ГАДААДАД ГАНГАРСАН С.БАТБОЛД, ХӨДӨӨ ХӨХӨРСӨН Н.АЛТАНХУЯГ
Засгийн эрх барьж буй хоёр намын рейтинг ямар байгаа нь тодорхой боллоо. Бие биеэ тандаж, сөрөг хүчнүүдийг сорьсон судалгааг хэн хэн нь нууцаар явуулсан ч дүн нь ил болчихсон шүү дээ. Одоо харин намын удирдлагууд,
цаашилбал нам дотроо лидерт тооцогдож буй эрхмүүдийн рейтинг ямар байгаа нь сонирхол татаж байна.
С.Батболдын хувьд өнгөрсөн гурван жил сууж ажил хийсэнгүй. “Ард түмнээ сонсъё аян”-ыг орон даяар зарласан Ардын намын дарга маань Монголоо тойрч, эх орныхоо өнцөг булан бүрт очсон нь үгүй. Морин дэл дээгүүр гэдэг шиг төмөр хөлөг хүлэглэн гадаадад гангарсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах нь.
Стандарт бус Засгийн газрын “Загалмайлсан эцэг” С.Баярын залгамжлагчийн хувьд түүний амнаас стандарт гэдэг үг салахгүй. Евро стандарт, Кембрижийн хөтөлбөр, Америк жишиг, боловсролын стандарт гээд л гоё гоё юм яриад байсан. Харамсалтай нь Монгол Улс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой учраас гадаадаас импортлох гээд байгаа тэрхүү гоё стандартууд нь манай хөрсөнд сууж өгөхгүй, ард түмний амьдралд наалдаж ахиц дэвшил гарсан юм алга. Тухайлбал, Евро стандартыг Монголдоо хэрэгжүүлнэ гээд л байсан. Гэтэл өнөөдөр гайхуулаад байсан Евро стандарт нь Грек, Италийн өрийн хямралд арчигдаж, тэр байтугай Европын холбоо дампуурахад хүрч байна. Амьдралд ойрхон наад захын жишээ гэхэд л С.Батболд боловсролын стандарт, Кембрижийн жишиг гэж дээгүүр хараад яриад байснаас биш багш нарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс ямар байхыг бодолцсонгүй. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүх багш нар ажил хаялаа. Цалингаа голсон тэдний араас сарын 21 мянгаар амьдралаа залгуулдаг хүмүүс өнөө маргаашгүй жагсч мэднэ. С.Баярын үед эхлүүлсэн “Атрын III аян” С.Батболдын үед балансаа хумьсан учраас буудайгаа үнэ хүргэж чадаагүй, амьдралаа яая гэж байгаа тариаланчид мөн жагсаалд нэгдэхэд бэлэн байна.
Засгийн газрын тэргүүний ажлыг нэг иймэрхүү төвшинд хийж ирсэн бол улс төрийн намын даргын хувьд юу амжуулав гэсэн асуулт гарч таарна. Багийн тоглолт хийж чаддаггүйг нь улс төрийн хүрээнийхэн аль эрт яагаав нөгөө намынх нь гишүүд өөрийг нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэхэд тендер тарааж хүндээ хөнгөнөөс өгснөөс эхлэхэд л дүгнэчихсэн шүү дээ. Толины өмнө зангиагаагаараа оролдож, ганцаарчилсан тоглолт хийдэг учраас намаасаа дэмжлэггүй. Ардын намын зүгээс хийж буй массын тоглолтыг У.Хүрэлсүх л нааш, цааш болгож байгаа учраас намын гишүүд нь даргаа “Багийн алуурчин” хэмээн жиг, жуг гэлцэх болсон билээ.
Өнгөрсөн гурван жил хөдөө хөхөрсөн хүн бол АН-ын дарга Н.Алтанхуяг. “Монгол хүн-2020” хөтөлбөр, үйлдвэржилтийн аяны хүрээнд аймаг, сум, цаашилбал баг болгонд очсон наанаа ажил хэрэгч дүр эсгэж, цаанаа 2012 оны сонгуулийг тооцсон тун сэргэлэн менежер. Жижиг, дунд үйлдвэржилтийг дэмжих, зээл олгох асуудлыг шийдүүлсэн нь АН-ын хувьд том алхам болсон. Нэг харахад Дархан-Уул аймагт оччихсон наранцэцэгийн тосны үйлдвэртэй танилцаж явдаг. Эсвэл “Дархан нэхий” ХХК-ийн ажилчидтай уулзаж байдаг. Асуудал шийдүүлсэн юмгүй айлчлал нэрээр зугаалсангүй, ажилчин ангийнхны цалин хөлс, зээлийг шийдүүлэх тухай ярьснаараа С.Батболдоос илүү оноо цуглуулсан, бас алсыг харсан гэдэг утгаараа нэр хүнд олсон байх талтай. Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, зээлийн асуудлыг хэрэгжүүлэх шатанд асуудал үүссэн нь цөөнгүй ч “Бидний санаачилсан ажлыг Ардын нам зориуд унагаасан” гээд хэлчихвэл цайруулах энүүхэнд. Н.Алтанхуяг стандарт яриагүй ч ухаалаг иргэний үнэмлэх, иргэний бүртгэлийг цахим системд шилжүүлэх тухай том зүйлүүд амласан. Үнэндээ тийм үнэмлэх Монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Сонгуулийн өмнө цахим үнэмлэхтэй болгоно гэсэн нь одоохондоо амлалт хэвээр байна. Хэрхэн хэрэгжихээс шалтгаалан түүнд дүн тавих цаг ирэх нь мэдээж. Тэр үед Н.Алтанхуяг юу ярих нь харин сонирхолтой юм. Одоохондоо тэргүүн Шадар сайдын хариуцсан салбарт жагсаал, цуглаан болоогүй байна. Гэхдээ цаашид гарахыг үгүйсгэхгүй л дээ. Н.Алтанхуяг ямар энхийн цагаан тагтаа биш. Тэгээд ч Монголд ядуурал, бухимдал газар авч байгаа юм чинь.
АН-ын даргын хувьд Н.Алтанхуяг өөрийгөө багийн тоглогч гэдэг юм билээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлынхаа өмнө сандал, ширээ ярьж баахан талцдаг ч тэгсхийгээд намддагаас үзвэл түүний хэлсэн ортой байж мэднэ. МАН-тай учраа олж, засагт багтсан зальтай төдийгүй намынхаа бүлэглэл, фракциудыг хооронд нь чимээгүйхэн “Наалдан пад”-аар нааж явдаг учраас намын даргын суудалд тэсч үлддэг биз.
Л.САНСАР
URL: