Д.Пүрэвжав: Шүүх эмнэлгийн шинжээч эмч н.Ундармааг АТГ-т шалгуулна
Зургийн тайлбар: 2018.07.29 өдөр цагдаагийн хэлтэст
Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийнхөн худал дүгнэлт гаргаж, танил тал, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг гэх шүүмжлэл сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байгаа ч одоо хэр энэ байгууллагад арга хэмжээ авлаа гэж дуулдсангүй. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг дээр Д.Гантулгын талд үйлчилж худал дүгнэлт гаргасан хэмээн тус төвийн шинжээчид АТГ-т шалгуулж байгаа юм.
Тэгвэл тус төвийн шинжээч нартай холбоотой дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Д.Пүрэвжав нь саунаар үйлчлүүлж байхдаа иргэн өөрийгөө яармагийн ГУРВАН БҮДҮҮН-ий нэг, халхын цуутай атамуудын нэг гэж өргөмжилсөн Д.Хүрэлбаатар гэгчид зодуулж, гэмтэл авсан байна. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байх үед өнөө хүнийг ухаангүй болтол зодсон, яармагийн ГУРВАН БҮДҮҮН-ий нэг, халхын цуутай атамануудын нэг гэж өргөмжилсөн Д.Хүрэлбаатар нь өөр дээрээ шүүх эмнэлгийн эмч Б.Ундармаагаар гэмтлийн зэрэг гаргуулчихсан, хохирогч болчихсон юм байна. Шүүх эмнэлгийн бас нэгэн ноцтой хууль бус ажиллагаа, хуурамч дүгнэлтний хохирогч болоод байгаа гэх Д.Пүрэвжавтай ярилцлаа.
-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр би БЗД-т байрлах “Намяанжү” сауны газраар үйлчлүүлсэн юм. Толгойгоо угаагаад зогсож байтал 50 гаруй насны өөрийгөө яармагийн гурван бүдүүний нэг, монголын цуутай атамуудын нэг гэж нэрлэсэн нэг залуу хэлэхийн аргагүй үгээр намайг доромжилсон. Тэгэхээр нь “… та нас намбатай хүн байж ийм зүйл ярьж байгаагаасаа ичихгүй байна уу, өдий насны хүн байж биеэ зөв авч яваач” гэж хэлчихээд эргээд хартал шууд хамар луу тас гээд гараараа цохиод авсан. Би шууд газарт унахад намайг нүүр нүүдгүй зодож, толгой, цээжин хэсэг рүү цохиж би ухаангүй болсон. Удалгүй цагдаа ирж, тухайн иргэнийг аваад явсан. Тэгээд би цагдаа дээр очиж гомдол, мэдүүлгээ өгч, болсон бүх явдлыг ярьсан.
Тэгээд шууд тэр оройноо шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон. Шүүх эмнэлгийн хариу хэд хоногийн дараа гарахдаа хөнгөн гэмтэл гэж гарсан байна лээ. Гэхдээ миний хамар хугарч, амьсгалж ч чадахааа больж, толгой өвдөж хамрын хагалгаанд орохоор болсон.
Тэгсэн чинь хамгийн сонин нь намайг ухаангүй болтол зодож гэмтээсэн Д.Хүрэлбаатар чинь надад зодуулж гэмтсэн болж, өөр дээрээ шүүх эмнэлгээр гэмтэл тогтоолгочихсон байна.
-Шүүх эмнэлэг Д.Хүрэлбаатарыг танд зодуулсан гээд гэмтэл гаргачихсан юм уу?
-Би толгой руугаа цохиулаад ухаангүй болчихсон хүн. Гэтэл надаас хамаагүй өндөр, бүдүүн, том биетэй өөрийгөө атаман гэж орилоод байсан хүн надад зодуулчихлаа гэсэн дүгнэлт гаргаад өгчихсөн байна. Би сая дүгнэлтийг нь уншаад гараад явж байна. Үнэндээ нүдэндээ ч итгэсэнгүй. Шударга үнэн зүйл гэж үнэхээр байхгүй болсон юм байна энэ цагдаа, шүүх эмнэлэгт. Зодуулсан нь зодсон, хохирсон нь хохироосон болдогийг өөрийн бие дээрээ мэдэрч байна. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг төрийн албан хаагч нар авилга авч, хууль зөрчөөд байвал нэг л өдөр өөр дээр нь үйлийн үр нь ирдэг л юм даа.
-Тэр хүнийг та цохиогүй, гэмтээгээгүй гэх нотлох баримт танд байгаа юм уу?
-Байгаа. Танд энэ бичлэгийг өгье. Хэрэг болдог өдөр хуульч дүү рүүгээ ярьсан. Дүү маань ирээд одоо таныг зодсон нөхөр чинь өөрийгөө зодуулсан гээд гомдол гаргаж, өөрөө дээрээ гэмтлийн зэрэг тогтоолгож магадгүй. Манай шүүх эмнэлэгт танилтай, мөнгөтэй л бол энэ бүхнийг хийхэд амархан. Тиймээс энэ нөхрийн зодуулаагүй, бэртээгүй байгааг баримтжуулах нь зөв гээд бичлэг хийсэн. Тэр нь одоо надад их хэрэг болж байна. Би тэр хүнд гар хүрээгүй, зодоогүй байхад хөнгөн гэмтэлтэй хэмээн дүгнэлт гаргасан асуудлыг АТГ-т шалгуулна. Шүүх эмнэлгийнхэн ийм муухай байж болохгүй ш дээ. Бидний татварын мөнгөөр цалинжиж, ажиллаж амьдарч байж шударга л ажиллах ёстой ш дээ.
-Энэ тухайгаа байцаагчдаа хэлсэн үү?
-Хэлсэн. Цагдаагийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Тэгээд тэр өдөр бид цагдаагийн хэлтсийн гадаа байхад тэр Б.Хүрэлбаатар гэгч нөхөр “Би чам шиг юмыг хүн явуулаад л зодоод алуулчихаж чадна шүү” гэж айлган сүрдүүлсэн. Тэгээд энийгээ цагдаагийн жижүүрт ороод хэлэхээр хажууд ирчихээд “Би юу гэж тэгэх хэлэх вэ. Тэгэж хэлээгүй. Намайг гүтгэж байна” гэх мэтээр гүрийгээд, гарахаараа намайг айлгаж дарамтлаад ёстой нэг жүжигчин нөхөр байна лээ. Хэрвээ надад ямар нэгэн муу юм тохиолдвол шууд энэ хүнтэй холбоотой гэж ойлгож болохоор байна.
-Та ер нь тэр хүнийг таньдаг юм уу
-Үгүй. Би огт танихгүй.
-Дүгнэлт гаргасан эмч нь хэн бэ. Энэ асуудлаар холбогдох газруудад нь хандах уу?
-Хандалгүй яахав. Мөнгөтэй, төгрөгтэй танилтай гээд иргэдийг ингэж муухай хохироож болохгүй. Шүүх эмнэлгийнхэн ёстой муухай хүн чанаргүй байна.Шүүх эмнэлгийнхэн худал дүгнэлт гаргалаа, мөнгөтэй төгрөгтэй талд үйлчиллээ гээд янз бүрийн л мэдээлэл гардаг. Арай ч үгүй байх гэж бодож явтал үнэхээр тийм байдаг юм байна. Зодуулаагүй хүнд хөнгөн гэмтэл гаргадаг шинжээч эмч н.Ундармааг заавал АТГ-аар шалгуулах болно. Ийм муухай хүн чанаргүй, хуурамч дүгнэлт гаргадаг байж болохгүй.
Би эцсээ хүртэл явна. Болохгүй бол өлсгөлөн зарлана. Энгийн хичнээн хүнийг энэ хуулийнхэн, шүүх эмнэлгийнхэн ингэж хэлмэгдүүлсэн бол. Хүмүүс өөрийгөө атман гэж нэрлэсэн эрүүгийнхнээс айгаад, өөр дээр нь хэрэг үүсгэсэн цагдаад дарамтлуудаад зогсдог. Би тэр худал дүгнэлт гаргасан эмч, ЯАРМАГИЙН ГУРВАН БҮДҮҮНИЙ нэг, халхын цуутай атамуудын нэг гээд байгаа нөхрийг ял автал тэмцэнэ. Тиймэрхүү юмнуудад хууль тэгш үйлчлээгүй цагт шударга ёс хэзээ ч тогтохгүй.
Б.Анир
http://www.zaluu.com/read/27a3493ca
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ПҮРЭВЖАВАА БОЛИО ЧИ ДАНДАА ХҮН ӨДӨЖ ЧАДАЛ МУУТАЙГ НЬ ДЭЭРЭЛХЭЖ ЗОДЧИХООД ЧАДАЛТАЙД НЬ ГАНЦ ХОЁР ЦОХИУЛЧИХААД ДАНДАА ИНГЭЖ БИЕЭ ҮНЭЛЖ ЯВАХ ЮМ ОДОО ЭР ХҮН ШИГ БАЙ ОДОО ТОМООЖИХ БОЛСОН БАЙМААР ЧИ ОЛОН ХҮНД ГАЙ БОЛЖ ХАНАХГҮЙ ЮМ АА