Өршөөгөөрэй, эрхэм инфляци 14 хувь руу өгсөж явна…
Мөнгөний ханш нэг сарын дотор 1.3 хувиар унасан тухай Үндэсний статистикийн хорооноос дуулгасан боловч, инфляци 13.9 хувьд хүрсэн гэдгийг хэлээгүй. Есдүгээр сард инфляцийн төвшин 11.9 хувь, аравдугаар сард 12.6 хувьд хүрсэн гээд үзэхээр арваннэгдүгээр сард 13.9 хувьд хүрсэн нь дамжиггүй байна. Хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт болох хэрэглээний үнийн индексээр тооцож гаргадаг инфляцийн өсөлт ийн саарахгүй байгаа нь 2012 онд 20 хувьд хүрнэ гэсэн бараан прогноз биелэх вий гэсэн болгоомжлолыг дагуулсан хэвээр байна. Тэгвэл Төв банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын дарга эрхэм хэдхэн хоногийн дараа гарах шинэ онд мөнгөний ханш унахгүй хэмээн хэлж. Харин төсвийн зарлагаа таначихвал инфляцийг 10 хувиас хэтрүүлж давраахгүй байх чиглэлийн гарц нээгдэх тухай ярьж асан Л.Пүрэвдорж эрхэм “инфляцийг 10 орчим хувьд барих боломжоо дайчлах хэрэгтэй. Энэ нь зөвхөн Монголбанкны зорилт биш, эдийн засгийн чухал зорилт… УИХ-аас төсвийн зарлагыг 784 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан, инфляцийг 10 орчим хувьд барих боломж харагдаж байгаа. Инфляцийг шийдэхийн тулд зөвхөн мөнгөний бодлогыг чангаруулах биш. Цаана нь олон хүчин зүйл бий гэж байна.
ҮСХ-ны мэдээллээр бол инфляци 11 дүгээр сард өмнөх сарынхаас 1.3 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 8.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн байгаа. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн. Харин Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн хэлж буйгаар энэ жилийн инфляцийн 30 орчим хувийг махны үнэ бүрдүүлжээ. Тиймээс одоо махны нийлүүлэлтийг сайжруулаад үнийг нь өнгөрсөн оны төвшинд аваачвал инфляци 2-3 нэгжээр буурч, арван хувь руугаа ойртох боломж байгаа гэж байх юм. Сануулахад, тавдугаар сард инфляци 9.8 хувьд хүрч хоёр оронтой тоонд дөхөж ирэхэд махны үнийн 10.2-13.7 хувийн өсөлт голчлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлсэн. Гол нь тэр болгоныг иргэд нарийвчлан тооцож мэдэхгүй учир, статистик тоо баримт дээр дөрөөлж ярихаас өөр аргагүй. Тэр үүднээс хандахад махны үнэ тавдугаар сард нэлээн дарамт болсон нь үнэн. Түүнээс хойшхи саруудын тухайд, тухайлбал зургадугаар сард түлшний хомсдолоос хамааралтайгаар нийтийн тээврийн үнийн нэмэгдлийн тухай мэдэгдэл сэлт инфляцийн өсөлтөд нөлөөлсөн. Мөн сар сар дамнасан бэлэн мөнгөний тараалт болоод мөнгөний нийлүүлэлтээс хамаарсан инфляцийн өсөлт байсан. Мэдээж нефтийн бүтээгдэхүүний 98 хувийн хамаарал хадгалагдаж байгаа нөхцөлд, шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, хомсдол зэрэг нь үүссэн тохиолдолд инфляцийн тогтвортой байдлын төлөөх оролдлого бүр хүчин мөхөсдөх аюултай гэдгийг бид бэлхнээ харсан. Тэрчлэн Засгийн газрын хуралдаанаар түлшний нийлүүлэлттэй холбоотой эрсдэл бий болсон тохиолдолд нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг чухал салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор автобензины улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 5 тэрбум төгрөгийг Эрсдлийн сангаас гаргахаар болоод байгаа нь нэг талаас зөв шийдвэр. Ер нь бол инфляци өссөнд зөвхөн мах буруугүй.
Цаашлаад, төсвийн зарлагыг нэг их наядаар таначихвал инфляцийг хумихад ихээхэн дэмжлэг болно гэдэг яриа яах гэж гарсан юм бэ гэдэг асуултыг тавихад болохоор байгаа юм.
Арилжааны банкуудын хадгаламжийн хүү, зээлийн хүүний төвшинд өөрчлөлтийг дагуулдаг Бодлогын хүүгээ Монголбанк он гарсаар гурван удаа хөдөлгөсөн билээ. 0.5, 0.25, 0.5 хувиар гэхчлэн гурван удаа хүүгээ нэмэгдүүлж, заавал байлгах нөөцийг 2 удаа нэмсэн төв банк инфляцийг нэг оронд барихын төлөө бүхий л хүчээ дайчлах ч, инфляцийг барих нь дан ганц Монголбанкнаас хамаарахгүй, улс төрийн алхам нөлөөлнө гэдгийг МБХ-ийн захирал нь хэлж. Мэдээж энэ өнцөг нь зөв харагдаж байгаа юм. Монголбанк бодлогын хүүгээ сүүлийн удаа 0.5 хувиар нэмэхдээ шалтгааныг нь улстөртэй шууд холбож байсан. Төсвийн зардлыг ихээхэн тэлж, Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож буйгаас гадна 2011 оны төсөвт тодотгол хийн зарлагаа дахин нэмэгдүүлэх нь, мөн 2012 оны төсвийн төсөл мөчлөг дагасан шинжтэй байгаа зэрэг нь инфляцийн дарамтыг ихээр нэмэгдүүлэн эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлүүд болж байна хэмээн тайлбар хийж байсан. Өнөөдрийн тухайд зарлагаа танасан ч гэлээ, сонгуулийн жилийн том гэгчийн төсөв батлагдсан. Ерөөс иргэд рүү чиглэсэн бэлэн мөнгөний урсгал хадгалагдсан хэвээр л урагшилж байна. Энэ нь махны үнийн төлөөх зовнилоос хавьгүй жин дарах шалтгаан бизээ.
Ерөнхийдөө суурь инфляци өссөөр байгаа нь, манай эдийн засаг халж байгааг илтгэж буй гэдгийг хаа хаанаа ярьж байна. Эдийн засаг гуравдугаар улиралд 20.8 хувийн өсөлтийг үзүүлсэн. 2012 онд ДНБ-ий өсөлтийг 19.7 хувьтай байхаар тооцоолсон. 25.6 хувиар тооцоолсон өсөлтийг бууруулаад ийм хэмжээнд хүргэсэн. Энэ нь ч хэт өөдрөг төсөөллөө эргэн харсан алхам билээ. Ер нь бол эдийн засгийн өсөлтийн төвшин уяанаасаа алдуурсан мэт байж болохгүй. Манай тухайд хэт өсөлттэй байгаа нь, дэлхий дахины эдийн засгийн нөхцөл сайнгүй, түүхий эдүүдийн ханш уналттай байгаа үед буруу үзэгдэл. Эдийн засгийн шинэ хямралын салхи ширүүслээ гэхэд өртөн хийсэх магадлалыг нэмэгдүүж байна хэмээн гадны зөвлөхүүд анхааруулж буй. Тиймээс эдийн засгийн жолоогүй өсөлтөө хазаарлахын тулд Засгийн Газар, Төв банк уялдаатай ажиллах шаардлага бийг Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч хэлсэн. Ямартай ч, биднийг ийн зөвлөгөө авч суух зуур үнийн өсөлтийн шуурга ширүүссээр байна. Мөнгөний ханш уналтын үр дүнд юу болдогийг дахин тайлбарлахад, хөрөнгийг ядуугаас баян руу хуваарилдаг гэдэг. Мөнгөний ханш унана гэдэг нь сарын цалин, тэтгэврийн хэдэн төгрөгөө хүлээж амьдардаг эгэл жирийн иргэдийн нуруун дээр буудаг ачаа юм. Орлогын өөр баталгаатай эх үүсвэртэй чинээлэг иргэдийн тухайд инфляцийн өсөлтийн тухай мэдээг дуулаад түгшиж сандрах нь юу л бол. Инфляцийн өсөлтийг тооцож гаргахын тулд үнэ дээр нь заавал судалгаа хийдэг, хэрэглээний үнийн сагсны 287 бараа үйлчилгээний 215 ширхэгийнх нь үнэ есдүгээр сард өссөн байсан юм. Тэгвэл одоо он дуусах гэж байна. Лав бараа, үйлчилгээний үнэ ханш буурахгүй байгаа гэдгийг хэрэглэгчдийн хувиар та, бид мэдэхтэйгээ байгаа. Тэрчлэн инфляцийн төвшин буурахгүй байгаагаас үзэхэд бусад 72 бараа үйлчилгээний үнэ ч, эргэлзээтэй байна. Ингэж хэлэхийн учир нь тэдгээр бараа үйлчилгээний үнэ дээр өсөлт ажиглагдаагүй гэсэн мэдээллийг эрхэм статистикчид өгөөгүй юм.
Э.Болор
URL: