“Talst fashion” дэлгүүрээс хулгай хийсэн Д.Эрдэнэтуяагийн бичлэгийг У.Хүрэлсүх устгуулжээ

Монголчууд брэндийн бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг болсоор нэлээд олон жилийн нүүрийг үзэж байна. Тэр ч бүү хэл дэлхийд данстай томоохон брэндүүд өөрсдийн салбар дэлгүүрээ нээж, баячуудын халаасыг нимгэлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн энэ үед “Talst fashion” дэлгүүрийн зарж байсан LV брэндийн цүнхнүүд хуурамч байна гэх гомдол үйлчлүүлэгчдийн зүгээс гарч Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт өргөдөл өгсний дагуу тус байгууллагын байцаагч Д.Эрдэнэтуяа болон Мэргэжлийн хяналтын газрын бас бус байцаагч нар нэгэн нартай өдөр тус дэлгүүрийг “дайлаар мордсон” билээ. Тэд LV брэндийн гэх 120 гаруй сая төгрөгний үнэ бүхий цүнхнүүдийг жинхэнэ эсэхийг шалгахаар хураан авч тухайн дэлгүүрийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэх болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.

Гэтэл тухайн үед шалгалтаар явж байсан байцаагч Д.Эрдэнэтуяа худалдагч нарын сиймхийг харж байгаад дэлгүүрийн шүүгээнээс нэгэн учир битүүлэг зүйлийг авч өмднийхөө арын халаасанд хийгээд гарч одсон бичлэг камерт үлдсэн аж. Дэлгүүрийн хамгаалалтын албаныхан энэхүү бичлэгийг эзэддээ үзүүлсний дагуу хэд хэдэн сайтад энэхүү бичлэг тавигдаж, нэлээдгүй шуугиан тарив. Хамгийн хачирхалтай нь байцаагч Д.Эрдэнэтуяа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн бэр дүү болох нь тодорхой болжээ. Саяхан Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бэрийнх нь ах А.Батсайхан Польшид тамхины хэргээр саатуулагдсан билээ. Сүүлийн үед томчуудын бэрүүд тун чиг барцадтай байгаа нь үүнээс харагдана. Харин У.Хүрэлсүхийн хувьд хулгайч бэртэй гэж муу нэр зүүхээсээ ичсэндээ ч тэр үү сайтуудад байрлуулсан дүрс бичлэг бүхий мэдээллийг үнэ хөлс төлж устгуулсан сураг дуулдав. Хүн мэдээж өөртэй хайртай байлгүй яахав. Өөрөөсөө дуталгүй бэр дүүдээ ч мөн хайртай л байж таарна. Тиймээс энэ бүх хэл амыг дарахыг тэр хүссэн бололтой. Хамгийн хачирхалтай нь Д.Эрдэнэтуяа байцаагчийг энэ асуудлаар мөрдөн байцаах газрынхан асууж, шалгаасан бөгөөд хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн толгойг нь илээд өнгөрөв. Том даргын бэр дүү байх ч сайхан юм даа.
Ө.Хэмх /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих