“БЭЭЖИН-2008″ ОЛИМПИЙН НААДАМ 10 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР ХӨШГӨӨ НЭЭЖ БАЙВ
10 жилийн өмнө буюу 2008 оны энэ өдөр Бээжин хотод зуны 29 дэх удаагийн олимпийн наадам нээлтээ сүр дуулиантайгаар Шувууны үүр цэнгэлдэхэд хийж байсан билээ. Энэхүү олимпийн наадамд манай улс жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд 29 тамирчдаа илгээсэн юм. Манай урд хөрш анх удаагаа зуны олимпийн наадмыг хүлээн авсан нь манай улсад ч ээлтэйгээр нөлөөлж, Монгол улсын түүхэнд анх удаа олимпийн аваргууд “Бээжин-2008″ олимпийн наадмаас төрсөн юм.
Тодруулбал, НайдангийнТүвшинбаяр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д, Энхбатын Бадар-Ууган боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд алтан медаль хүртэж нутаг нэгтнүүддээ цэнгэлийн манлайг бэлэглэсэн бол Пүрэвдоржын Сэрдамба боксын эрэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд мөнгөн медаль, Отрядын Гүндэгмаа буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Мөн түүнчлэн боксын 64 кг-ийн жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд Доржготовын Цэрэнханд, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Дамдинсүрэнгийн Нямхүү нар медалийн төлөө хүч үзэж, тус бүр 5-р байрт шалгарч байсан. П.Лхамдэгд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д 7-р байрт шалгарч, Ц.Мөнхзул буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн спортын гар бууны төрөлд 8-р байрт эрэмблэгдсэн түүхтэй. Мөн Монгол улсын түүхэнд анх удаа паралимпийн байт харвааны төрөлд Дамбадондогийн Баатаржав алтан медаль хүртсэн нь 2008 оны Бээжингийн паралимпийн наадам байлаа.
БНХАУ олимпийн наадмыг спортын 37 цогцолборт зохион байгуулснаас 19-ыг шинээр босгож байсан төдийгүй 29 дэх удаагийн олимпийн наадамд дэлхийн 204 орон оролцсон нь шинэ дээд амжилтаар бүртгэгдэж байсан бол манай улс 204 орноос 31-р байрт эрэмлэгдсэн билээ. 10 жилийн өмнө зохиогдсон Бээжин 2008 олимпМонголын ард түмний хэзээ ч мартаж болохгүй олимпоор зүй ёсоор нэрлэгддэг билээ.
Ердөө сар гаруйн өмнө үймээн, самуунд автаж, гэмгүй иргэд амь үрэгдсэн хагаралтай байсан ард түмнийг цөөхөн хэдэн спортын тамирчид, дасгалжуулагчид маань нэгтгэн баярын нулимсыг дуслуулж байсан түүхтэй.
СПОРТ ДАЙНЫ УТААГ ЗОГСООЖ, НЭГ ЗОРИЛГО ДОР НЭГТГЭДЭГ АЧ ТУСТАЙГЫН ИЛРЭЛ.
URL: