Удирдахуйн ухаан – Сургамжит өгүүллэг
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав. Үйлдвэрийн даргын өрөөнд сууж ажилтай нь танилцах зуураа даргын байр байдлыг ч ажин суув. Хэр ачаалалтай ажиллаж байна, орж гарч буй хүмүүстэй ямар ажил хэрэг ярьж байна гэх мэт. Тэрээр орж ирсэн ажилчидтай ажил ярихын оронд тэдэнтэй хошигнон инээж байв.Даргатай ярьж суухдаа түүний хэдхэн газартай хэдхэн минут л ажил ярихыг сонссон бүрэлдэхүүн буцахдаа түүний жилийн цалин болох 100000 долларыг багасган зардалдаа хэмнэлт хийж болох талаар санал нэгдэцгээв. Шинэ цалингаа хүлээн зөвшөөрөөгүй хуучин захирал ажлаас гарсан тул өөр хүнийг үйлдвэрийн захирлаар томилжээ.
Гурван сарын дараа удирдах зөвлөлд ирсэн үйлдвэрлэлтийн үзүүлэлтэд анхаарал татахуйц буурсныг ажиглав. Шинэ хүн иймэрхүү зүйл гарах нь байж болох л хэрэг гэцгээв. Зургаан сарын дараа статистик нэлээн ихээр унасан байлаа. Өмнөх хоёр хүн мөн л үйлдвэрийн Жилийн эцэс болоход үргэлж ашигтай гардаг үйлдвэр алдагдалтай гарав. Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ явдалд биесээ буруутган үйлдвэр лүү ахин шалгахаар өөр хоёр хүн илгээв. Тэр хоёр захирлын өрөөнд орсонгүй шууд үйлдвэрээр яван ажилчидтай ярилцав. Ажилчдын ихэнх нь ажлаа хийхийн оронд хэн нэгнийг хүлээн сул зогсож байв. Учрыг лавлатал “Үйлдвэрийн дарга шинэ бүтээгдэхүүн хийж эхэлнэ гэсэн. Түүнийг ирэхээс өмнө эхэлж болохгүй гэсэн. Тиймээс бид ч хүлээж байна. Цахилгааны цехийн ажлаа дуусгаагүй бололтой ирээгүй л байна” гэцгээв.
Энэ үед ахимаг настай мастертай тааралдав. Түүн дээр очин үйлдвэрийн хуучнаасаа муу ажиллаж буйн шалтгаан юу байж болох тухай асуутал “Манай хуучин захирал жижиг деталиудтай зууралдахын оронд ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө зохион, үйлдвэрийн үндсэн ажлыг бидэнд орхидог байсан юм. Бид ч түүнийг юухан хээхнээр саатуулж уядаггүй байлаа. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид түүн дээр очдог, тэр ч үүнийг хамгийн оновчтойгоор шийдвэрлэж өгдөг байв. Тэр жинхэнэ үйлдвэрийн дарга байсан юм. Бидэнтэй хошигнож, сэтгэл санаагаар дэмжин байнга бидэнтэй ярьж, биднийг ойлгодог хүн байсан. Харин одоогийн захирал шударга сайн хөдөлмөрч хүн боловч бидэнд ер найддаггүй. Бүх зүйлийг өөрөө л хийдэг. Бид ч яахав ачиж буулгах ажил л хийж байх шив дээ. За бид ч яахав ингээд явж л байна. Харин үйлдвэрийн даргын ажил л цалгардаж байна даа. Ирээдүйг бодож, урьдчилан бүхнийг харж сэрэмжлэн ажилладаг тэр хүний оронд хэн ч алга” гэв. Хуучин даргыг буцааж ажилд авахыг хүссэн удирдах зөвлөлийнхөн энэ удаад жилийн 150000 долларын цалин өгөхөөр амлан байж түүнийг эргүүлэн авчирчээ.
URL: