал болж байна.

Гэтэл “Монгол Улсын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийг үлгэр жишээ дагаж мөрдөх ёстой үндсэн хуулийн цэц хуулиа ингэж хэрэгжүүлэхээр Монголын хууль хяналтын байгууллагууд яаж ч өөдлөх билээ.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч, УИХ энэ асуудалд нэлээд хойрго хандаж байгаа гэхэд болно. Үндсэн хуулийн цэцээс гишүүдээ бүрдүүлэхийг шахаж, шавдуулахгүй бол АТГ-ын даргыг сонгох гэж бүхэл бүтэн долоон сар болсон юм чинь цэцийн гишүүнийг сонгоход дор хаяж нэг жил шаардагдах бололтой.

Б.Даваахүү

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих