Монголын хүн амын 36 хувь нь ядуу, хоол хүнсний асуудалтай байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийнй хуралдаанаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл Хүнсний тухай хуулийн дараа хэлэлцэгдэхээр байгаа. Тэгэхээр хүнсний хангамж, хүртээмжийн асуудлыг аюулгүй байдалтай зэрэгцүүлж ярих зайлшгүй шаардлагатай гарч байна. Иймд хоёр хуулийн төслийг хамтатган ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн боловч дэмжигдсэнгүй.
Хүнсний чанар, эрүүл ахуйд тавих хяналтын хувьд одоогийн мөрдөж байгаа хуулийн зохицуулалтаас ялгагдах онцлог нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаандаа дотоод хяналтын дэвшилтэт тогтолцоог нэвтрүүлж, түүний үр дүнгээр бүтээгдэхүүнээ баталгаажуулах үүрэг, хариуцлагыг шинээр хуульчилж байгаа аж. Мөн төрөөс хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг шинээр томьёолон төсөлд тусгасан байна. 1999 онд батлагдсан Хүнсний тухай хуульд хүнсний хангамж, хүртээмж, тэжээллэг чанарыг хамгаалах, хүн ам зохистой хооллох талаар хэрэглэгчийн эрүүл мэндэд чиглэсэн зохицуулалт бага, харин аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааны зохицуулалт түлхүү тусгагдсан байдаг боловч хүнсний эрүү ахуй шаардлагын түвшинд хүртэл хангагдаж чадахгүй байгаа талаар танилцуулгад дурдлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан “Дэлхийн өлсгөлөнгийн атлас”-т Монгол Улсын хүн амын 36 хувь нь ядуу, хоол, хүнсний асуудалтай байгааг харуулсан байна. ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалын хэлснээр Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүнд гурил, улаанбуудай, тарианы үр, хүнсний давс, ундны ус ордог бөгөөд Хүнсний хуулийн төсөлд шинээр мах, сүүг нэмж оруулахаар болсон байна. Мөн дотоодод үйлдвэрлэх боломжгүй импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тэжээл, органик хүнсэнд урамшуулал үзүүлэхээр болжээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонхи нь Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай гэсэн хоёр хуультай болох нь . Энэ хоёр хуулийн зааг ялгаа харагдахгүй, ойлголт муутай байна. Ер нь хоёр хуулийг нэгтгэж нэг хуультай болох нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал , Хүнсний тухай хууль бол суурь хууль. Иймд хоёр хуульд агуулгын давхцал гарахгүй. Хуулийн төслийг боловсруулахад хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн саналаа оруулж хамтарч ажилласан. Хүнсний аюулгүй байдлын цаана чанар, илчлэг, хангамж гэсэн гурван гол үзүүлэлт байдаг гэсэн тайлбар хийсэн. Гэвч гишүүд хариулт тодорхой бус хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.
Гишүүн Э.Бат-Үүл хүнсний чанар, хангамж, тэжээллэг чанар зэрэгт анхаарах нь хуульд тусгах нэг л хэсэг. Түүнээс гадна дайн бүхий үе, байгалийн гамшгийн үед хүнсийг яаж хадгалах, хэрхэн нөөцлөх гэх зэргийг хуулийн төсөлд заагаагүй байна гэж байлаа. Гишүүн Н.Ганбямба суурь хуулийн концепци хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх ёстой. Өнөөдөр манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас, тодруулбал урд хөршөөс авч байгаа нь эмгэнэл. Энэ арчаагүй байдлаас гарах цаг болсон. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар хуулийн төсөлд тусгах ёстой. Гаднаас оруулж ирж байгаа хүнсний гарал үүсэл, хугацаа огт байдаггүй. Хүнсний аюулгүй байдал хутганы ирмэг дээр ирчихсэн байна. Иймд хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүнд дэлхийн стандартыг мөрдүүлэх нь чухал гэлээ. Мөн мал аж ахуйтай орон атлаа жилд Хятадын Эрээнд 36 тэрбум төгрөг тушааж йогурт, аарц нэртэй хор оруулж ирдэг. Дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжихдээ тааруу, гаднаас авчирсан хүнсний гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлсэн хугацаа тодорхой бус, эсвэл хугацаа хэтэрсэн байдгийг тэрбээр хэлж, хятад, солонгос ханзыг монгол хүн мэдэхгүй тул барааны шошго монгол хэл дээр байх шаардлага тавих ёстой хэмээж байлаа. Хятадууд хорт утааны баг зүүж төмсний зоориндоо ордог, хөгцөрсөн мантууг бодисоор шүршээд хөвсгөр, цагаан болгодог зэрэг аюул хилийн цаахна байгааг ч санууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, дэлхий нийт химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Гэтэл хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх заалт оруулжээ. Энэ хэр оновчтой юм бэ. Нано технологийн хүнсний хэрэглээг дэлхий нийтэд дөнгөж таньж эхэлж байхад бид хэрэглэх гээд явж байгаа нь зөв үү гэдгийг тодруулж хариулт авахыг хүссэн юм . Хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй хүнсийг үйлдвэрлэх, худалдах, импортлох, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байгаа. Харин нано технологиор үйлдвэрлэсэн хүнсийг урьдчилсан лабораторид оруулж аюулгүй байдлыг хангасны дараа хэрэглэж болохоор төсөлд тусгасан гэсэн тайлбарыг дэд сайд Х.Золжаргал өглөө. 20, 30 жилийн дараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний дараа нано хүнсийг хэрэглэдэг юм байгаа биз. Шинэ технологийг болгоомжтой хэрэглэх нь чухал. Иймд нано хүнс хэрэглэх заалтыг төслөөс хасах хэрэгтэй гэсэн гишүүний саналыг төсөл санаачлагчид хүлээж авав.
Гишүүн Д.Тэрбишдагва Хүнсний хуулийг хойшлуулж Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх санал гаргаад “Монголчуудын 39-41 хувь нь ядуус. Тэд орлогынхоо 50-иас дээш хувийг хүнсэндээ зориулдаг. Гэхдээ аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу, үгүй юү гэдэгт анхаарах ёстой. Хүнс, хүнсний аюулгүй байдлыг ялгасан хууль хэрэгтэй. Хүнсний хууль бол ерөнхий хүрээ нь зөв гарсан байна” гэсэн санал хэллээ. Тэрбээр мөн дэлхий долоон тэрбум хүн амтай болсны нэг тэрбум нь өлсгөлөнд нэрвэгдсэнийг, 2050-2060 оны үед хүн ам 10 гаруй тэрбумд хүрч хүнсний асуудал нэн тулгамдах учир үүнийг хуульдаа оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хэлэхдээ, бид сүүлийн 20 жил орос, хятадын агуулахад хадгалагдаж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ тэжээж ирсэн. Захын монгол хүний элэг дотрыг эхо-гоор үзэхэд ямар гарах нь ойлгомжтой. Өнөөдөр дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдлын стандартыг хангамж, хүртээмж, эрүүл мэндэд эрсдэл үзүүлэхгүй байх гэсэн 3 үзүүлэлтээр мөрдөж байна. Иймд хүнсний зохицуулалт, хяналтын асуудлыг төсөлд тусгах хэрэгтэй гэсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд Хүнсний тухай хуулийн төслийг Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Ш.Эрдэнэчимэг /МОНЦАМЭ/
URL: