МАН-аа бодох уу, амиа бодох уу
Эрх баригч хүчний тэргүүний тэргүүлсэн Засаг эвгүй байна. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ч хүрээгүй байгаа. Энэ хугацаанд төр, түмний түвшин амгаланг байтугай тэргүүлсэн намынхаа эв эеийг олж чадаагүй өдийг хүрлээ.
Төрийн эрх баригч хүчний тэргүүн парламентаас гадна байх нь эрх мэдлийн зөрчлийгдагуулсаар байдгийн нэг илрэл гэлтэй. Энэ нь нам дахь фракц, бүлэглэлээс гадна парламентын бүлэг дэх талцал намжих бус хурцдаж байгаагаас харагдана.
Өнгөрсөн хугацаанд парламент дахь үнэмлэхүй олонхи МАН-аас нэг гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдлөө. Ингэснээр Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэл ажил явагдаж байна. Хэнтийн тойрогт 14 улс төрийн хүчин хүч үзэхээр СЕХ-ноос батламжаа гардаад байгаа. Гэхдээ УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэсэн гомдол иргэдээс гарч, ҮХЦ-д маргаан үүсгэсэн. ҮХЦ-ийн хуралдаанаар ямар дүгнэлт гарах, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс нөхөн сонгууль явуулах эсэх нь шийдэгдэнэ. Хэрвээ УИХ-ын нөхөн сонгууль явагдвал Хэнтийн тойрогт хэнийг өрсөлдүүлэх нь МАН-д маргаан дагуулж байна. Ер нь бол улс төрийн цаг үеийн энэ нөхцөлд Хэнтийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эрх баригч хүчнийхэн “зай барьж” байна. Уг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ виз ногдож байгаа. Гэхдээ өрсөлдөгч хүчин гэхээсээ намаас нь сонгогдсон гишүүн асуудалд орж чөлөөлөгдсөн, нийгэмд эрх баригчдын нэр хүнд унасан, дотоод хагарал савнаасаа хальсан гээд олон олон сөрөг үзэгдэл боломжийг хааж байгаа нь болгоомжлоход хүргэж байгаа биз.
Үүн дээр ЗТЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг, вагоны ослоос олон хүн бэртэж, улсад их хэмжээний хохирол учирсан үйл явдал Засгийг дэнжигнүүлж, намын даргын суудлыг ч ганхуулахад хүрээд байна. Төрийн албаны хариуцлага, ёсзүйг чангатгахыг чангаар дуугарч гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ЗТХ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс асуудал шийдэгдэхгүй. Дээрх асуудлуудтай холбогдуулан сөрөг хүчин АН Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлээд байгаа. Уг мэдэгдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан Арбитрийн шүүхийг шийдвэрийг хэрхэх, “60 тэрбум”-ын асуудал, Туркийн иргэнийг хулгайлсан асуудал Засгийн газар ямар тайлбар хийх, төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг, суудлын галт тэрэгний осол зэрэг нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болж байгааг дурдсан байна лээ.
Цаашлаад УИХ дахь МАН-ын бүлгийн талцал дараагийн Засгийг байгуулах танхимын жагсаалтыг хэдийнэ зурагласан гэх. Ер нь У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүнээр томилсон тамга ч дарагдаж амжаагүй байхад дараагийн Ерөнхий сайдын таамаглалыг дэвшүүлж байсан. Тэр байтугай танхимын сайд нартайгаа ч зөрчилдсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “Би Ерөнхий сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй” хэмээн тайлбар хийсэн. Үүнийг олон нийт “нударга зөрүүлээгүй ч ам мурийжээ” хэмээн хүлээн авч байна лээ.
Ийнхүү У.Хүрэлсүх гадаад хүчин зүйлийг бус дотоод асуудлаа эмхэлж чадалгүй явсаар жил орчмын хугацаанд албан өрөөнд нь овоорсон мэдэгдлүүдээр овоо бослоо.
Улс төрийн ороо бусгаа энэ үед парламент дахь олонхи улсаа бус МАН-аа бодож У.Хүрэлсүхийн Засгийг тэвчин торгоох нөхцөл үүсээд байгаа. Учир нь бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа энэ үед дараагийн Засгийг байгуулах нь МАН-ыг ирэх сонгуулиар лааз өшиглөхөд хүргэнэ гэдгийг тэд андахгүй. Учир нь олон нийт өнөөдрийн Засгаас, эрх баригчдаас зүтгэл, бүтээн байгуулалт хүлээхээ нэгэнт больсон. Харин эрх баригчдын хувьд намаа бодох уу, амиа бодох уу гэдэг эрх ашиг, тохиролцооноос нь хамаарах асуудал.
Н.Энхбат
URL: