Баталгаагүй эм бэлдмэлийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарын эм биобэлдмэлийн чиглэл нь Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг ба дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийдэг.
Энэ хүрээнд 2018 оны наймдугаар сарын 1 -ний өдөр ирсэн иргэний гомдлийн дагуу манай байгуулагад Facebook /нүүр ном/-р гаргасан “БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн Jinchenhai ХХК, Аполло ХХК эмийн сүлжээ бизнес нь бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийдэг, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг” гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээжээ.
Шалгалтаар БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай Жин Чен Хай ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, худалдан борлуулж байсан 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ.
Иймд Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 3,000,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, 11 нэрийн нийт 155 хайрцаг, 7,798,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч Албадлагын арга хэмжээ авсан байна. Мөн хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлжээ. БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай Аполло ХХК нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолдог аж.
URL: