Нэг бэртэгчин, хоёр бэртэгчин, гурван бэртэгчин…
Энэ бол ёстой муухай зүхлийн үг. Бэртэгчин гэж хэлүүлэхийн оронд бэрд гэж хараалгавал хамаагүй дээр. Угтаа бэртэгчин гэдэг бол тун ёозгүй хоч юм.
Учир нь бэртэгчин гэх нь “…Чи хүн биш ээ” гэсэн шиг сонсогддог болохоор тэр.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Монгол хэлний их тайлбар толь”-д бэртэгчин гэдгийг “…Амин хувиа бодож, олз ашиг хөөгч” гэж тодорхойлжээ. Товчхондоо, үл бүтэх хүн гэсэн байгаа юм.
Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бэртэгчинг “…эгэл, доод, бэртэгчин хүн, бэртэгчин үзэл, бэртэгчин явдал” гэж тайлбарлажээ.
Эдгээрийн утга нь нэг юм. Доод гэдэг нь дорд гэсэн утга агуулсан байх аж. Дээр хэлснээр хүний адаг, дорд этгээд л гээд байгаа юм л даа.
Харамсалтай нь, өнөөдөр манай нийгэм бэртэгчин этгээдүүдээр дүүрчихсэн ажээ.
Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн орой, ажлын цаг дууссаны дараа ЗТХЯ-ны дөрвөн Газрын дарга, бас бус хүмүүс яамныхаа байранд архи уужээ. Эцэст нь дөнгөж 38-хан настай, дөрвөн хүүхдийн эцэг цаг бусаар хорвоог орхисон эмгэнэлтэй хэрэг гарав.
Энэ хэрэг бэртэгчингүүдээс л болсон байгаа юм. Б.Махбал гэдэг эр Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд ажилладаг Ганбаяр гэдэг нөхрөөр Г-г 19 цагаас эхлээд дуудуулаад байжээ. Хэд хэдэн удаа дуудуулж байж Г өрөөнд нь ороод ердөө цагийн дараа буюу 20 цагийн үед хамт яамны хаалгаар гарсан байгаа юм. Ингээд үүдэнд өнөөх Б.Махбал Г-г хоёр удаа цохиж унагаад, толгой руу нь долоон удаа өшиглөсөн байна. Улмаар эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж эрүүг нь мулталж орхисон байгаа юм. Шүүхийн шинжээчийн дүгнэлт үүнийг нотолсныг “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал хэлсэн байна. Хамгийн ноцтой нь Б.Махбалын ингэж араатан шиг авирлаж байхад хамт архи ууж байсан нэр бүхий таван бэртэгчин хараад л зогсож байжээ. Б.Махбал зодож ханаад өнөөх тавыг дагуулаад яам руугаа буцаад орсон байна. Удалгүй хоёр нь гарч ирээд газарт ухаангүй хэвтэж байсан Г-г яамны үүдэн дэх сандал дээр өргөж тавьчихаад буцаад орсон байгаа юм. Араас нь тус яаманд үүрэг гүйцэтгэж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч гарч ирээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан байна. Түргэн 20 минутын дараа ирэхэд Г нас барсан байжээ. Нэгэнт хагацал үзсэн айл гэрийн зовлонг сэдрээх гэж энэ бүхнийг бичсэнгүй. Дэргэдээс нь хараад зогсч байсан тавын таван хүнээс ядаж нэг нь Б.Махбалыг зогсоох гэж оролдож болсонгүй юу гэх харуусал төрөөд болдоггүй.
Эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд нэг нь эмэгтэй дөрөв нь эрэгтэй хүмүүс байсан гэж байгаа. Тэдэн дундаас ийм хэрцгийгээр зодуулж байгаа хүнийг хамгаалах хүн гараагүй гэдэг арай ч дээ л гэмээр байна.
Тэр нөхдүүд танихгүй хүний хажуугаар яваад өнгөрөх мөстэй хүмүүс юм гэхэд Г бол тэдний мөр зэрэгцэн хамт ажилладаг хүн нь шүү дээ. Уг нь хотонд боохой ороод ирэхэд хонь хүртэл майлж эзэндээ чимээлдэг юм сан.
Цаг үнэхээр цөвүүн болжээ. Төр бэртэгчингээр дүүрсэн байна. Ерөнхий сайд “…Төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагад анхаарах цаг болсныг дахин харлаа” гэж мэдэгдэж байна лээ.
Үгүй юм. Ёс зүйгээс хол давсан, чанарын асар доройтолд Монголын төр, төрийн албан хаагчид орсон байна.
Хар даа, ЗТХЯ-ны удирдах төвшний ажилтнууд тавуулаа тойрч зогсчихоод Б.Махбал гэдэг нөхрийн аллага үйлдэхийг хараад зогсч байдаг. Тэр таван бэртэгчин нөхөр Б.Махбалд тал алдахгүйн тулд дуугүй харж зогссон. Харин Б.Махбал нь Г-гийн ажлыг өгүүлэх “даргын даалгавар”-ыг биелүүлэх гэж хүний амь хөнөөтлөө улайрсан байгаа юм.
Энэ ерөөсөө л дээр хэлсэн бэртэгчин зантай холбоотой. Дарга юу гэнэ вэ, дагаж ханардаг. Улс төрийн алдарт үлгэр болох “…Хаан шалдан байна” гэж хэлж чаддаггүйн шилдэг хуулбар, манай төрийн бэртэгчин зан юм.
Энэ эмгэнэлт явдлын дараа ЗТХЯ-ны сайд, дэд сайд хоёр нь чөлөөлөгдлөө. Өөрсдөө хүссэн, эсвэл Засгийн газар нь хөөсөн хоёрын алин болохыг нарийн сайн ойлгосонгүй. Гэвч мань хоёр угт нь тултал мэргэшсэн бэртэгчин зан гаргачихаад ЗТХЯ-наас холдлоо. Тэд юуны учир ажлаа өгснөө, ёс зүйн хариуцлага хүлээснээ ойлгохгүй байж байгаад л явчих шиг боллоо. Тэдэнд сайдын сэнтийгээс салж байгаа нь л маш харамсалтай байгаа нь зарим хэвлэл, цахим сүлжээгээр явж байгаа “үдэлт” хэмээх PR-аас нь тодорхой харагдана. Тэдний “фен”-үүд сайдын суудлаас бууж байгаад нь үхтлээ харамсаж гашуудаад л… Зарим нь бүр уйлснаа зарлаж байх юм. Бас “…Овоо эр …Сайн сайд байсан юм” гэж харамсуулаад л…
Харин энэ хоёр сайд талийгаачийн ар гэрийнхэнд, Монголын ард түмэнд хандаж эмгэнэл гашуудлын ганц эвтэйхэн үг хэлчихсэнгүй. Баахан вагон унагаж, олон хүн гэмтсэний гэм хорыг хэрхэн арилгах вэ. За, тэгээд МИАТ-ийн хувьчлал, төмөр зам тойрсон олон асуудал нь “онгорхой” үлдэж байгаа юм. Мэдээж хэрэг, дараагийн сайд, дарга нар тэдгээрийг засна. Харин тэгж засах залруулах зардал нь Монголын төрөөс гарна. Мань хоёрын хувьд хайран сайхан ажлаасаа салсан хүмүүс, юун энэ тэрийг бодохтой манатай.
Нэг үлгэр байдаг юм байна. Нэгэн фермийн эзэн хулганын хавх фермдээ тавьжээ. Үүнийг нь хулгана харчихаж. Тэгээд фермийн тахиа, хонь, үхэр гуравт энэ тухай хэлж л дээ. Гэтэл нөгөөдүүл нь “…Хулганын хавх бол чиний л асуудал. Бидэнд огтхон ч хамаагүй” гэсэн байна. Энэ явдлаас хойш удалгүй хулганад тавьсан хавханд могой орж, дэргэдүүр нь явж байсан фермийн эзний эхнэрийг хатгачихжээ.
Фермийн эзэн эхнэрээ эмчлэхээр тахиагаа алаад шөл хийж өгөв. Дараа нь хонио төхөөрч, эхнэрийг нь эргэж ирсэн хамаатныхаа хүнийг дайлжээ. Сүүлд нь, эхнэр нь нас барж, үхрээ гаргаж оршуулганд нь хэрэглэжээ. Харин хулгана энэ бүхнийг ажиглаад л сууж байв.
Үлгэрт бэртэгчин зангийн хорыг ингэж өгүүлсэн байгаа юм. Тиймээс надад хамаагүй гээд харж зогсоод Г-гийн амь насыг өнгөрөөсөн таван нөхөр агуу бэртэгчин гэсэн үг шүү.
Үнэндээ энэ арчаагүй зангийн гайгаар л Монгол төрийн үйл хэрэг урагшлахгүй, өөдлөхгүй таг зогсчихоод байгаа хэрэг. Өнөө цагт бэртэгчинг төрүүлдэг нэг шалтгаан нь Төрийн албаны томилгоо юм. Пирамид маягийн тогтолцоогоор хийгддэгээс доороосоо дээшээ бялдуучилж долигонож, бэртэгчин зан гаргана. За тэгээд, таримал төрмөл бөх гэдэг шиг таримал, төрмөл бэртэгчингүүд Монголоор нэг, Монголын төрөөр нэг байна даа.
Тэрчлэн төрд ажилд оронгуутаа “…Төрийн алба гэдэг чинь ямар ой гутмаар дэг жаягтай байдаг юм бэ. Бие биеийнхээ мууг үзсэн, хов жив зөөсөн” гэж ирээд л ярьж байсан нөхөд надад олон бий. Хэдэн сар болоод аажмаар ажлаа муулахаа болино. Явсаар өөрөө тэдний нэг болж хувирдаг шиг байгаа юм, таг чиг болно. Тэр занд шингэж байгаа нь тэр байж магад.
Гэхдээ албан тушаал, ажлаас чухал үнэт зүйл юм гэж хүнд байх ёстой. Тэр нь хүн чанар юм.
“…Ямар хүн төрд байна, тэр төр тийм л байдаг” гэсэн Ц.Лоохууз агсаны үг бий. Тийм учраас Монголын төрийг бэтэг мэт сульдаасан бэртэгчин зангаас салгах л ганц зам байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: