Эвдэрсэн зам, архидсан дарга нар нь хүний аминд хүрч байгаа ЗТХЯ-аа хэрхэн цэгцлэх вэ
Сүүлийн үед ЗТХЯ-тай холбоотой асуудал олны анхаарлыг ихэд татахын зэрэгцээ эгдүүцэл дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхээс ч аргагүйгээр ЗТХЯ дотроо илжирч ялзарсаныг шил шилээ даран гарсан хэргүүд нь гэрчилж байна.
Ажлын байрандаа архи ууж, нэгнийхээ аминд хүрсэн хэргийн дуулиан намжаагүй байтал Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан 328 зорчигчтой галт тэрэг осолдож, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол гарсан. Энэ бүхэнд салбарын удирдлагууд нь хариуцлагаа хүлээж, ажлаа өгсөн ч асуудал намжсангүй.
Тус яаманд Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Г.Гантулгад холбогдох хэрэг шүүхэд шилжээд байна. Тэрбээр яамныхаа Ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн эмэгтэйг зодож, танхайрсан хэргээр шүүхэд дуудагдаад байгааг шүүхийн ажилтан хэлж байгаа юм.
Үүнээс л ЗТХЯ хэрхэн, яаж ялзарч байсныг харж болохоор байна. Удаа дараа гарч байгаа төмөр замын ослуудаа байгалийн гамшиг, дэр мод нь ялзарч муудсан гээд өөрсдөөсөө холдууллаа гэхэд архи дарс, зодоон цохионы хэргээ юу гэж тайлбарлаж, өөрсдөөсөө түлхэх вэ. Холдуулъя гээд ч холдуулж болохгүй тийм л ноцтой асуудал ЗТХЯ-нд бугшсан байж. Угтаа бол осол аваарыг ч байгалийн гамшиг, дэр мод ялзарч муудсан гэж өөрсдөөсөө холдуулмааргүй байгаа юм. Муудсан бол сольж, хүчтэй борооны ая даах уу үгүй юу гэдгийг байнгын хяналт шалгалтаараа илрүүлж байхыг УБТЗ-ын газартаа үүрэгдэж, эргээд тайлбар тайлантай нь танилцаж байх ёстой байв.
Гэтэл хэдэн тэрбумын асуудалд холбогдсон, хуучирч муудсан 1000 вагон оруулж ирсэн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа УБТЗ-ын даргадаа ч хариуцлага тооцож чадахгүй тийм л байдалтай явж ирсэн нь ил боллоо.
Бүр цаашилбал, “Монгол Улсын иргэн бүр амьд явах эрхтэй” гээд Үндсэн хуулиндаа заачихсан байхад ЗТХЯ-ны хариуцдаг Улаанбаатараас Дархан явах 200 км замын эвдрэл, энхэл донхол хэрээс хэтэрч, авто осол тасралтгүй гарч иргэдийн амьд явах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Олон жилийн өмнөөс л Дарханы зам там боллоо, өдөрт нэг хүн амиа алдаж байна гэж амтай болгон ярьж, үзэгтэй болгон бичиж байсан ч одоо хэр засч янзалсан зүйлгүй. Харин ч өмнөх жилүүдээсээ улам дордож, одоо өдөрт нэг иргэн биш өдөрт нэг гэр бүл амиа алдаж байгаа харамсалтай ослууд гарсаар байна.
Гэтэл хариуцаж байгаа яамныхан нь зам шинэчлэж, бүтээн байгуулалт хийхийн оронд архи дарс ууж, зодоон цохионы хэрэгт холбогдсоор байна. Магадгүй, яаман дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хүйтэн сэтгэлтэй нөхдөд Дарханы замд өдөрт нэг иргэн амиа алдаж байна гэх аймшигт мэдээлэл чихэнд нь нэг л наалдаж өгдөггүй, сэтгэл нь төдийлөн зовнидоггүй байсан байж болох юм. Талийгаач Г-ын аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Махбал нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга шүү дээ гэж өмгөөлөх хүмүүс гарах байх. Гэхдээ л ЗТХЯ-аар овоглосон л бол замын осол аваар, бүтээн байгуулалт шинэчлэл бүгд хамааралтай болж таарна.
Тэгэхээр ЗТХЯ-нд шинэчлэл хэрэгтэй байна. Архи дарсны хэрэгт холбогдсон бүх дарга нарт хариуцлага тооцож, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлсэнчлэн Монголын төрийг төр шиг байлгах, ёсзүйтэй хариуцлагатай албан хаагчдыг бий болгохыг ЗТХЯ-наас эхлүүлмээр байна.
Б.Анир
http://www.zaluu.com/read/27882db2a
URL: