Завсарлагаар үүссэн “ЗАРГА”

99УИХ-ын хаврын чуулган завсарласны дараагаар Төрийн ордонд  хөл  хөдөлгөөн татарсан өдрүүд үргэлжилж байна.  Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, сайд гишүүд хурал, хуралдаантай үедээ Төрийн ордонд ирэхийг үл тооцуул, ерөнхийдөө эл хуль байдалтай. Харин цахим сүлжээгээр гишүүдийн тойрогтоо ажиллаж, наадмын нээлтэд оролцож, иргэдтэй уулзаж байгаа инээд цацруулан мишээсэн зургууд  уралдан тавигдаж байгаа нь буруу зүйл ч биш л дээ. Харин зарим гишүүдийн тухайд чуулган завсарласан ч асуудал үргэлжилж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байна.

 

Бүрэн эрхийн хугацааныхаа талд ороод байгаа парламент энэ удаад намрын чуулган хүртэл бүтэн завсарлагатай үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь нэр бүхий гишүүдийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.  Ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 3/1 нь гарын үсгээ зурж, бичиг хүргүүлсэн тохиолдолд хуралдуулах хуулийн заалттай.  Энэ нь 26 гишүүн гарын үсэг зурсан байж бүрдэх юм.  Харин ээлжит бус чуулганыг хуралдуулах саналд 22 гишүүний гарын үсэгтэй бичиг ирүүлснийг УИХ-ын дарга дурдсан байна лээ. Тодруулбал , УИХ-ын албан ёсны сайт parliament.mn-нд өгсөн тодруулгадаа “Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай” гэсэн тайлбар өгсөн.  Үүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, ээлжит бус чуулганыг хуралдуулах бичиг 22 биш 26 гишүүн гарын үсэг зурсан.  Хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийн 3/1 нь гарын үсгээ зурсан. Хууль зөрчсөн зүйлгүй. Үүнийг дахиж тодруулна” гэдгээ илэрхийлээд УИХ-ын дарга М.Энхболдод  энэ сарын 20-ны дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүрүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнээс нэр бүхий 22 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн нь эсвээс замаас нь “будилаантуулсан” уу,  хуулийн нэр барьж хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь үл мэдэгдэх асуудал олон нийтийг мөн л эргэлзээнд оруулаад байна. Үүнд УИХ-ын Тамгын газар ямар нэг тайлбар хийх байх.

 

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлээд байгаа. Нэр бүхий 26 гишүүн АТГ-ын даргыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бол гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардлаа. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Африкийн Стандарт банкинд тавьж, зээл авсан асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүх өнгөрсөн сард хуралдан, шийдвэрээ гаргасан гэх мэдээлэл эрхэм гишүүн иржээ. Арбитрийн шүүхийн шийдвэр Монголын талд  сөргөөр нөлөөлөх магадлалтайг тэрбээр анхааруулж байна лээ. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу заасан хугацаанд өр зээлээ барагдуулахгүй тохиолдолд барьцаанд тавьсан эд зүйлийг хураах, “Эрдэнэт”-ийн удирдлагуудыг  саатуулан баривчлах дараагийн алхам хийгдэх талтай гэж О.Баасанхүү гишүүн мэдээлэлдээ дурдсан. Тиймээс ч Ерөнхий сайдад тэрбээр энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар төр, засгийн зүгээс “Эрдэнэт”-ийн дээрх асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас энэ асуудлаар тодруулахад  хариулт өгөхөөс татгалзаж байсан.

 

Ийнхүү гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай тавьс аар байгаа. Үүнээс гадна улс төрийн намын халуун цэг нь Төрийн ордон бус Хэнтийн УИХ-ын 42 дугаар тойрогт төвлөрч байна. Учир нь хаврын чуулганаар парламент гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаар нэг суудлын орон гарсан. Хуулиараа ирэх намар Хэнтийн тойрогт нөхөн сонгууль явагдана.  Энэ талаарх УИХ-ын тогтоолыг Үндс эн хууль зөрчсөн байх үндэслэлтэй гэж ҮХЦ-д зарим иргэний зүгээс маргаан үүсгэсэн ч улс төрийн намууд СЕХ-ны зөвлөмжийн дагуу сонгуулийн цагийн хуваарийг мөрдөж байгаа. Энэ долоо хоногт хуулийн дагуу намууд хурлаа хийцгээсэн, сонгуулийн төв байгууллагад 14 улс төрийн хүчин хүсэлтээ ирүүлсэн байна лээ. СЕХ  хуулийн дагуу энэ долоо хоногтоо багтааж,  бичиг баримттай нь танилцаж, сонгуульд оролцох намуудыг бүртгэх юм. Сонгуульд оролцох эрхээ авсан улс  төрийн хүчнүүд есдүгээр сарын дөрөвний дотор нэр дэвшигчээ тодруулна.

 

Тиймээс улс төр Хэнтийн тойргийг чиглэсэн энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь юу л бол. Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй бол энэ мэт явган зарга үргэлжилсээр байх биз.

 

Ийнхүү наймдугаар сарын нар шарсан халуун өдрүүдэд улс төр ч халууралтай үргэлжлэх нь.

Н.Энхбат

http://www.shuud.mn/a/499714

 


URL:

Сэтгэгдэл бичих