Видео: Хүүхэд хулгайлсан этгээд “Хамт хоёр гурав хонохыг хүссэн” гэж мэдүүлжээ
Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүхдийг хулгайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт таван настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан. Улмаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж таван настай Э охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Охиныг ямар санаа зорилгоор хулгайлсан талаар ЦЕГ-ын хэвлэлийн албаны ажилтан хүүхэд хулгайлсан гэх Б-гээс тодруулжээ.
-Охиныг яг ямар зорилгоор хулгайлсан бэ. Аав ээж нь хамт байгаагүй юу?
-Байгаагүй. Охин гэрийнхээ гадаа байсан. Бид хоёр жаахан юм яриад сууж байсан чинь охин зайрмаг идье гэхээр нь зайрмаг авах гээд эцсийн буудал орсон. Эцсийн буудалд дэлгүүр байгаа гэж охин өөрөө заасан. Тэгээд зайрмагаа аваад буцаад гэрийнх нь гадаа очсон юм.
-Дарханаас Улаанбаатарт та ямар унаанд сууж ирсэн юм бэ?
-Бид хоёр автобусанд суугаад ирсэн. 10000 төгрөгөө төлөөд л ирсэн.
-Автобусанд суухад охин “Та намайг хаашаа авч яваа юм бэ” гэж асуугаагүй юу?
-Асуугаагүй. Охин бид хоёр эрхлээд л ундаа уугаад л. Тэнд камер байгаа бол харах байхаа.
-Автобусанд суухынхаа өмнө хүүхдээс аав ээж чинь уурлахгүй юу гэж асуусан уу?
-Манай аав унтаж байгаа. Ээж байхгүй гэж хэлсэн.
-Автобусны жолооч, кондукторууд энэ таны хүүхэд мөн үү гэж асуугаагүй юу?
-Асуугаагүй. Хэн ч асуугаагүй.
-Хүүхдийг эцэг эхэд нь хэлэхгүй аваад явна гэдэг гэмт хэрэг гэдгийг мэдэх үү?
-Би сайн мэдэхгүй байна.
-Охиныг аваад яг яах гэж байсан юм бол?
-Зүгээр л хамт хоёр гурав хоноод л. Би найз нөхөдтэйгээ уулзаад л….
Сануулахад, Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж.
Иймд: Эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Б.Анир
Zaluu.com
URL: