УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшилж, ЗТХЯ-нд томилгоо хийгдсэн өдрүүд

olloo_mn_1479090065_IMG_9274-600x400Өнгөрч буй долоо хоногт ЗТХЯ-тай холбоотой мэдээллүүд хөвөрсөн өдрүүд үргэлжиллээ. Өнгөрөн ням гаригийн үүрээр Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан галт тэрэгний осол, мөн ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, ЗТХЯ-ны удирдлагууд болон газрын дарга нар бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Үүнтэй холбоотой мэдээллүүд араасаа хэрхэн хөвөрсөн болон өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЗТХЯ-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТТХГ-ынханд хариуцлага тооцов

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэг даргынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Тус яамны Төрийн захиргааны газрын дарга Б.Махбал нь согтуурсан үедээ Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амийг хөнөөсөн юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Уг хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. Мөн ТЕГ-ын даргын тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг, ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Р.Мэргэнийг томиллоо

ЗТХЯ-ны удирдлагуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан томилгоо хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХЯ-ны дэд сайдын томилгоог хэлэлцжээ. Ингэхдээ салбартаа 25 жил ажилласан, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай хэмээн үзэж, УБТЗ-ын орлогч Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлсэн байдаг. Үүнийг өнгөрсөн лхагва гаригт хуралдсан ЗГ-ын хуралдаанаар дэмжин баталсан юм.

Мөн ЗТХЯ нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томилсон билээ.

Харин ЗТХ-ийн сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг заавал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байж чөлөөлөх учир сайдыг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод байгаа юм.

ЗГХЭГ-аас яамдуудад шалгалт хийж байна 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар өнгөрсөн мягмар гаригаас эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.

Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянах юм.

Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан  шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх, ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хйиж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох  хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч ирэх баасан гариг хүртэл хойшлогдсон. Учир нь уг хэргийн хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшилсон юм.

Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Өсвөр насны охидуудыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг этгээдийг саатуулав

Өсвөр насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд нь фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг байсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээд нь фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж байжээ. Улмаар 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.

Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Б.Анир

http://www.zaluu.com/read/27c66372c


URL:

Сэтгэгдэл бичих