О.СҮХБААТАР: ГУРВАН ГОЛЫН ЭХ ЯМАР Ч ТӨРИЙН ҮЕД ДАРХАН БАЙХ ЁСТОЙ
Монголын нууц товчоо”-ны эхний 10 бүлэг зохиогдсоны 790 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин “Нууц товчооны нууцаас” буландаа эрдэмтэн, судлаачдын цуврал ярилцлагыг хүргэж ирсэн билээ. Энэ удаа Чингис хаан их сургуулийн зөвлөх профессор, түүхч, судлаач О.Сүхбаатартай ярилцлаа.
-Та “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг газар, усны нэршил, Бурхан Халдун орчмын газар зүйн судалгааг хийсэн эрдэмтэн. Тэгэхээр Эзэн Чингис хаан яагаад гурван мөрний эхэнд хэнийг ч нутаглуулж болохгүй гэж захисан юм бол гэдгээс ярилцлагаа эхэлье?
“Хиад монголчуудын жинхэнэ уугуул нутаг нь гурван мөрний эх учраас тэнд хэнийг ч нутаглуулж болохгүй” гэж захисан
Өнөөгийн нөхцөлд энэ нь гадны хөрөнгө оруулалтгай компаниудыг тийш оруулахгүй байхаас эхэлнэ. Ер нь бол “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан бүх газрыг хамгаалалтад авч дархлах ёстой юм. Бусад улс орнууд их ‘хүмүүсийнхээ’ түүхэн дурсгалт газруудад уул уурхайн үйлдвэр огт байгуулаагүй. Тэр газруудаа дархалж, музей, үзэсгэлэн нээж, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаануудыг л явуулдаг байх жишээтэй. Тухайлбал, Францад их жанжин, эзэн хаан Наполеоны явж өнгөрсөн газруудад тэр нутгийн цэргийн, залуучуудын үйл ажиллагаа явагддаг. Орост их Петрийн яваад өнгөрсөн газраар дурсгалын самбар босгож хамгаалсан байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ Чингис хааныхаа төрж, өссөн, өчнөөн жил амьдарч, төрт улсаа байгуулж ирсэн газарт уул уурхайн лицензүүд өгч, амралт, аялал жуулчлалын газрууд барьчихаад байна. Дундговьд л гэхэд Чингис хааны Ван хантай богино хугацаанд ч гэсэн шийдвэрлэх тулаан хийсэн түүхт газарт Хятадын компани оччихсон жонш ухаж байгаа гэсэн. Жонш уу, өөр зүйл ухаж байна уу. Жонш нь өөр, өөр найрлагатай ч байгаа юм уу, бүү мэд.
-Гурван мөрний эх монголчуудын аж амьдрал, ирээдүйд нь ямар нөмөр, нөөлөгтэйг дурдсан өөр ямар баримтууд байдаг вэ?
-Бөртэ чоно, Бодончар мунхаг, Хабул хан, Есүхэй баатар, Чингис хаан болон түүний дараачийн хаад, Өгөөдэйн хаанчлалын эхэн хүртэл хэдэн зуун жил, магадгүй мянгаад жил гурван мөрний эх нутаг монголчуудын улс төрийн амьдралын төв байсан. Гурван мөрний эх Сибирийн ойн хамгийн урд зах. Тэгсэн атлаа хүйтэн чийглэг, намаг шалбаагтай Сибирийн ойг бодвол хуурай. Тиймээс ан амьтан, төрөл бүрийн эмийн ургамал ихтэй. Голуудын хөндийгөөр үргэлжилсэн намаг, шалбааг байхгүй, малын маш сайхан бэлчээр газар. Иймд нэлээн эртнээс эхлэн нүүдэлчид тэнд амьдарч ирсэн. Түүнийг батлах баримтууд нь тэнд түрүү үеийн булш, хиргисүүр, хөшөө олонтой. Ялангуяа буган чулуун хөшөө олон бий. Батгай хэлбэл, нүүдэлчид дөрвөн мянган жилийн өмнө тэнд олноороо аж төрж байсан.
Бид гурван гол гэж яриад байдаг, гадаад орны том мөрнүүдтэй харьцуулж тэгж хэлдэг. Тэгвэл монголчууд гурвууланг нь мөрөн гэж шүтэж, биширч ирсэн. Энэ дотроо Онон мөрөн одоогийн Монгол орны нутгаас гарч тухайн үеийн монгол овог аймгийн нэг, Жамухын эзэмшил байсан Жадран аймгийн нутгаар дамжин Хасарын эзэмшил байсан Ингэдэй /буриадаар: Ангида, оросоор: Ингода/ мөрөнд цутгадаг. Ингэдэй нь Шилэн /Шилка/ мөрөнд цутгаж, Шилка мөрөн цааш Амар мөрөнд цутгадаг. Хятадууд Хар мөрөн гэж нэрлэдэг. Яагаад гэвэл их устай гол боловч маш цэнгэг. Онон гол ингэж их далайд хүрдэг учраас их мөрөн /бэр мөрөн/. Хэрлэн мөрөн бол эцэг гол учир нь Хэнтийн уулнаас эх авч зүүн Монголын нутгаар дамжин урсч, тухайн үеийн монголчуудын нутаг, одоо ч монголчууд нутаглаж байгаа баргын Хөлөн нуурт цутгадаг. Өөрөөр хэлбэл, Монгол нутаг дотроо шингэж байгаа гол учраас эцэг гол гэдэг. Туул гол нөгөө хоёроосоо хэмжээгээр бага, нэлээн богино. Ийм учраас охин гол гэж нэрлэдэг. Ер нь Туул, тулуй гэдэг бага отгон, гэсэн утгатай юм. Хатан Туул гэдэг бол сүүлийн үеийн нэр. Онон мөрөнг Онон хатан ижий гэж нутгийнхан нэрлэдэг. Хэрлэнг “Хэрлэн мөрөн минь” гээд байхаас биш өөрөөр ярьдаггүй. Хамгийн гол нь гурван голын эх газар нүүдэлчин монголчуудад, дөрвөн улирлаар малаа маллахад нь маш тохиромжтой. Ган, зуд, уур амьсгалын бэрхшээл болох нь харьцангуй бага. Цаг хэцүүдсэн ч сэлгээд нүүх бололцоо ихтэй. Ган, зудад нүүдэлчид эрсдлээ гэхэд гурван жилийн дараа малаа хоёр дахин өсгөх байгалийн нөөц, бололцоотой газар. Өөрөөр хэлбэл, мал бүрэн устчихгүй. Хүнд үед гурван мөрний сав газрын аль нэг хэсэг рүү нүүгээд гарч чадах боломжтой.
Энэ талаар “Монголын нууц товчоо”-нд ч цөөнгүй дурдсан байгаа. Хэрлэнгийн адаг руу нүүж байгаа, Туулын сав газар руу нүүж тэнд адуугаа өвөлжүүлж байдаг, Хэрлэнгийн тохойгоос урагш адуугаа өвөлжүүлж байгаа гэхчлэн тодорхой үйл явдлууд гардаг. Гурван голын эх бүхэлдээ ойн болоод хээрийн ан амьтнаар баян. Загас элбэг, усны болон агнаж болох шувууд олонтой. Төрөл бүрийн эмийн ургамал ургадаг, үслэг ан ихтэй байгалийн цогцолбор газар. Сибирийн ой болохоор хэтэрхий хүйтэн учраас эмийн ургамдын төрөл цөөн, ан амьтан ховор. Үүнээс урагш хээр тал явж байгаад цөлийн бүс залгадаг. Тиймээс ус ургамал, ан амьтан мөн цөөн байдаг. Эндээс хангайн нуруу л Хэнтийн нуруутай ойролцоо, үүнээс өөр нүүдэлчдийн амьдралд түшигтэй нутаг үгүй. Ийм учраас гурван мөрний эх газрыг хүндэтгэж, хожим алтан ургийнхнаас бусдыг бүү нутаглуул гэж Чингис хаан захисны гол учир нь тэр.
-Чингис хааны үед монголчууд уул, овоогоо тахихаас гадна ус мөрөндөө ямар хүндэтгэл үзүүлж байсан юм бол?
-Одоогийнхон мэдэхгүй, мартаад байгаа болохоос монголчууд ус, голоо маш их тахиж шүтдэг байсан. Ялангуяа мал сүргээ өсгөх, эд хөрөнгөө арвижуулахад усыг их тахидаг. Яагаад гэвэл ус амьдралын эх үүсвэр. Иймд гол, нуурыг тахидаг. Энэ заншил Дундад зууны үед ч гэсэн нэлээд үргэлжилсэн. Сүүлийн үед уул тахих нь их болж, гол нууруудыг тахих нь багасчээ. Дундад зууны үе хүртэл энэ тахилга үргэлжилж байсныг Орхон голыг тахиж байсан эх сурвалжууд гэрчилдэг. Мөн “Монголын нууц товчоо”-нд гардаг Харилт нуурыг Арван хангал хурж тахидаг болсноос хойш Хангал гэж нэрлэсэн жишээнээс нь харж болно. Туул, Хэрлэн, Онон голоо тахидаг ёс байсан. Харин нийтийн тахилга байхгүй. Айл өрхүүд цацлаа өргөдөг ёс заншил бол хадгалагдаж үлдсэн. Монголчуудын усны тахилга тийм ч сүртэй биш, малын шимээр бий болсон шимийн архиар цацал өргөдөг. Ингэхдээ усандаа огт хүрэхгүй, гол руу юм оруулахгүй, ерөнхий чигт нь эрэг орчим нь очоод байгаль дэлхийд нь өргөдөг. Хамгийн гол зорилго нь уул хангайгаа хайрлах, дээдлэх чин сэтгэл, хишиг гуйх хүндлэлийг агуулж ирсэн. Сүүлд Манжийн үед мөнгөн морь, мөнгөн ембүү хааяа өргөдөг болсон явдал бий.
Монголчуудын ёсонд бол чин сэтгэл, сүсгийг гол болгож, “Мал сүрэг, эд хөрөнгийг минь ус шигээ арвин байлгаж хайрла” гээд шимийн архиар цацал өргөдөг байсан. Мөн гол мөрнийхөө усыг ариун байлгахад анхаардаг байсан. Барууныхан монголчуудыг гол мөрний усанд орохоос айдаг, хориглодог гээд л ярьж, бичдэг. Гэтэл хүн, малгүй голоосоо шууд уудаг учраас хүндэлдэг байж. Монголын “хар”, “хөх” гэж нэрлэсэн бүх гол, нуур нь амны ус. Ийм гол, нуурт усанд орохгүй, хувцсаа угаахгүй. Энэ нь усны ариун байдлыг хадгалж байгаа хэрэг. Түүнээс айгаад, эсвэл бохир заваандаа орохгүй байгаа юм бйш ариулж буй юм. Саяхан болтол монголчууд гол дээр шууд юм угаадагүй, тусгай сав түмпэнтэй очиж усаа зөөн ойрхон газар угаадаг. Бохир усаа тэнд байгаа аль нэг хонхор руу хийдэг. Монголчууд голыг ингэж ариулж, гурван мөрөнг хүндэтгэж, шүтэж, биширч ирсэн. Үүний илрэл гол, нуурын эх дээр босгосон овоонууд одоо ч байгаа.
Жишээлбэл, Хэрлэн голыг Хатаны гол, Хэрлэн хоёрын бэлчир дээрээс тахиж байсан овоо нь одоо ч бий. Сүүлд жолооч нар цацал өргөдөг болсон. Олон гол, нуурын хамгийн өндөрлөг юм уу, хүн чөлөөтэй хүрч болох толгойнууд дээр Сант нэртэй овоо бий. Гурван мөрний эх нутагт бүгдэд нь тахилын жижиг овоонууд байгаа. Тэдгээр овоон дээр чулуунаас өөр юм байдаггүй. Зарим дээр нь шашин дэлгэрсэн үеэс сорогшин мод босгосон байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, монголчууд тахилын овооны дэргэд бие засдаггүй байсан. Одоо тэр ёс алдагдаж, уул овооны дэргэд машин тэрэгтэй очиж зогсоод нэг талаар хүндэтгэж тахиж буй юм шиг чулуу тавиад, нөгөө талаар доромжилж байгаа юм шиг ойрхон бие засчихаад явчихдаг болж. Гадны жуулчидтай л хамт явахад гайхаад “Та нар хүндэтгэж байгаа атлаа бие засчихаад явж байгааг ойлгохгүй байна” гэж асуудаг. Цаашид энэ явдлыг цэглэх хэрэгтэй. Гадныхан биднийг “Ямар хуурамч сүсэггэй ард түмэн бэ” гэж муугаар ойлгоно. Тэд хүмүүсийн бие зассан газраас чулуу авахаас сэжиглэж байгаа шүү дээ. Монголын сайхан ёсыг хэтэрхий эдүгээчилсэн, бодлогогүй байдлаар өөрчилж болохгүй. Гол, нуурт хиртэй хувцсаа угаахыг тэвчих хэрэгтэй.
-Монголчууд “Хар ус харамлаж болохгүй” гэж ярьдаг. Монголын түүх, эх сурвалжид энэ үгийн утгыг юу гэж тайлсан байдаг юм бэ?
-“Хар ус харамлаж болохгүй, ус амины үнэтэй” гэдэг шүү дээ. Энэ үгийг манайхан буруу ойлгоод байна. Хар ус харамлаж болохгүй гэдэг нь хүний амьтай зүйрлэсэн хэлц шүү дээ. Ангасан, цангасан хүн эхлээд өвдөнө, дараа нь үхнэ. Иймээс хүний амьтай зүйрлэж байгаа хар усыг харамлаж болохгүй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, тэр хүнийг аврах ёстой, цангаа, ядаргааг нь тайлах ёстой гэсэн үг. Гэтэл эсрэгээр нь хар ус элбэг юм, хамаагүй ханд гэсэн юм шиг буруугаар тайлбарлаад байна. Цэвэр усыг нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Гурван мөрөн, түүний олон салаа, салбар голоос гадна хэд, хэдэн сайхан нуур бий. Нийтдээ 40 орчим нуур байдаг. Түүнээс одоо бидний олонх нь мэддэг Хар зүрхний хөх нуур маш тунгалаг устай. Тэнд Чингис хаан Бөртэ үжнийг дагуулан ирж гал голомтоо асаасан. Дараа нь Тэмүүжинд Чингис хаан гэдэг цол өргөмжилсөн. Өөрөөр хэлбэл, төрийнх нь суурь тэнд тавигдсан. Манайхаас бусад улсад тэр дархан цаазтай байх ёстой газар. Гэтэл өнөөдөр эрэгт нь тулгаад жуулчны баазууд байгуулчихсан. Гэхдээ одоогоор Хөвсгөл шиг болчихоогүй байна. Мөн Байдлагын Хөх нуур гэж жижигхэн атлаа маш тунгалаг устай нуур бий. Тэмүүжин 300 мэргидээс зугтахдаа хажуугаар нь зугтаж амь гарсан. “Монголын нууц товчоо”-нд бйчсэнээр энэ нуурын орчим нэлээд шавар, намагтай. Цатгалан могой шургах завсаргүй шувуудтай. Бүрги эргээс их ойрхон. Зэлмэ Бурхан Халдун уулыг маш сайн мэддэг байсан тул түүгээр л зугтана гэж тэр замаар авч гарсан. Сүүлд Чингис хаан Хүйтэн ууланд шархдаад байхдаа “Гурван мэргидэд бүслэгдэхэд чи амийг минь нэг аварсан. Өнөө шөнө хоёр дахиа аварлаа. Чиний тусыг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн. Хаан болсныхоо дараа түүнийг есөн удаа осолдоход ял, зэм хүртээхгүй гэсэн эрх өгсөн байдаг. Байдлагын Хөх нуурыг Монголын чинээлэг хэсгийнхэн тахиж байсан. Сайн ноён хан, Засагт хан аймгийнхан Биндэръяа Хөх нуурыг тахиж байсан. Хүрээний баячууд, ноёд Есөн хөх нуур, Найман Сангийн далайн нуурыг тахидаг байсан.
Энэ тахилгын хамгийн эхний бөгөөд ойрхон Хөх нуур нь Туулын эхэнд байгаа Хагийн хаг нуурын дэргэдэх Хөх нуур. Тэнд нэлээн хэдэн нуур бий. Мөнгөн нуур, Мөнгөнхөл нуур маш үзэсгэлэнтэй. Есөн хөх нуур, Найман Сангийн далайн нуурыг тахихдаа зүүн талынхыг Байдлагийн Хөх нуураас эхэлдэг байсан. Дараа нь Хар зүрхний хөх нуур, цаашаа Монгол орны хамгийн нам дор газар Дорнодын Хөх нуур, Халх голын наахна орших Хөх нуурыг тахидаг дараалалтай байсан. Үүний дараа Завханы Отгонтэнгэр хүртэлх бүх Хөх нуурыг тахиад, Баянхонгор, Архангайн Хөх нуруудыг тахидаг уламжлалтай байсан. Хөх, Хар нэртэй бүх нуур хамгийн цэнгэг, тунгалаг устай, зарим ньрашаантай адилхан. Хүчилтөрөгчийн найрлага нь их байдаг учир жирийн уснаас өөр. Түүний дараа нутаг бүрт цэнгэг устай нуур байхгүй учраас давстай нууруудыг тахиж байсан. Давстай нуур нь малчин монголчуудад маш их хэрэгтэй, малыг туулгаж, төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг байснаас тэр. Мал хужирлаж, хужиртай нуурт оруулдгын гол ач холбогдол энэ. Тиймээс бид өнөөдөр ёс заншлаа мартчихаж болохгүй, сэргээх хэрэгтэй. Сэргээхдээ зарим нь орхигдож, зарим нь гажиж байгааг анхаарах нь чухал. Иймд гурван мөрний эх, түүний Чингис хааны түүхэн үйл явдлуудтай холбогдох цутгалууд, гол нууруудыг тахих, цацал өргөх ёс заншлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Нуурын тахилга маш хөнгөн, ихэнхдээ цацал өргөхөд болчихдог зан үйл юм.
-Монголчууд “Тахилга хэтэрвэл тахалга болно” гэж хэлэлодэг. Эрт цагт яаж зохицуулдаг байсан бол?
- Үүнийг Богд хааны Засгийн газар маш сайн зохицуулж байсан юм шүү дээ. Жишээлбэл, Хэнтий хан уул буюу өнөөгийн бидний Бурхан Халдун гэж нэрлээд буй уулыг тахихдаа “40 лам, нэг сайд оролцож, нутгийн иргэд тахина” гэж тодорхой заасан байдаг. Одоогийнх шиг хэдэн зуу, мянгаараа очиж тахлах юм байхгүй. Богд хан уул, Отгонтэнгэр хайрханыг тахихад төрийн сайд очихгүй, нэг орлогч сайд, 30 лам оролцоно гэсэн хуультай байсан. Өнөөгийн бид үүнийг хэтрүүлээд байна. Монгол төрийн тахилга гэж тэр үед байгаагүй. Монгол төрөөс нутаг болгоны уул, хайрхан, гол горхи, байгалийг хайрлаж байх бодлого барьж, уул, гол, нуур болгонд цацал өргөж байхыг зарлигдсан. Өндөрийн овоонуудыг тухайн газар оронд амьдарч байгаа иргэд нийлж тахидаг. Өлийн овоог явж байгаа хүмүүс тахина, тэр нь давааны овоонууд. Өрхийн овоо гэдэг нь хэд хэдэн айлын өвөлждөг айлын ойр байгаа өндөрлөг газрын уул байна. Сүүлд шашин дэлгэрч, тахилгыг лам нар хийж эхлэх үед, 1937 оноос өмнөх лам нар өмдгүй байсан учраас морь унаж, Богд уулын орой руу явахад хүндрэлтэй тул наад талын намхан толгой, эсвэл аль нэг үзүүрийг нь тахидаг болсон. Үүнийг өвдөг овоо гэж нэрлэдэг, дээхнэ үед ноёд тахидаггүй байсан.
-Гурван голын эх болсон газрууд, гол, нуураа тахих ёс заншлыг өнөө цагт сэргээх нь ямар ач холбогдолтой вэ?
…эмэгтэй хүн уул, овоонд гаргахгүй гэдэг нь шарын шашин дэлгэрэхэд үүссэн заншил. Түүнээс өмнө хүн бүр овоон дээрээ гарч байсан…
-Одоо хүн бүхний мэддэг, ярьдаг Бурхан Халдун уулын тухай асууя. Бүгд нэрлээд ярьдаг атлаа Бурхан Халдун гэж ямар уул болохыг тодорхой хэлж мэддэггүй шүү дээ?
-Бурхан Халдун гэдэг нь Хан Хэнтийн нуруу бүхэлдээ байгаа. Зарим хүн Бурхан Халдун гэж нэг жижигхэн уул байгаа юм шиг ойлгодог, тэгж тайлбарладаг нь үнэн л дээ. Гадаадын эрдэмтдийг ч их төөрөгдүүлсэн. Тэр нь Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудын нэр хүндэд ихээхэн муугаар нөлөөлсөн. Монголд эртний түүхийн, ялангуяа Чингис хааны судалгаа, “Монголын нууц товчоо”-ны судалгаа сул байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн. Үнэхээр сулавтар байгаа тал ч бий. Их Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлээгүй бол өдийд судалгаа, шинжилгээний ажил тун хэцүүхэн байх байсан. Ц.Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоо”-г орчуулахдаа нийт монголчуудад ойлгогдохоор, Чингис хаан, эзэнт гүрний түүхийг бүгд мэддэг болгох зорилгоор энгийн ойлгомжтой хэрнээ яруу сайхан хэллэгээр орчуулсан. Ийм тулдаа монголчууд бүгд уншаад ойлгодог болсон. Чингис хааныхаа тухай мэдлэгтэй болсон. Үүнээс өмнө Чингис хаан гэж ерөнхий бурханчилсан ойлголттой, тэр хүн хичнээн ах дүүтэй, эцэг, эх нь хэн юм бэ, хамтран зүтгэгч, үнэнч нөхөд, мянгат, түмтийн ноёд, түүний томилсон жанжнууд хэн байв гэдгийг мэдэхгүй байсан. “Монголын нууц товчоо”-нд Бурхан Халдун уулыг тодорхой дурдсан байгаа. Тэнд хиад боржигон болон урианхай, тайчууд нутаглаж байсан тухай тоо, баримт гардаг. Дээр нь буриадын судлаачдын гаргаснаар 15-20 мянга орчим түмтийнхэн нутаглаж байсан гэлцдэг. Тэгэхээр манайхны ярьж байгаа шиг Бурхан Халдун нь нэг уул биш. “Монголын нууц товчоо”-нд Онон, Хэрлэн, Туулын эх газар Бурхан Халдунд хамаарч байгаа нь тодорхой гардаг.
-“Монголын нууц товчоо”-нд гардаг газрын нэршил, газар зүйн судалгааг та үзэл суртлын /социализмын/ хаалттай цаг үед, төр засгийн даалгавраар хийсэн гэдэг.
-1966 оноос “ Монголын нууц товчоо” -ны судалгаанд оролцож эхэлсэн. Нэг их үндэсний үзэлтэй дээ тийшээ орчихсон юм биш. Тухайн үеийн ерөнхийлөгч, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай нэг өдөр манай багшийг дуудсан юм. Багш намайг дагуулж очсон. Тэр үед бид Монголын хүн амын байршил, нутагшил, шилжих хөдөлгөөнийг судлах ёстой байсан. Ж.Самбуу гуай манай багшид “Та нар ийм судалгаа хийж байгаа юм байна. XIII зууны өмнөх үеийн материал ховор байх, тэгэхээр тэр үеийн хүн амын нутагшлын талаар эх сурвалжид байгаа. Уншаад үзэхээр ихэнх нэр нь Монголын соёлыг төвдчилөх, манжчилах үед алга болгосон, монгол нэрийг байхгүй болгох тухайн үеийн бодлогын хүрээнд ихэнх нь өөрчлөгдсөн байна. Одоо энэ газруудыг “энд байна” гээд заачих хэцүү. Иймд тоймлож мэдээд, хаад, цэргийн жанждын нутаглаж байсан хүрээнд адуу, хонь голцуу хэдэн мянган толгой мал байсан, түүнийг даах ур бэлчээрийн хамгийн сайн даацгай газар байсан байж таарна. Тэгэхээр эдгээр газрыг тоймлож мэдээд, ган зудтай үед нэгдэл, нийгмийнхээ хэдэн малыг хорогдол багатай, хэдэн бор малчнаа зүдүүр багатай онд оруулахад энэ судалгаа хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн. Өөрөө том дарга учраас Чингисийн угсаатай холбоотой судалгааг хий гэж үүрэг өгсөн гэж зарим нь мушгиж магадгүй гэж болгоомжилсон. Мөн биднийг ч гэсэн зарим хэт хувьсгалч нараас, одоо ч байна шүү дээ Ардын намыг муулчихвал зодчих гээд, АН-ыг шүүмжилбэл өшиглөх гээд байдаг ийм хүмүүсээс хамгаалах арга хэмжээ авсан шиг байгаа юм.
Ингээд Ж.Самбуу даргын өөрийнх нь хэлж өгснөөр бид ган зудтай үед хэдэн малаа хорогдол багатай, хэдэн бор малчнаа зүдүүр багатай онд оруулахад л энэ судалгаа хэрэгтэй гээд явцгаасан. Үнэхээр Чингис хааны цэргийн түмт, мянгат, хаад, ноёдын том хүрээ адуу, хонь голлосон олон мянган малтай байх ёстой. Хүн, малын аль алиных нь хэрэгцээнд таарах сайхан устай, ихээхэн бэлчээрийн даацтай газар байх ёстой. Тэр үеэс би судалгааныхаа ажлыг эхлүүлсэн. Цаг үеийн онцлогоос хамаарч судалгаагаа зөөлөн аядуу явуулж байсан.
Монголын төр засаг, зарим хүмүүс Чингис хаан гэдэг нэрийг хэдэх хүртэл хориотой байсан гэж худал ярих юм. Ерөөс 1921 онд Ардын засаг тогтсоныхоо дараагаас эхлэн А.Амар сайд, Жамъян гүн нар “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан газруудыг тодруулах ажилд анхаарч эхэлсэн. А.Амар сайд Дэлүүн болдогийг хайж “Гурван газрын Дэлүүн болдог гээд байна. Хойч үеийнхэн тодруулах хэрэгтэй” гэсэн. Дараа нь Ц.Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоо”-г хөрвүүлэх явцдаа их лавлаж, асууж, Хан Хэнтийн нутгаар морь, тэмээгээр явсан. Сүүлд нь Ц.Дамдинсүрэн гуай ШУА-ийн дарга болоод Х.Пэрлээ гуайд үүрэг өгч “Монголын нууц товчоо”-ны газар, усны нэрийн судалгааг эхлүүлсэн. Х.Пэрлээ гуай өөрийн мэргэжил болох археологийн ажил руу ороод орхисон. Түүнийг нь үргэлжлүүлэх үүргийг бидэнд өгсөн нь тэр. Үүнээс хойш Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ “Монголын нууц товчоо”-ны түүхтэй холбоотой хоёр ч газар дурсгалт хөшөө босгуулсан. Монгол төр эзэн хаанаа, үүх түүхээ бүр орхичихсон юм биш шүү. Одоо “Монголын нууц товчоо”-ны түүхт газруудад нийт 10 хөшөө байна. Цаашид ч хөшөө дурсгал босгох ёстой юм.
Ер нь Чингис хаантай холбоотой дурсгалт газрууд улсын биш юм гэхэд аймгийн мэдлийн дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар байх ёстой. Тэнд болох, болохгүй юм шавж барихдаа биш ерөөс хамгаалалтад авч, уул уурхайд өгөхгүй байх нь чухал. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бичсэн Жак Уэтрфорд бид найман жил судалгаанд хамт явсан. “Чингис хааны түүхт газрууд онгон дагшин хэвээр байгаа нь бүгдээс илүү сайхан байна” гэж тэр хүн хэлж байсан. Энэ үнэн. Жуулчны бааз, амралтын газар, элдэв шавар хөшөө, суварга байгуулах хэрэггүй юм.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
URL: