Мафи болсон малын хулгай
Нэг ийм хошин яриа байдаг. “Монголын анхны авлигын хэрэг бол хар булган дахны хэрэг. Монголын анхны малын хулгайн хэрэг бол найман шаргын хулгай” гэж.
“Монголын нууц товчоо”-нд гардаг найман шаргын хулгайн хэрэг өдгөө эрчээ авч, техник технологийн үсрэнгүй хөгжлийг ашиглан улам л боловсронгуй болж байх шиг. Саяхан нэгэн жиргээч “Хаа байсан 1000 км-ээс хулгайлж ачиж авчраад “Эмээлт” дээр яг нядалгаанд ордгийн даваан дээр тамгаар нь хүн таньж залгаснаар 13 адуугаа олж авлаа. Малын хулгай гэж 21 аймагт сүлжээ болсон бараг хурган мафархуу юм болжээ” гэж жиргэжээ.
Нутгийнх нь нэг иргэн халуун зун эднийх адуугаа нядлуулахааргүй айл хэмээн сэжиглэж, утсаар ярьснаар энэ хэрэг ийнхүү нааштайгаар шийдэгдэж. Харин малын хулгайг илрүүлж чадаагүй тохиолдол цаана нь хэчнээн байгаа бол.
Хоттой хонийг нь, бэлчиж яваа үхэр, адууг нь хэсэг бүлэг этгээдүүд нарийн зохион байгуулалттайгаар шууд л ачиж, гарал үүслийн бичгийг нь өөрсөдтэй нь хамсаатан болсон багийн дарга нараар гаргуулаад л хот руу илгээдэг гэж байгаа. Мэдээж хол замд цагдаа нарыг ч аргачилдаг, цагдаа нар нь хүртэл ийм төрлийн сүлжээнд орчихсон гэж хүмүүс харддаг юм билээ.
Тэд ачиж ирэх машин, хоорондоо холбоо тогтоох сансрын холбооны утас гээд нэг ёсондоо олон талын сүлжээтэй, мафи маягийн зохион байгуулалттайгаар иргэдийн малыг хулгайлдаг болжээ.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас үзэхэд өнгөрөгч 2017 онд ЦЕГ-т малын хулгайн нийт 901 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх 2016 оныхоос нэмэгдсэн үзүүлэлт ч ерөнхийдөө сүүлийн таван жилийн статистикийг харахад буурчээ.
2013 онд энэ төрлийн хэрэг 1435 бүртгэгдэж байсан бол 2014 онд 1434, 2015 онд 1180 бүртгэгдэж, 2016 онд хамгийн бага үзүүлэлт буюу 805 хэрэг бүртгэгдсэн байна.
Гэсэн хэдий ч хулгайч нарын арга улам нарийсч, алдагдсан малаа эргүүлж олно гэж найдахааргүй болжээ.
Мал бол малчдын баялаг, амьжиргааны гол эх үүсвэр. Харин мафи болсон малын хулгайн сүлжээний балгаар тэд хотондоо байгаа малаа ч нүдэн дээрээ алдах дээрээ тулаад байна.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11879
URL: