Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага
2017 онд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй, өндөр цалинтай 10 мэргэжлийн есд нь эмч, эмнэлгийн ажилтны мэргэжил багтжээ.
Тухайлбал, эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагчийнх 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байна.
Гэтэл манай эмч, эмнэлгийн ажилтны цалин үүнээс 40 дахин бага байгаа нь харамсалтай гэхээсээ өрөвдөлтэй юм.
Хэдийгээр ядуу буурай орны иргэн ч гэлээ мэргэжил нэгтнүүдийнхээ зиндаанд амьдарч чадахгүй юм аа гэхэд улсын дунджаас дутахгүй цалинтай байх эрх эмч, эмнэлгийн байгууллагынханд баймаар. Гэтэл 2017 оны сүүлийн улирлын байдлаар эмч, сувилагч нарын цалин улсын дунджаас 18 хувиар бага байгаа тухай үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Эмч нарын цалингаа нэмүүлэх хүсэлд ташуур болсон эдгээр тоон үзүүлэлтэд хошуу нэмэхээр өөр орны эрүүл мэндийн салбарын ажилтны цалин, хангамж ямар байдгийг өөрийн орныхтой харьцуулж үзвэл сонирхолтой дүр зураг харагдана. 2018 оны эхний сарын байдлаар манай улсад 2067 эрүүл мэндийн байгууллагад 50519 хүн ажиллаж байна. Тодруулбал, 10576 их эмч, 11939 сувилагч, 19709 эмнэлгийн мэргэжилтэн гурван сая хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа.
Харин японы төрийн мэдлийн эмнэлгүүдэд хоёр сая 78 мянган хүн ажилладаг бөгөөд 224 мянган их эмч, 787 мянган сувилагч, нэг сая 67 мянган эмнэлгийн ажилтан 126 сая хүнд үйлчилдэг аж. Эндээс харахад хөгжилтэй орны эмч, сувилагч үүрэгт ажлаа гүйцэтгэж, эмнэлгийн бусад үйлчилгээг ажилтнууд хариуцдаг болох нь харагдаж байна. Манайд бол нэг эмчид ноогдох өвчтөний тоо 452 байгаа юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Өнөөдөр бүх шатны эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тооны дутагдал 55 хувьд хүрсэн.
Нэг эмч, сувилагч өдөрт 6-7 хүнд үйлчлэх стандарттай ч монгол эмч нар 30 хүнд үйлчилж, гурван хүний ажлыг хийж байна. Мөн цалин, орон тооны хомсдолоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгаа” гэсэн юм. Эндээс монгол эмч нарын зовлонг тодорхой харж болно. Хэдийгээр японд цалин өндөр ч ажлын ачаалал харьцангуй бага. Илүү цагаар ажиллах, хонон өнжин суух асрагч, сувилагч ч олдохгүй. Харин монголд бол эсрэгээрээ. Хонон өнжин ажиллахын хажуугаар хэвтэх оргүй, тариа хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд өрөөгөө суллаад өөрөө хүлээлгийн сандал дээр унтаж байх нь ч энүүхэнд.
Сайхан сэтгэлийг мөнгөөр үнэлдэггүй ч ажиллах боломжийг хангаад өгөх нь төрийн үүрэг юм. Монголд эмч, сувилагчийн цалинг үндэсний статистикийн хороо 767 мянган төгрөг гэсэн боловч эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд энэ тоог хүлээн зөвшөөрдөггүй. Өдгөө эмч нарын дундаж цалин 634 мянган, сувилагчийнх 471 мянга төгрөг хэмээн тэд баталдаг. Харин японы анагаах ухааны тохокү их сургуулийн доктор Гуан Хоны хэлснээр арлын оронд эмч 3800, сувилагч 2200, эмнэлгийн ажилтан 1500 ам.долларын цалин сард авдаг байна.
Энэ ялгаанаас үүдэлтэй үйлчилгээний соёл, хүртээмжийн чанар тэр хэрээр доошлох нь зүй.
Ажлын ачаалал, цалин хангамж муу энэ нөхцөл байдал эмч, эмнэлгийн ажилтнуудыг “гар хараад” сургачихсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс биш хүний муу бүхэн цуглачихаад илүү харж, билүү долоодог гэвэл доромжлол.
Ажлын ачааллаа үнэлүүлж цалин авдагсан бол манай эмч нар гадаадын мэргэжил нэгтнүүдийн адил хүндлэгдэх нь лавтай. Үүн дээр эмч нарын ур чадварын үнэлэмж гэж дэлхий нийтээр өндөр өртөгтэй үйлчилгээ гэж бий. Гэтэл манай улсад чадвартайг нь урамшуулах тогтолцоо байдаггүй талаар гавьяат эмч Х.Хусаян манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Тэрээр “Манайд мэс заслын эмчийн цалин 700-800 мянга л байгаа шүү дээ. Өөр улсын эмч нараас цалинг нь асуух эвгүй.
Гэхдээ дотно нөхөрлөдөг заримаас нь асууж үзсэн. Израилийн эмч нар 16-17 мянган ам.долларын цалинтай юм билээ. Германд бүр өндөр, 30-40 мянган евро гэж ярина. Тэнд хагалгаа хийсэн тоогоороо цалинждаг учраас ийм өндөр байгаа юм. Харин манайд хамгийн олон хагалгаа хийсэн эмч хамгийн бага хагалгаа хийсэнтэйгээ яг адилхан цалин авдаг. Манай эрүүл мэндийн тогтолцоо ийм л байна” хэмээж байсан нь нэгийг өгүүлнэ. Энд цалингийн харьцуулалтын бас нэг сонирхолтой өнцөг бий.
Японд манайх шиг төрийн албаныхны цалинг ялгаж үздэггүйгээс гадна иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарахын тулд харин ч эмч нарт илүү цалин өгдөг. Хүний амьд явах хамгийн наад захын баталгааг эмч нар илүүтэй хангадаг учраас тэр. Дэлхийн жишигт ойртуулдаггүй юм аа гэхэд миний, таны, үр хүүхдүүдийн минь амьд явах бас нэг баталгаа болсон эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахын тулд эмчээ дэмжих хэрэгтэй. ОУВС-гийн царай харалгүй цалин нэмэх гарц олох, зоригтой шийдвэр гаргах зүй ёсны шаардлагыг эрх баригчдаас нэхэх нь иргэн бүрийн хувь нэмэр юм.
Засгийн газрын мэдээ
URL: