Зээлийн хүүг хүчээр буулгана гэж хөөрцөглөх нь эрсдэл дагуулна
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манай улсын ДНБ гурав дахин өссөн байдаг. 1990-ээд оны үеийг бодвол Монголын эдийн засаг чамгүй хэмжээнд өссөнийг мэднэ. Гэвч “зээлийн хүү” гэх харанга ард иргэдийг туйлдуулсан хэвээр байна. Зээлийн хүү өндөр байсаар байгаагийн шалтгааныг тайлахад Монголын эдийн засгийн түүхийг эргэн санах учиртай.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 1992-1996 онуудад гипер инфляцын төвшинд хүрч байсантай холбоотойгоор зээлийн хүү 228 хувь хүрч байсан удаатай. Энэ үед Төв банкнаас банкуудын хадгаламжийн хүүний доод хязгаар болон зээлийн үлдэгдлийн дээд хэмжээг тогтоож байсан түүхтэй.
Мөн Азийн санхүүгийн хямралаас хойш манай улсын зээлжих зэрэглэл доогуур үнэлгээтэй байснаас шалтгаалж, сүүлийн 20 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ердөө 19 тэрбум ам.доллар л орж ирсэн байдаг. Энэ мөнгө Монголд шингээд үлдсэн үү гэвэл үгүй. Төлбөрийн тэнцлийн үзүүлэлт түүхэндээ 2017 оныг хүртэл нийт 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, жилийн дундаж инфляц хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг байлаа.
Харин 2000-2007 онуудад манай санхүүгийн зах зээлд эргэлдэх хөрөнгийн хэмжээ эрс өссөн нь зээлийн хүүг аажмаар бууруулахад нөлөөлсөн. Харин зээл олгох үйл ажиллагаа 2009 оны сүүлээр тасалдсан учраас банкуудын зээлжих чадварыг нэмэгдүүлэх үүднээс бодлогын хүүг бууруулж 10 хувь болгож байжээ. Ингэснээр 2010 оноос эхлэн зээлийн өсөлт нэмэгдсэн бөгөөд зээлийн жигнэсэн дундаж хүү аажмаар буурсан юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН ШАЛТГААН
Эдийн засагч Б.Найдалаа “Хэрэв зээлийн хүүг хуулиар буулгаж болдог бол бусад барааныхаа үнийг ч хуульчлаад буулгаад байцгаая. 20 жилийн өмнө ганц хууль батлаад буулгачихгүй яасан юм. Жишээ нь өндөгний үнэ 100 төгрөг байя, хуушуурын үнэ 50 төгрөг байна гээд хуульчилчихвал юу болох вэ, боломжгүй биз дээ” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Санхүүгийн зах зээл тэр дундаа банкны сектор эдийн засаг дахь зуучлалын үүргийг гүйцэтгэдэг. Санхүүгийн зуучлалын өртөг буюу зээлийн хүүг бага байлгаж иргэд, аж ахуйн нэгжид хүртээмжтэй, жигд хүргэх нь хэн хүний хүсэх зүйл. Энгийнээр тайлбарлахад, хуримтлалтай хүнийг бизнес эрхлэгчидтэй холбож өгөх зуучлалын өртөг нь зээлийн хүүгээр илэрхийлсэн үнэ. Зуучлалын өртөг их байх нь нэг талдаа аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тогтвортой явуулах боломжийг хазаарладаг.
Энэ талаас нь авч үзвэл зээлийн хүүд дээд хязгаар тогтоож, төр захиргаадлын аргаар чөлөөт өрсөлдөөний зах зээлд оролцож олон нийт, бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүйн хэрэг мэт ойлгогдож болно. Гэхдээ, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой суурь орчин бүрдээгүй өнөө үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах нь хөрөнгийн зугатаалтыг бий болгож, санхүү, эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй. Учир шалтгаантай нь тэмцэхгүйгээр богино хугацааны үр дагавартай нь тэмцэх гэж оролдох нь ямар ч үр дүнгүй гэдэг дээр ихэнх эдийн засагчид санаа нэгтэй байдаг юм билээ.
Төв банкны хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг харахад, Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр гаргасан.
Үүнийгээ тэд тайлбарлахдаа, Бодлогын энэхүү шийдвэр нь банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжилийг дэмжих болно гэж байв. Мөн тус хорооны өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрийн хурлаас бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, иргэдийн хэрэглээний зээлийн ер, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын эдгээр шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд зорилтот төвшинд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилтыг агуулсан байна.
Ийнхүү дээрх шийдвэрүүдийг авч байгаа болов ч арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байхад нөлөөлөх гол шалтгаан нь нэгдүгээрт, өндөр, тогтворгүй инфляц ба түүний сөрөг хүлээлт. Хоёрдугаарт, чанаргүй зээлийн эрсдэл болон хууль эрх зүйн орчин. Гуравдугаарт, дотоод эх үүсвэрийн хомсдол ба өрсөлдөөн байдаг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах, хямрал ажилгүйдэл, зээлжих зэрэглэл зэрэг нь зээлийн хүүг өсгөхөд хүргэдэг аж.
ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ХҮЛЭЭСНЭЭС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ
Зээл авснаар хүний амьдрал дээшилдэг байхад манайд эсрэгээрээ байх нь элбэг. Тиймээс банкны зээлийн хүүний хүлээснээс гарахыг хүн болгон л хүсэж байгаа. Зарим улстөрчид зээлийн хүүний дээд хязгаарыг захиргаадалтын аргаар буулгахыг хичээж, УИХ-ын төвшинд яригдах болсон. Үүнийг ихэнх эдийн засагчид буруу гэж үзэж байна. Ер нь зээлийн хүүг бууруулахын тулд эхний ээлжид инфляцыг урт хугацаанд доогуур төвшинд, тогтвортой байлгах ёстой гэдгийг мэргэжлийн байгууллага хэлдэг. Ингэснээр эх үүсвэрийн зардал буурч, зээлийн суурь хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Инфляц буурч, хүлээлт тогтворжсон үед бодлогын хүүг эх үүсвэрийн өртөгтэй уялдуулан бууруулах боломжтой байдаг. Учир нь арилжааны банкууд гадаад эх үүсвэрээс хөрөнгө татах боломжоор хомс байгаа өнөө үед дотоод эх үүсвэр татах үүднээс хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөх нь хадгаламжийн хүүг өсгөх талтай. Энэ нь банкуудын эх үүсвэрийн өртгийг нэмэгдүүлж, улмаар зээлийн хүүг өсгөдөг байх магадлалтай. Бодлогын хүүг бууруулснаар зээлжих боломжит эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэдгийг Монголбанкны эдийн засагч Г.Баярмаа хэлж байна.
Түүний харж байгаагаар, Чанаргүй зээлийн төлөлтийг түргэн хугацаанд шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авснаар зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах гэнэ. Үүнийг зохицуулахын тулд хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалсан хууль гаргаж түүгээрээ зохицуулалт хийх хэрэгтэй. Хэрэв мөнгө хүүлэлт байна гэж хардаж байгаа бол үүнийг засах нэг арга нь тайлагнах, мэдээлэх системийг бий болгох ёстой аж.
Хамгийн чухал нь төр засгийн бодлого, эрхзүй, шүүхийн тогтолцоо, төсвийн сахилга бат, макро бодлогын уялдааг сайжруулснаар зээлийн хүүг бууруулахад том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Мөн Төв банк болон Засгийн газар зах зээлийн бодлогод улстөрчид хэт оролцох, зээлийн хүүг тогтоож, удирдах гэж оролдохгүй байх нь хамгийн зөв алхам юм.
У.САРАНГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
URL: