Тамхи таван насыг хороох бус таны амийг ч “залгина”
“Тамхи таван насыг хорооно” гэж бид ярьдаг ч үнэндээ хүний амьсгалын зам, хоолойн залгиураас эхлээд зүрх судсанд ч нөлөөлж, улмаар үхэлд хүргэдэг хорт зуршил юм. Манайхан амьдрал хүнд байна хэмээн гомдоллодог боловч энэхүү хорт зуршилд багагүй мөнгөө зарцуулж, тамхинаас үүдэлтэй өвчлөл сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж анхааруулсаар байдаг.
Судалгааны дүнгээс харахад 15-65 насны нийт иргэдийн 30-аад хувь нь өдөр тутам тамхи хэрэглэж байгаа төдийгүй өсвөр насны хүүхэд багачуудын 14.3 хувь нь тамхи татаж байна. Тэдний талаас илүү нь тамхины шууд хамааралтай болсноос үзэхэд тамхины хэрэглээ улам залуужсаар байгаа нь эмгэнэлтэй. 2016 онд хийсэн судалгаагаар нэг жилд 2100 гаруй хүн тамхинаас шалтгаалах өвчний улмаас амь насаа алдсан байна. Тэдний 23 хувь нь зүрхний судас бөглөрөх, 22 хувь нь тархинд цус харвах өвчнөөр хорвоог орхижээ. Энэ “чимээгүй тахал” зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд өргөн тархаж, жилд долоон сая хүн нас барж байгаагийн нэг сая гаруй нь дам тамхидалтын нөлөөнд орсон байдаг аж. Тийм ч учраас халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн эхэнд бичигдсэн байх юм. Түүний араас архидалт, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт багтдаг байна. Тамхи татах үед судас өргөсч, тайвшруулах нөлөөлөл үзүүлэх боловч энэ нь судасны уян хатан чанарыг алдагдуулж байдаг болохыг мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Ийнхүү судасны уян хатан байдал алдагдсанаар цусны эргэлт удааширч, бөглөрөл үүсэх нөхцөл бүрдэх бөгөөд улмаар судас хагарч, үхэлд хүргэх аюултай юм. Цаашилбал, тамхины утаанд орчин тойронд ойр байгаа хүмүүс хордож, зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 20-30 хувиар нэмэгддэг байна. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаанд оролцогсдын 40 хувь нь гэрийн орчинд, 25 орчим хувь нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг гэжээ.
Тамхины утаа, тортогноос гадна үнэр нь байрны хана, шал, тааз болон зөөлөн буйдан, ноосон хувцас зэрэгт шингэж удаан хугацаагаар хадгалагддаг нь дам тамхидалтын үндсэн нөхцөл болдог байна. Дээрх судалгаагаар тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг тогтоожээ. Ялангуяа жирэмсэн үед тамхи хэрэглэх, дам тамхидалтад өртөх нь ургийн гажиг үүсэх, зулбах, хүүхэд хэвийн хэмжээнээс бага жинтэй төрөх, төрсний дараа амьсгалын замын үрэвслээр өвдөх, дархлаа сулрах зэрэг сөрөг үр дагавар ихтэй байдаг аж. Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд төр, засгийн бодлогоор төрөл бүрийн ажил хийж байгаа нь сайшаалтай боловч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Тухайлбал, Тамхины тухай хуульд сургууль соёл, олон нийтийн газраас 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон заалт оруулсан ч жижиг дэлгүүр, ТҮЦ-т тамхийг хууль бусаар худалдаалах, ширхэглэн зарах явдал тасрахгүй байгаа юм. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар тамхи татах цэгийг байгуулсан боловч байнгын ажиллагаагүйн улмаас зарим газарт агуулах сав бол хувирсан жишээ олон бий. Нөгөө талаар ажиллаж буй цөөн цэгт тамхичид олноор цугладаг нь тэднийг хоёр дахин илүү хордуулдаг учраас төдий л үр дүнтэй ажил болж чадсангүй. Тиймээс Япон зэрэг зарим орны туршлагаас суралцах, эдийн засгийн арга механизм хэрэглэх, ухуулан таниулж соён гэгээрүүлэх явдлыг түлхүү ашигламаар байгаа юм. Тухайлбал, Японд тамхи татдаг ажилтныхаа цалин урамшууллаас хасч тооцдог нь ажлын цагийн ашиглалт, бүтээмжтэй холбоотой аж. Тухайн ажилтан ажлын цагаар 4-5 удаа тамхи татах нь бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. Манай улсад “Тамхи Со” зэрэг энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг 4-5 компани үйл ажиллагаа явуулж, онцгой албан татвараар багагүй хөрөнгө төвлөрүүлдэг нь эдийн засагт хувь нэмэртэй боловч иргэдийн эрүүл мэндэд түүнээс дутахгүй хэмжээний хор хохирол учруулж байна. Үүнээс гадна 30 гаруй орноос тамхи импортолдог. Тиймээс тамхины импортын бүтээгдэхүүнд ногдох татварыг нэмэх, тамхины үнийг өсгөх нь хэрэглээг багасгах нэг арга байж ч болох юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хайрцаг тамхины татварыг жижиглэнгийн үнийн 70-аас доошгүй хувьтай тэнцүү болгох зөвлөмж өгсөн байдаг бол манай улсад 33.3 хувьтай адил байна.
Гэтэл тамхинаас үүдэлтэй зүрх судас, тархины мэдрэлийн өвчнийг анагааж илааршуулахад маш их хөрөнгө зарцуулж, айл өрхийн орлого зарлагад сөргөөр нөлөөлдөг. Мэс заслын аргаар бөглөрсөн судсыг эмчлэхэд 30-40 сая төгрөгийг зарцуулж байна. Монголд халдварт бус өвчнөөр нас барж байгаа гол шалтгааны тэргүүн эгнээнд бичигддэг тамхидалтаас урьдчилан сэргийлэх боломж асар их байгааг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд сануулж анхааруулсаар байна. Сүүлийн үед тамхины хайрцаг дээр янз бүрийн өвчин үүсгэх, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тамхинаас татгалзахыг уриалсан сэрэмжлүүлэг наадаг болсон. Тамхи худалдан авагч нэгэн “Надад бэлгийн сулрал үүсгэнэ” гэдгээс нь биш “Ходоодны хорт хавдартай болно” гэснээс нь өгчих” гэсэн тухай явган яриа бий. Тэгэхээр тамхи гэгч хорт зуршил олон төрлийн өвчин эмгэг үүсгэх сөрөг үр дагавартай гэдгийг хүн бүхэн мэддэг болсон гэж ойлгож болно. Одоо ганцхан хорт зуршлаасаа салах тэвчээр, сэтгэлийн тэнхээ л бидэнд дутагдаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар тамхины хэрэглээ өндөртэй 10 орны тоонд бид багтдаг болсон байна шүү.
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: