ТАЛИЙГААЧИЙН АЛБАН ТУШААЛЫГ АВАХЫН ТУЛД АМИНД НЬ ХҮРСЭН ҮҮ

olloo_mn_1534134461_d1604beaa1dede2b9ea2178fa9fb4317a78a2e3fМонгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баяраа тэмдэглээд удаагүй байсан төмөр замын салбар, яамныхан баартай, барцадтай байна.

Яамны хамт ажилладаг хэсэг нөхөд нь газрын даргынхаа аминд санаатай хүрсэн бол, өчигдөр өглөө Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт суудлын галт тэрэг осолдож олон хүний амь насаар наадах дөхлөө.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн пүрэв гарагт гарсан хүн амины онц ноцтой хэрэг л хэцүү байна.

Тодруулбал, энэ сарын 9-нд 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Т.Гомбосүрэн гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь урдчилсан байдлаар тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хорьсон шалгаж байна.

Төрийн алба хашдаг, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа ийнхүү архидан согтуурч, улмаар нэгнээ хөнөөсөн нь байж боломгүй асуудал хэмээн олон нийтээс нэлээн шүүмжлэл авч байна. Хүний амь нас хохироосон хүмүүст зохих ял шийтгэлийг нь хүртээх ёстой. Хууль хяналтын байгууллага л шударга ажиллаж, шударга шүүж чаддаг юм бол хэн ч ял зэмээс мултрах ёсгүй юм шүү.

Тасралтгүй гурван цаг зодож байхад хажууд нь хараад зогсч байсан албан тушаалтнууд хэн байсан бэ.

Тодруулбал, газрын дарга Артур, Ганбаяр, Энхбат, хүний нөөцийн ажилтан  Цэцэгмаа нар хамт архи уужээ. Хамтдаа архидсан нэгнээ үхтэл нь зодож байхад  хажууд нь хараад зогсож байсан дээрх бүх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Сайд нар огцорсон төдийгөөр шуугиад өнгөрөх бус үүнийг далимдуулан бүх яаманд албан тушаалын үүрэг хариуцлага, төрийн албан хаагчийн ёсзүйн шалгалтуудыг оруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Харин өчигдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орхив.

Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал ийн сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай байна. Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүнийг хэн дарамталж, архиар шахаж эцэстээ аминд хүрэв. Ямар зорилготой байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Талийгаачийг үхтэл нь зодчихоод сандал дээр  орхичихоод явдаг тэд хүн мөн үү

Яг ямар хэрэг болсон, хохирогчийн аминд яаж хүрсэн талаар тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас огт өгөөгүй. Харин олон нийтийн дунд “Хутгалсан гэнэ” гэх явган яриа тархсан юм. Гэтэл түүнийг хутгалж биш, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн талаар талийгаачийн найз нөхөд ар гэрийнхэн нь ярьжээ.

Тухайн үед талийгаачаас гадна таван хүн хамт байсан гэнэ. Тэдний дунд эмэгтэй хүн ч байсан гэтэл яагаад тийм харгис хэрцгий үйлдлийг зогсоох арга хэмжээ авахгүй зүгээр хараад зогсож байна вэ.

Тэд хамтдаа үдэш болтол архидчихаад талийгаачийг өрөөнөөс авч гараад ажлынх нь гадаа үхтэл нь зодчихоод сандал дээр орхичихоод яваад өгчээ. Яамны харуул хамгаалагч гарч ирж мэдэж, цагдаа, түргэн тусламж дуудсан байна. Гэвч талийгаач эмнэлэг ирэхэд нас барсан байжээ.

Монголчууд ямар муухай болоо бэ, хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй, нэгнээ үхтэл нь зодчихоод хаяад явж л байдаг. Тэдний дунд байсан эмэгтэй ч эмзэглэж, санаа зовдоггүй хэрэг үү. Харуул хамгаалалтын албаныхан яамны үүдэнд нэгнээ зодож байхад нь цаг алдалгүй болиулах арга хэмжээ авдаггүй хэрэг үү. Үнэхээр харамсалтай байна. Талийгаачийг ажлаа өг гэж удаа дараа дарамталсан гэх. Өөрийнх нь орны хүний нэр ч аль хэдийнээ тодорчихсон байж, албан тушаалын төлөө хүний амь нас хохироодог ямар харгис хэрцгий хүмүүс бэ.

Талийгаачийн найз “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа үнэнийг бичсэн байна.

Т.Сайнжаргал: Талийгаачийн толгой руу олон удаа өшиглөж, эрүүг нь мулталсан байсан 

Тэрбээр “ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. Газрын дарга Артур, Энхбат. Тэр байтугай ээлжийн амралттай байсан Цэцэгмаа гэх хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед Бат-Эрдэнэ сайд нь талийгаач Гомбосүрэн болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргажээ. Талийгаачийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19.00 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20.00 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгаачийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм. Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд буцаад яам руу орсон байна.

Талийгаачийг яамны гадна  орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгаачийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож.

Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог аж.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

Б.Махбалын хамаг муу муухай но-той ноцтой зүйлийг мэддэг байсан
Бас нэг ойрын эх сурвалж нь “Гэр бүлийн сайхан харилцаатай найзууд байлаа. Найз маань мөрөөрөө ажлаа хийж явсан. Ойрд их дарамттай байна эгчээ, шударга ажиллахад байнга оролдох юм гээд саяхан надруу ярьсан. Ийм юм болсонд бүр сэтгэл өвдөөд байна. Хэн бэ гэдгийг нь сайн мэддэг болохоор энэ хэрэг замхарчих вий гэж айгаад байна. Ямар ч хорхойд хоргүй шударга ажиллах зорилготой  явсан даа.

Нэг удаа томилолтоор яваад ирэхэд нь хүртэл Б.Махбал халах гээд л тушаал гаргаад сууж байсан хууль зөрчөөд хамаг ноцтой асуудлыг нь мэдэж байсан улсын мөнгө яаж идэж уусныг мэднэ. Тэрнээс л болсон байх. Ер нь ТНБД, Махбал хоёр нэг фракц юм билээ. Нотой ноцтой бүх хэргийг нь шалгаад мэдэж байсан тэрнээс болж их дармтласан. Махбал нь ардаа их том том хүнтэй гэдэг. Батхүүтэй хамт морь мал уяж зиндаархдаг огцом баяжсан эвгүй залуу.

Вагоны асуудал төмөр замын Баттулгын идсэн уусан, УБТЗ-ын нийгэмлэгийн дарга Жигжиднямаагийн вагон шахаас гээд бүх зүйлийг мэдэж байсан болохоор их дарамталж эцэстээ аминд нь хүрлээ харамсалтай байна. Хэрэг нь үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байна” гэлээ.

Талийгаачийн ажлыг Доржоо гэх залуу авахаар нэр нь тодорчихсон баЙсан уу

Дээрх харамсалтай хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Ажлын байрны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал ОХУ-аас ашиглалтын хугацаа дууссан 1000 воган оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм.

Ар гэрийнхэн нь цэвэр албан тушаал, улстөртэй холбоотой хэрэг гэж үзэж буй. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ. Тодруулбал, талийгаачийн албан тушаалд Доржоо гэгчийн нэр АТГ-т оччихсон байгаа гэдгийг хэлж байна.

Сэжигтэн Б.Махбал гэж хэн бэ

Тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал нь 48 настай. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх албан тушаалд томилогдон иржээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Тэрбээр хөрөнгө оруулагын мэдүүлэгтээ хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн жийптэй, эзэмшлийн хоёр газартай, гурван орон сууцтай, мөн үйлдвэрийн газартай, гэр бүлийнх нь орлого жилдээ 230 сая гэж мэдүүлжээ.

Ерөнхий сайдаа, архичин дарга нарыгаа зайлуулаач ээ
Төрийн алба бол онцгой обьект. Архи дарс битгий хэл хутга шөвөг ч оруулахгүй ёсгүй, харуул хамгаалалт чангатай байх ёстой газар шүү дээ. Гэтэл яагаад дарга нар өрөөндөө нэгнийгээ, найз нөхөд, ажлын шугамаар орж ирж уулзсан хүмүүстэйгээ архиддаг юм бэ.

Ерөнхий сайд аа, ажлын байрандаа архи ууж танхайрдаг хурган дарга нартаа  хариуцлага тооцох ёстой. Яг үнэндээ өнөөдөр мэдэгдсэн нь Зам тээврийн яамныхан боловч үнэн хэрэгтээ ажлын байрандаа байнга архидан согтуурч, зодоон хийдэг дарга нар бол мэр сэр бий шүү дээ.

Энэ мэт дарга нарын замбараагүй архидалт хэрээс хэтэрснээс болж өдгөө ЗТЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрчихлээ.

Тиймээс Ерөнхий сайд аа, энэ үйлдлийг яаралтай цэгцлэхгүй бол дахиад ажлын байран дээр хүн амины хэрэг гарлаа гэж дуулдвал нэг их битгий гайхаарай гэж хэлэх байна.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих