ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА ГЭСЭН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Монголын жижиглэн худалдаа эрхлэгчид иргэн С.Мишигийг цагдаагийн байгууллагаас баривчилсантай холбогдуулан өнөөдөр ар гэрийнхэн болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм.
Гэвч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс 15 хоног хорих ял оногдуулсныг ар гэрийнхэн болон худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байна.
Энэ талаар иргэн С.Мишигийн эхнэр Д.Бурмаа “Бидний төлөөлөл С.Мишигийг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүхээр 15 хоног баривчлах шийдвэр гаргалаа. Үүнийг эсэргүүцэж байна.
Зөрчлийн хуулийг эсэргүүцэж Намрын чуулганы үеэр өлсгөлөн зарлана гэж хэлсэн хэвлэлийн бага хурлын дараа баривчлах үйл явц болж өнгөрлөө. Зөрчлийн хуулиар ард түмнийг далайлган дарамталдгаа боль.
Торгуулиар далайлган ард түмний нуруун дээр маш их дарамт үүсгэж байгаа явдлыг бид эсэргүүцэж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа н.Эрдэнэбилэг гэж хүн иргэн С.Мишигээд гомдол гаргасан. Зөрчлийн хуулийн 1.1, 1.2, 1.4 гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Үүнийх нь дагуу өчигдөр шүүх хурал болж 15 хоног баривчлах ялаар шийтгүүлээд байна. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа Эрдэнэбилэгээр ахлуулсан цагдаагийн ажилчид 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр ирж хууль бус шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй учир зөрчлийн хуулиар хэрэг үүсгэж байна гэх тайлбар бидэнд өгсөн.
Хэрэв цагдаагийн алба хаагчид тэр даргын ийм захирамжаар та бүхэнд ийм шаардлага тавьж, ингэж торгож байна гэж хэлсэн бол бид эсэргүүцэхгүй байсан. Цагдааг иргэн С.Мишигээ төр түмэнд муухайн харагдуулаад байна гэсэн. Цагдааг иргэн С.Мишигээ муухай харагдуулаад байгаа юм биш, төрийн хувцас өмсчихөөд хувийнхаа ааш араншинг албандаа гаргаж ёс зүйгүй аашилснаасаа ичих хэрэгтэй.
Зөрчлийн хуулийг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Иргэн хүн үгээ хэлснийхээ төлөө, яагаад төрийн хатуу дарамтад байх ёстой юм” гэлээ.
URL: