З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 792 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийдвэрлэсэн аж. Нийт 972 сая 448 мянга 955 төгрөгийг ‘Бэрэн групп’ ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулах аж.
11:11
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт тус дүүргийн шүүхэд эхэлж гурав дахь өдрөө үргэлжилж байна.
URL: