УИХ-ын гишүүн Г.Батхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт дайн зарлав

УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал боловсруулсан боловч Байнгын хороон дээр “өвдөг шороодсон” билээ. Тэгвэл өчигдөрхөн архи, тамхи үйлдвэрлэдэг үйлдвэрийн эзэд болон түүнээс хувь эзэмшдэг хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байх энэхүү хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдэж улмаар УИХ-аар хэлэлцэгдэхээр болжээ. Үүнээс болж эдүгээ УИХ-д сууж буй АПУ-гийн Г.Батхүү, MCS-ийн “Спирт бал бурам”-ын хувь эзэмшигч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, АПУ-гийн хувьцаа эзэмшигч Шадар сайд М.Энхболд, Монгол тамхи Со компанийн эзэн Ц.Дашдорж нарын олон хүн байж, суух газраа олж ядан уураа барж байна. Чингээд зогсохгүй ирэх 2012 оны сонгуульд архи, пиво, тамхи үйлдвэрлэгчид олноороо нэр дэвшихээр зэхэж буй энэ цаг үед уг хуулийн төсөл нь цагаа олсон асуудал болж олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээх болов. Нам нэг ч өөр хоорондоо хонь, чоно шиг болсон Г.Батхүү, Х.Баттулга нар саяхан болж өнгөрсөн Ардчилсан хувьсгал ялсны 22 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны үеэр тохоо залгаж суухаас жийрхэн дундаа нэг хоосон суудал үлдээн сууж байгаа харагдсан. УИХ-ын хоёр гишүүн ийнхүү өөр хоорондоо дайсагнах болсны цаад учир жанцан бага багаар тодорхой болж байна.

Г.Батхүү 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг санаархсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй бөгөөд түүний нүдэнд 2013 он тун ойрхон тусч байжээ. Гэтэл Х.Баттулгыг АН-ын дарга болгохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүтгүүлж эхэллээ гэх бор шувууг түүний мэдлийн сайт нисгэж эхлээд байна. Хамгийн гол нь өөрийнхөө хүнийг намын дарга болгочихвол ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж торох юмгүй АН-аас нэр дэвшинэ гэх хардлага Г.Батхүүд төрсөн бололтой. Түүний дүү АПУ трейдингийн захирал П.Батчимэг ч ирэх сонгуульд АН-аас нэр дэвшихээр зэхэж байгаа ч хэрэв Х.Баттулгын “гайтай” хууль батлагдчихвал нэр дэвших эрхгүй болох юм. Харин хууль батлагдахгүй дэвшээд гишүүн болдог юм бол ах, дүү хоёр гишүүн анх удаа Монголын парламентад заларсан түүх бичигдэх юм. Нөгөөтэйгүүр, СББ-ын захирал Б.Элдэв-Очир Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр нам нэгт Г.Занданшатар сайдад угаас дургүй нэгэн бөгөөд ямар ч байсан түүнээс дутах юмгүй тул УИХ-ын гишүүн болохдоо л нэг болно гэж ярьж яваа аж. Тиймээс Х.Баттулга сайдын батлуулахаар зүтгүүлж буй энэхүү хуулийн төсөл нь олны дэмжлэг авсан тохиолдолд түүний нэг өрсөлдөгч ч гэсэн сонгуульд нэр дэвших эрхгүй болох бөгөөд энэ нь Г.Занданшатарт ашигтайгаар эргэх талтай юм. Уг хуулийг батлах эсэх дээр санал хураах үед эрхэм уншигч та харж л байгаарай тэр лав хоёр гараа суга өргөн үүнийг дэмжинэ дээ.
Х.ТЭНГЭР /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих