МХЕГ-ын дарга Р.Содхүү шадар сайдаас илүү мэдэлтэй болжээ

Түүний удирдаж байсан Монголын Хөрөнгийн биржийн ажил урагшлахгүй болсон учраас Засгийн газар энэ газрыг мэргэжлийн шинэ удирдлагын багтай болгох тендер зарласнаар Лондонгийн Хөрөнгийн биржийн баг сонгогдсон билээ. Иймд Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байсан Р.Содхүү 2011 оны нэгдүгээр сарын сүүлээр ажлаа өгөхөөс аргагүй болсныг бид мэднэ. Түүнийг хэрхэх вэ гэдэг тал дээр МАН-ын удирдлага толгойгоо гашилгасны эцэст Р.Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар тавих шийдвэр гаргасан юм.

Тус газрын бүтэц, орон тоог МУ-ын Шадар сайд тогтоож баталдаг аж. Р.Содхүү даргыг энд ирснээр зөвхөн ерөнхий газрын орон тоо 20 гаруй хүнээр нэмэгджээ. Тэдгээр хүмүүсийн дийлэнх нь Р.Содхүү даргатай Хөрөнгийн биржид цуг ажиллаж байсан, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтаар ороогүй байсан гэнэ. Р.Содхүү дарга Төрийн албаны хуулийг ийнхүү уландаа гишгэжээ.

Жишээ нь, МХЕГ-т туслахаараа дагуулж ирсэн С.Заяадэлгэр гэдэг бүсгүйг нэг сарын дараа тус газрын Стратеги, төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон байх юм. Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Энэ бүсгүй дахин нэг сарын дараа уг газрын Тамгын газрын орлогч дарга болж суга дэвшжээ. Сонирхолтой нь, С.Заяадэлгэрийг БНСУ-ын нэгэн их сургуульд мастерын зэрэг хамгаалахаар явахад нь гурван сарын цалинтай чөлөө өгч үдэж өгөв. Гэтэл жирийн нэгэн байцаагчийг гадаадад хоёр сарын хугацаатай сургалтад хамрагдах болоход ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж явуулжээ. Тэр байцаагч эргэж ирээд ажилдаа орох гэж бөөн юм болсон байдаг. Р.Содхүү дарга бас нэг сонирхолтой томилгоо хийсэн нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албаны даргаар Мөнхжаргал гэгчийг тавьж орхижээ. Энэ нөхөр мөн л Хөрөнгийн биржид ажиллаж байсан гэнэ. Мөнхжаргал нь уг албан тушаалд очоод урд  хилийг нэвтрэх гэсэн боловч Монгол улсын хилийн шалганыхан түүнийг гадагш гаргаагүй сурагтай. Мань хүн хуулийн байгууллагуудад шалгагдаж буй учраас Монгол улсын хилийг нэвтрэх эрхгүй нэгэн аж.

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байцаагчид айдас хүйдэстэйгээр ажлаа хийж сууна. Тэд Р.Содхүү даргаа удирдах ажилтны ёс зүйгүй, төрийн алба хаагчдыг хувийн компанийн ажилтнаа мэт дарамталж харьцдаг гэсэн гомдлыг холбогдох байгууллагуудад нь гаргаад байгаа гэнэ. Р.Содхүү дарга Зөвлөлийн хурал дээрээ байцаагчдынхаа гаргасан дүгнэлт, акт зэрэгт өөрийн үзэмжээр хандаж шийдвэр гаргадаг нь шударга ажилтнуудынх нь дургүйцлийг хүргэх болжээ.
Ө.Гонгор /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих