БЭРТСЭН ЗОРЧИГЧДЫГ АВТОБУСААР ТЭЭВЭРЛЭЖЭЭ
Зам тээврийн хөгжлийн яамны хувьд өнгөрсөн долоо хоногт барцад ихтэй байна.
Ер нь сүүлийн үед энэ салбарт хууль бус үйлдэл болон албан тушаалын төлөөх дайн, ажилдаа хариуцлагагүй байдал, эргээд ямар нэгэн хариуцлага хүлээх асуудал гарахгүй байсаар өдийг хүрсэн гэж ойлгож болно.
Зам тээврийн салбарт хариуцлагагүй, салан задгай байдал газар авсныг өчигдөр өглөөний ноцтой осол харуулав.
Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар гал тэрэг өчигдөр өглөө 04.50 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цомог өртөөний 747 дугаар км-ийн IX зуут орчимд замаас гарч осолдов.
Осол гарахын өмнөх шөнө усархаг аадар борооны улмаас замын далан эвдэрсээс 1340 гаруй зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн воган замаасаа гарч, олон зорчигч бэртэж гэмтсэн ноцтой осол гарав.
Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж осол гарлаа гэж албаныхан арьсаа хамгаалж байгаа ч үүнд хариуцлага хүлээх ёстой юм.
Өнгөрсөн тавдугаар сард гарсан осолд мөн л дэр мод буруутай гэсэн тайлбарыг хийж, хариуцлагаас мултарч үлдэж байсан. Одоо бол суудлын галт тэрэг унаж, олон хүн амь насаараа хохироогүй ч эрүүл мэндээрээ хохирлоо.
Дээрх ослын улмаас өмнөд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хааж, 560 гаруй зорчигчийг автобусаар тээвэрлэсэн байна.
Харин унасан галт тэрэгнүүдийг сэргээн засварлах босгох ажлыг өчигдөр шуурхай зохион байгуулжээ.
Гэхдээ энэ ослыг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх боломж байсан гэдгийг УБТЗ-д ажилладаг албаныхан хэлж байна.
Удаа дараа орж байгаа усархаг борооны улмаас төмөр замын далангийн шороо урсаж, замын дэр нь хөндийрч байгаа талаар замчид нэг бус удаа удирдах албаныхандаа мэдэгдэж байжээ. Гэвч дорвитой арга хэмжээ авалгүй байснаас болж ийм харамсалтай явдал болсон. Яагаад удаа дараа сануулаад байхад дорвитой арга хэмжээ авч болоогүй юм бэ. Тиймээс удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.
Суудлын галт тэрэг осолдсны улмаас 88 хүнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж үзлэг хийсэн бөгөөд ЭМЯ-аас “Нэг хүний биеийн байдал хүнд, зөөлөн эдийн болон хөнгөн гэмтэлтэй зургаан том хүн, гурван хүүхэд байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Айраг, Даланжаргалан сумын болон Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг дайчлан ажиллалаа” гэсэн юм.
Харин ослын газар дээр ажиллаж байгаа алба хаагчдын мэдээлснээр “Хоёр хүний биеийн байдал хүнд, нэг эмэгтэйн хавирга хэд хэдэн удаа хугарч, уушги гэмтээсэн учир Говьсүмбэрийн эмнэлэгт яаралтай мэс засалд оруулсан. Нэг эрэгтэйн нуруу гэмтсэн түүнийг УБТЗ-ын эмнэлэгт хүргэсэн. Хүний амь нас хохироогүй” гэсэн юм.
Тэгвэл хүнд бэртсэн хоёр эмэгтэйг ГССҮТ-д яаралтай авчирч нэгэнд нь хагалгаа хийсэн бол нөгөөд нь хагалгаа хийж магадгүй, биеийн байдлыг нь харгалзан үзнэ гэжээ.
Осол гарсан даруйд тус галт тэргэнд сууж явсан Төмөр замын цагдаагийн хэлтсийн хэв журмын хоёр цагдаа вогануудын цонхыг хагалж, зорчигчдыг гаргажээ.
Ослын улмаас галт тэрэгний тээш ачдаг болон суудлын хоёр воганыг дахин ашиглах боломжгүй болжээ.
Зүтгүүр нь 150 тонн хүнд бөгөөд түүнийг УБТЗ-ынхан өөрсдийн өргөгч цамхгаар замаас гаргах гэсэн ч хүчин чадал нь хүрэхгүй байсан тул ОХУ-аас Сэргээн босголтын зориулалтын цувааг авчирчээ.
Ийнхүү төмөр замд гарсан ноцтой осол, яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас сайдыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL: