Сургуулийн орчинд гар утсыг хязгаарласан туршлагууд

d2ec871a77bc22439f7a90ba4898f386Та олон нийтийн сүлжээ хэрэглэдэг үү. Мөн танайх өсвөр насны хүүхэдтэй юу? Энэ асуултад магадгүй хүн бүхэн “Тийм” гэсэн хариултыг хэлэх байх.

Тэгвэл энэ удаа бид хичээлийн шинэ жилээ угтах гэж байгаа өсвөр насныханд болон эцэг, эхчүүдэд зориулан СЭМҮТ-ийн Аргазүйч Ж.Цэцэгмаагаас гар утас, цахим хэрэглээг хэрхэн зөв ашиглах тухай дараах зөвлөгөө, мэдээллийг авсан юм.

“FАСЕВООК” ӨСВӨР НАСНЫХАНД СЭТГЭЛ ГУТРАЛ ҮҮСГЭДЭГ

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Бага, дунд ахлах ангийн гэлтгүй бүх хүүхэд гар утастайгаа эргээд нөхөрлөнө. Тиймээс ухаалаг утас барьж буй бага, дунд ангийнхан, өсвөр насныхан цахим орчинд хэрхэн цагаа өнгөрөөх тухай болон ухаалаг утас, зураг, компьютерийг өдөрт хэдэн цагаар яаж ашиглах тухай дараах мэдээллийг хүргэж байна.

Ухааалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага олон байдаг. Тухайлбал, Японы Айчи мужийн Кария хотод бүх сургуулийн сурагчид оройн 21:00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хориглосон байдаг ажээ. Хотын захиргаанаас Японд нийтлэг тохиолддог бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэндийг бодолцон ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21:00 цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжүүдийг хамт салгах ёстой аж. Энэ нь ч үр дүнгээ өгч, сүрагчдын ниигмиин идэвх саижирч, сурлагын амжилтад нь огцом өсөлт гарсан байна. Мөн хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчмоос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ.

Түүнчлэн дэлхийн 1.1 сая гаруй оюутан төвлөрдөг оюуны төв АНУ-ын Нью-Йорк хотын сургуулиуд сургуулийн орчинд гар утсыг бүрэн хориглосон байна. Харин хар өдөр хэмээгддэг есдүгээр сарын 11-ний халдлагын дараа нийгмийн сэтгэлзүйн түгшүүр нэмэгдсэнтэй зэрэгцэн хүмүүсийн гар утасны хэрэглээ ч бас дагаж нэмэгджээ. Тиймээс хотын захиргаа тогтоолоо эргэн харах шаардлагатай болж зөвхөн сургуулийн орчин болон оюутны хотхонуудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, оюутан сурагчид эцэг, эхтэйгээ дуудлага хийх зорилгоор л энгийн гар утас хэрэглэх боломжтой.

Хамгийн сүүлд АНУ-ын Виржина, Мэрилэнд хотууд сургуулийн орчинд ухаалаг гар утас хориглох заалтыг мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр сурагчид хичээлийн цагаар чатлах, нийгмийн сүлжээнд холбогдох, утсаар дамжуулан гэмт бүлэглэлүүдтэй холбоо тогтоож, уруу татагдах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоож чаджээ. Зарим сургуулийн сурагчид сургууль руу орохдоо гар утсаа хадгалуулах газарт түр өгч, оронд нь цайны мөнгөө авдаг байна.

УХААЛАГ УТАС ОЙ ТОГТООЛТЫГ “ХӨЛДӨӨДӨГ”

Ухаалаг утас яагаад буруутай гэж асуух хүүхэд ч цөөнгүй байдаг. Тэгвэл ухаалаг утсыг буруутгах шалтгааныг сургууль болгон судалжээ.

Тухайлбал, ухаалаг утас хэрэглэдэг сурагчид тэмдэглэлийн дэвтэр бараг хэрэглэхээ больсон байна. Маргааш гэрийн даалгавартай шалгалттай эсэхээ тэмдэглэж авахаа больсон байна. Мөн шалгалтандаа бэлдэхгүй болсноор сурлага нь мууджээ. Түүнчлэн газар зүй зэрэг зарим хичээлд сурагчид багшийн ярьж байгааг дуу хураагуур, видео маягаар бичиж авч, бие даалт зэрэг зарим судлах ажлаа интернэтээс хайгаад вэбийн линктэй нь засч, янзлалгүй хуулаад ирдэг болжээ. Хамгийн гол нь тухайн бие даалтаа хамгаалах чадвар байхгүй болсон байна. Тиймээс дээрх улс оронд ийм шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн Шотландын Засгийн газрын зүгээс гар утас нь кибер хүчирхийлэл үүсгэж, сурагчдын анхаарал сарниулж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн дүгнэж, энэ асуудлыг боловсролын бодлого болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг хэд хэдэн улсад интернэт, ухаалаг гар утас, төхөөрөмжинд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв, сэтгэцийн эмнэлгүүдэд ухаалаг утсанд донтогсдод зориулсан тасаг хүртэл нээгээд байна. Өөрөөр хэлбэл, тэнд ухаалаг утсанд донтохыг шинэ төрлийн өвчинд тооцох болжээ.

Ухаалаг гар утас бидний амьдралд маш их хэрэгтэй. Гэхдээ сургуулийн орчинд хүүхдүүдэд бол хэрэггүйг дээрх улс орнууд мэдэж, мэдэрч хориглосон байна. Ухаалаг утасны хэрэглээ нь таны хүүхдийн хөгжих ёстой тархийг, оюун санааг “хөлдөөдөг” бөгөөд хүүхдүүдийн маань бүтээлч сэтгэлгээнд саад болж, сурлагын дүн, тэр байтугай ааш занд нь хүртэл нөлөөлж байгаа олон жишээг дурьдаж болно. Тиймээс ухаалаг утсыг сургуулийн орчинд хязгаарлах, энгийн товчлууртай утсаар солих нь тун чухал юм.

ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ СТРЕССТ ОРОХОД НӨЛӨӨЛДӨГ

Дан ганцхан хүүхдүүд гэлтгүй эцэг, эхчүүд ч бас гар утас, цахим орчинд уяатай өнждөг. Зун, намар аль ч улиралд хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө хүсэл сонирхол, үзэл бодлынхоо дагуу аз жаргалтай мөч, сайхан дурсамжаа мөнхжүүлж үлдээхийн тулд цахим сүлжээнд оруулан хадгалж байна. Ингэснээр өөрт тохилдсон сайхан мөчүүдээ цахим орчин дахь найз нөхөдтэйгөө хуваалцана гэж боддог. Харин энэ нь таныг танилын төдий мэдэх хүмүүст атаархах, ганцаардах, бусдад шүүмжтэй хандах гэхчлэн сөрөг мэдрэмж төрүүлдгийг эрдэмтэд мөн тогтоогоод байна. Олон нийтийн сүлжээнээс олны танил хүн эсхүл өөрийн танил хэн нэгний гадаад дотоодод аялсан тухай тэмдэглэл, үнэтэй машин хөлөглөж яваа зураг, гоё сайхан арга хэмжээнд оролцсон талаарх мэдээллийг олж харах үед бага ч гэсэн шунал хүсэл сэтгэлд үүсдэг байна. Энэ хандлага нь яваандаа хүнийг сэтгэл гутралд оруулж ганцаардах мэдрэмж төрүүлдэг болохыг мөн Австралийн сэтгэл судлаачид тогтоосон байна.

ОХИДОД “ХООЛ ГОЛОХ”, ” ӨЛСӨХ” ЭМГЭГ ҮҮСЧ БАЙНА

“Facebooк”-ийн хэрэглээ сүүлийн жилүүдэд залуу охидын дунд anorexia буюу хоол голох эмгэгийг бий болгоод байна. Энэ сэтгэцийн эмгэг нь хүнийг өөрийгөө тарган гэж бүрэн итгэснээс болж гүн гутралд оруулаад зогсохгүй хооллохоос айх өвчтэй болгодог байна. Түүнчлэн хоол идэхгүй удаан явснаас болж тэжээлийн дутагдалд ч орно. Иймд өсвөр насныхныг цахим нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болтлоо нэгдэн орохгүй байх эсхүл мэдээллийг зов үнэлж байхыг эрдэмтэд дуу нэгтэйгээр анхааруулж байна.

Зууны мэдээ
Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих