“Дипломат-95”-аас байр авсан дарга нар АТГ-д байцаагдаж байна

10-5(170)АСЕМ-ийн айхтар хуйвалдааны нэг нь төрийн өмчийн “Дипломат 95” хэмээх цогцолборын “хувьчлал” юм. Энэ цогцолбор нь зочид буудал болон орон сууцны зориулалттай 2-5 өрөө бүхий 95 байртай агаад үүнээс нэр нь гарсан. Төрийн өмчит байх үедээ түрээсийн дүүргэлт нь 95 хувьтай, жилд 3,5 тэрбумын түрээсийн орлого оруулдаг байсан. АСЕМ  гэж бужигнаж эхлэхэд ГХЯ болон Сангийн яаман дахь Ховд, Архангайхан төрийн өмч болох “Дипломат-95” цогцолборыг “хувьчлах” ажиллагааг шуурхай явуулсан.  Эхлээд АСЕМ-ийг сурвалжлах 1000 сэтгүүлч байрлуулна хэмээн түрээслэгчдийг нь бүгдийг нь хөөж гаргасан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт асуудал оруулан байхгүй “оршин суугчидад” нь хувьчлах шийдвэр гаргуулсан.  Хувьчлах тогтоол гаргасаны дараа цэвэр орон сууцны зориулалттай 80 байрны 60-ыг нь ГХЯ, Сангийн яам, үлдсэн 20-ыг нь Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газар авсан. Тухайн үед байр авах жагсаалтанд багтах эрх 5000 долларт хүрч байсан гэх шуугиан дэгдэж байсан. Ингээд оршин суугчдаа тодруулж эхэлсэн агаад нийтдээ 11 элчин сайд, 24 захирал дарга, 16 зөвлөх,консул болон нэгхэн үйлчлэгч, 2-3 жолооч л байр авсан.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн бужигнаан дор байр авсан дарга нарт байрны ордерийг нь өгөх ажиллагаа сэмхэн явагдсан ч бүтээгүй. Өдгөө тэд “түр оршин суугч” гэсэн үнэмлэхтэй яваа. Нийт 80 байрны 70-ийг нь авсан элчин сайд, консул, элчин зөвлөх нарын ихэнхи нь Ц.Элбэгдоржийн үед томилогдсон байдаг. Байр авсан дарга нар нь ГХЯ-ны элитүүд.

Эднийг байргүй гэхэд хэн итгэх билээ. Гэсэн ч өдгөө хотын төвд байрлалтай, хоёр өрөө байр нь л гэхэд зах зээлийн үнэлгээгээр 150 саяд хүрэх байранд эзэн суусан. Ихэнхи нь байрандаа бүрэн засвар хийсэн агаад дарга нар өөрсдөө орж суухаас жийрхэн түрээслүүлж ашиг олдог. Энэ хавар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баривчилгаанаар “Дипломат-95”-ын асуудал яах аргагүй хөндөгдсөн. Үүний дагуу байр авсан дарга нар эхнээсээ АТГ-д дуудагдан байцаагдаж байна. “Дипломат-95”-ын хувьчлал цуцлагдаж магадгүй нь ГХЯ-ны удирдлагын дээд түвшинд шуугиан дэгдээгээд байна.  Өдгөө яаманд байрны “шинэ” жагсаалтанд багтах гэсэн тэмцэл өрнөжээ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих