Авлига хээл хахуулиас дутахгүй архинд “живсэн” ТӨРИЙН АЛБА
ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг төрийн албаны дампуурал, төрийн ажлын цалгардал хэр хэмжээнд байгааг ил тодоор харуулсан. Тиймээс энэ хэргээс улбаалж, Төрийн тусгай хамгаалалтын газар, ЗГХЭГ-аас хамтран яам, агентлагуудад гэнэтийн шалгалт хийсэн юм. Гэвч төрийн албаныханд оруулсан гэнэтийн шалгалтын дүн тааруухан гарч төдийгөөс өдий хүртэл өөрсдийгөө өмгөөлж, иргэдэд хүнд суртал гаргаж, төрийн байгууллагыг уландаа гишгэж ирсэн нь илрээд байна.
Тухайлбал, ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай /салют, бензин/ гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрчээ.
Мөн Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байдалтай, БСШУЯ, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Энэ бол зөвхөн шалгалтаар илэрсэн асуудлууд. Үүний цаана хэн нэгнээс мэдээлэл авч, бие биедээ хүргэсэн “бор шувуу”-ны хүчээр хэдэн зуун лонхтой дарс, хэрэг зөрчлүүд нуугдаж үлдсэн нь тодорхойгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагч гэдэг бол төр, иргэн хоёрын гүүр болж өгөх ёстой, хамгийн чухал субъект. Гэтэл хүнд суртал, хээл хахуульд идэгдсэн асуудал нь даамжирч, архи, дарс эргүүлж авгай хүүхэнтэй нэр холбогдож ажлын байраа баар цэнгээний газар мэт болгож суугаа нь харамсалтай.
Угтаа бол ард түмэн үүнийг хүсч аль нэг намд эрх мэдлийг атгуулдаггүй. Тэд зөвхөн хоёр идэхгүй, хоосон хонохгүй байхын тулд, өөрсдийнх нь амьдралд тустай ганц ч болов хууль дүрэм батлаасай гэсэндээ сонголт хийдэг байхад үүнийг улстөрийн намууд буруугаар ашиглаж, зөвхөн өөртөө хэрэгтэй, ашигтай зүйлд эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Улмаар энэ завхрал нь төрийн алба руу орж, багаа бүрдүүлж байгаа нэрийдлийн дор олон арван мянган төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас нь халж, оронд нь Б.Махбал мэтийн ёсзүйн асар доголдолтой хүмүүсийг төрд “чихэж” байна.
Үүний үр дүн энэ сарын эхээр ЗТХЯ-нд гарсан харамсалтай хэргээр илэрч, бидний харж буй шалгалтын дүнгээр тогтоогдов. Шалгалтын дүнгээс харахад, цаг үргэлж авилга, хээл хахуульд идэгдсэн хэмээн шүүмжлүүлдэг төрийн алба өнөөдөр архи, дарсанд гүн гүнзгий “живжээ”. Зөвхөн төрийн алба гэлтгүй хууль тогтоох дээд байгууллагын эрхэм гишүүд хүртэл Төрийн ордонд, чуулганы танхимд согтуу хөлчүү яваа нь олон нийтэд цацагдсаар л байгаа.
Ийм төр, ийм төрийн албан хаагчдыг ард түмэн хүсээгүй. Хяналт шалгалт, хууль тогтоомжоо чангалаад аливаад хариуцлагатай хандахгүй л бол төр үнэ цэнээ алдаж, төрийн алба архинд живж, дампуурч гүйцэх нь.
Б.Анир
URL: