Ослын улмаас төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ
Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуут багийн “Тэмээн хүзүүний-Ам” гэдэг газар өчигдөр зам, тээврийн осол болж, нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат 47 настай Г-гийн /эмэгтэй/ эзэмшлийн “Гранд Марк-2” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сумын чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат 27 настай Д-гийн /эрэгтэй/ эзэмшлийн “Грейс” микроавтобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас иргэн Г автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Марк-2 автомашин 2 хүнтэй, микроавтобус нь 6 хүнтэй явж байжээ.
Мөн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд зам тээврийн осол болжээ. Улаанбаатар хотоос Тэрэлж амралтын газрын чиглэлд зорчиж явсан тус дүүргийн харьяат 37 настай У-гийн /эрэгтэй/ эзэмшлийн “Грейс” микроавтобус, Налайх дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат 28 настай М-ийн /эрэгтэй/ эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, Налайх дүүргийн харьяат 48 настай Ү /эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Автомашинд жолооч нараас өөр хүн яваагүй байна.
Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдлаа гэх дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 20-ны 20:33 цагт мэдэгдэж, дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиж Налайх дүүргийн харьяат 48 настай Ү /эрэгтэй/-г аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
http://undesten.mn/63704.html
URL: