ГУНИГТ ТҮҮХ: ЭЭЖ ЭЭ, ТАНЫГАА ХИЧНЭЭН УДААН ХАЙВ?

36031

1994 оны 2 дугаар сард Германы умард хэсгийн Кобленз нэрт хот цас мөсөнд дарагдаад байлаа. Тэр хотын өнчин хүүхдийн асрамжийн газар Рейн мөрний хөвөөнөө орших бөгөөд сүрлэг том хашаа хороо нь улин исгэрэх цасан шуурган дунд ер бусын ихэмсэг амгалан үзэгдэнэ. Тэр нэгэн өглөө асрамжийн газрын тавин настай гэлэнмаа Тереза албан хэрэг амжуулахаар дааман хаалганаа хүрэлцэн очих агшинд нялх хүүхдийн бүгтхэн уйлах дууг сонсчээ. Гэлэнмаа дуу гарсан зүгт явж очтол дааман хаалганы хажуугийн төгөл дунд алтан шаргал үстэй нялх хүүхэд байсныг олж авав. Тереза гэлэнмаа түүнийг асрамжийн газартаа үлдээн Дөрби гэсэн нэр хайрласан аж.
Өдөр хоногууд өдөт сум шиг хурдан өнгөрсөөр нэг л мэдэхэд Дөрби долоон жилийг ардаа орхиод сайхан сэтгэлтэй атлаа гуниглангуй төрхтэй хүү болон өсчээ. Цаг агаар нартай сайхан үед гэлэнмаа нар асрамжийн газрын хүүхдүүдийг дагуулсаар ой дундуур өнгөрөн голын хөвөөний зүлгэн дээр зугаалдаг байлаа. Ойн захын суурингийн иргэд өөрсдийн хүүхэддээ хандан тэднийг заагаад: “Энэ хүүхдүүд бол эцэг эхдээ хаягдсан юм. Хэрвээ чи үгэнд орохгүй бол чамайг ч гэсэн асрамжийн газарт өгч орхино шүү!” хэмээн хэлэх үгс чих дэлсэнэ.
Тэдний ийм үг хэлэх тоолонд Дөрбигийн сэтгэл туйлын ихээр шаналан бачуурч арга буюу гэлэнмаа нарын хэн нэгэн дээр очоод: «Багш аа! Манай аав ээж хоёр яагаад намайг орхисон юм бэ? Тэд нар арай надад хайргүй байсан хэрэг биш биз дээ?» хэмээн асуух дуунд нь балчир настай жаахан хүүхдэд баймгүй ухаарал эргэцүүлэл нуугдан байгаа нь илт байх ажээ. Гэлэнмаа яах учраа олохгүй: “Чи яагаад ингэж асуудаг билээ?” гэхэд Дөрби хариуд нь:
“Бүх хүмүүс биднийг эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд гэх юм байна шүү дээ!” гэдэг байв. Гэлэнмаа түүнийг тайвшруулах санаатай: “Хэдийгээр би чиний ээжтэй уулзаж байгаагүй боловч тэр чамд маш их хайртай байсан нь тодорхой. Энэ хорвоо дээр үр хүүхдээ хайрладаггүй эх хүн гэж хаанаас байх билээ дээ? Тэр жил ээж чинь ёстой арга мухардсаны улмаас чамайг орхин одсон байж таарна.” гэхийг дуулаад Дөрби хэдийгээр юм хэлэхгүй боловч хавьгүй хэрсүүжсэн янзтай асрамжийн газрын цонхон дээр явж хүрээд тэртээ алсад буй Рейн мөрнийг ажиглан харахад мяралзах түмэн долгис нь Дөрбигийн ээжээ хүсэмжлэн санагалзах сэтгэлийг тээсээр авч одох шиг санагдана.
2003 оны эхчүүдийн баярын халгисан уур амьсгал Дөрби хүүгийн ээжийгээ үгүйлэх сэтгэлийг байж ядтал өдөөжээ. Тухайн өдөр телевизүүд эхчүүдийн баярын тусгай нэвтрүүлгийг тасралтгүй гаргахад газар бүрийн хүүхдүүд эмэгтэйчүүдийн баярын өдөр хайрт ээждээ хичнээн хайртайгаа илэрхийлж байгаа үйл явдлууд дараалан хөвөрсөөр байв. Зургаан настай хүүгээ нурууны хөлсөө чийхруулан зүлэг ногоо тэгшлэж байхыг харсан нэгэн ээж хажуу дэргэд нь нулимс гялтгануулан зогсоно. Дөрби арга ядсан байдалтай гэлэнмаа дээр гүйн очоод: “Би ч гэсэн тэр жаалхүү шиг эцэг эхдээ тусламаар байна. Тэд нар хаана байгааг та хэлээд өгөөч дээ?” хэмээн гуйжээ.
Энэ хэдэн жилийн турш Дөрбигийн эцэг эхийн тухай сураг чимээ тавиад ямар ч үр дүн байхгүй байгаа болохоор гэлэнмаа түүнд юугаа хэлэх билээ дээ. Дөрби шаналсан сэтгэлдээ шатсаар гадагш гүйн гарахад гудамжаар хөлхөх тэр олон эмэгтэйн чухам хэн өөрийнх нь ээж болохыг тэр өөрөө ч яахин мэдэх вэ? Нааш цааш хөлхөлдөх олны хөл дунд жаахан Дөрби тэсгэлгүй уйлан зогссон юм.
Хэдэн сарын дараа есөн нас хүрсэн Дөрби асрамжийн газраас ойролцоох нэгэн бага сургууль руу шилжиж тэндээ ном үзэхээр болжээ. Нэгэн удаагийн хичээл дээр багш нь сурагчдад тун сонирхолтой үлгэр ярьж өгсөн байна. «Эрт дээр үед нэг хаан байжээ. Тэр шатарт маш их хорхойсоод түүнийг анх нээсэн хүнийг шагнахаар шийдэж л дээ. Гэтэл шатрыг нээсэн эрхмийн тавьсан хүсэлт хааны хөх инээдийг хүргэхээр эд байлаа. Өөрөөр хэлбэл мөнөөх эрдэмт хүмүүн хаан эзнээсээ шатрын хөлгийн эхний нүдэн дээр нэг ширхэг буудайн үр тавихыг хүсчээ. Дараачийн нүдэн дээр хоёр мөхлөг буудай тавина. Гуравдугаар нүдэн дээр дөрвөн мөхлөгийг тавина гэх мэт явсаар шатрын хөлөгний нүдийг дүүргэх учиртай байж л дээ. Хаан ч яахав тэр эрдэмтэнд хэдэн шуудай буудай өгөөд явуулна биз гэсэн шүү юм бодож байтал эцэс сүүлдээ тухайн үед дэлхий дахинаа тариалж байсан нийт буудайн мөхлөгийн тооноос арав дахин их буудай хэрэгтэй болсон юм гэдэг.»
Энэ үлгэрийг сонсож суух зуур Дөрбигийн нүд өөрийн эрхгүй гялалзаад ирэв. Хэрвээ тэр хэн нэгэн хүнд тусласны хариуд тухайн хүнээс өөр арван хүнд тус болохыг хүсээд байвал хайраа уламжлан дамжуулах энэхүү өвөрмөц арга нь цаашаа салаалан түгсээр хэзээ нэгэн өдөр түүний төрсөн ээж хайр энэрлийг нь хүртэх боломжтой болох бус уу? Ийм бодол тархинд нь гялсхийн орж ирэх агшинд Дөрби тэгтлээ их догдлон баяссан хэрэг байж таарна. Түүнээс хойш бяцхан Дөрби гагц сэтгэлээр бусдын тусыг хичээн явах болсон бөгөөд хэн нэгэн хүн түүнд талархал илэрхийлэх тоолонд жаалхүү хариуд нь: «Та хэрвээ өөр арван хүнд тус болох бөгөөс надад илэрхийлж буй хамгийн том талархал тэр байх болно шүү!» гэдэг болжээ. Дөрбигийн туслалцааг хүртсэн хүмүүс сайхан сэтгэлт жаалхүүд дотроо туйлын ихээр талархахын сацуу түүний сэдсэн хайр энэрлийг уламжлах өвөрмөц аргыг дуулаад нэн илүүтэй гайхширан хоцордог байв. Тэд нар ам тангаргаа биелүүлж байгаа мэт арван хүнд туслаад тэр болгоноос дахин арван хүнд туслаарай хэмээн аминчлан гуйдаг болцгоожээ. Ингэснээр хайр энэрлийн харах нүдэнд үл үзэгдэх салаалсан сүлжээ тус хотын иргэдийн дунд зугуухан газар аван тэлж эхлэвэй.

АРВАН БУЯНТ ҮЙЛИЙН ИД ШИД

Дөрби хүү хэзээ нэгэн цагт телевизийн алдарт хөтлөгч Руйкэд тусласнаар Герман даяар зартай хүн болон хувирах юм гэж яахин санах билээ.
Руйк бол Германы төв телевизийн ток шоу нэвтрүүлгийн алдартай хөтлөгч бөгөөд тавь гаруй наслахдаа ухаалаг намба төрх хийгээд хоржоонтой хошин үг яриагаараа үзэгч олны хайр бахдлыг татаж чаджээ. Түүний нэвтрүүлгүүд нийгмийн нэр хүндтэй эрхмүүдийн өө сэвийг хайр найргүй илчлэж, өнгөн дээрээ айхтар мундаг төрхөө харуулахыг хичээдэг хэр нь үнэн чанартаа ёс суртахууны хувьд ялзарч доройтсон тэдний нэр хүндийг шавар шороотой хутгаад хаях нь олонтоо. Амьдран буй нийгмийнхээ хар бараан талыг дэндүү их мэддэг болохоор ч тэр юм уу, эсвэл телевизүүдийн хатуу ширүүн өрсөлдөөнөөс ч болсон уу бүү мэд. 2003 онд Руйк мэдрэлийн гүн ядаргаанд ороод цаашид ажиллах тэнхэлгүй болжээ. Тухайн оны арван сард Руйк телевизээсээ нэг жилийн хугацаатай чөлөө авсан нь бие сэтгэлээ амраан сувилж эрүүл саруул болохыг хүссэн хэрэг байлаа. Удалгүй тэр аялан явсаар Дөрбигийн амьдардаг хотод хүрэлцэн ирэхэд Рейн мөрний эргийн үзэмж түүний сэтгэлийг ихэд татжээ. Шар бүрийн үеэр мань хүн ганцаараа мөрний эргээр зугаалан явтал гэнэт зүрхний өвчин нь хөдлөөд халааснаасаа эмээ гаргаж завдалгүй ухаан алдаад хөсөр унасан аж. Азаар эрэг дээр загасчлан суусан Дөрби хүү түүнийг цаг алдалгүй олж хараад түргэн тусламж дуудан сэхээн амьдруулах тасагт хүргэжээ.
Эмчилгээний үр дүнд ухаан орж сэргэсэн Руйк өөрийг нь аварсан Дөрби нэрт жаахан хөвгүүний гараас чанга атгах зуур: “Хүү минь! Би чамд хэрхин яаж талархахаа мэдэхгүй байна. Хэрвээ чамд мөнгө хэрэгтэй байгаа бол би хүссэн хэмжээгээр чинь өгч чадна шүү!” хэмээн түмэнтээ уяран өгүүлэхэд Дөрби хариуд нь толгой сэгсрээд: “Хэрвээ та тус дэм хэрэгтэй өөр арван хүнд тэр мөнгөөрөө туслаж чадах бөгөөс надад хамгийн том талархал илэрхийллээ гэсэн үг.” гэж хэлжээ. Руйк учрыг нь олж ядсан янзтай: “Тэгэхээр чамд түүнээс өөр юу ч хэрэггүй юм гэж үү дээ?” хэмээн асуухад Дөрби мушилзан инээвхийлээд толгой сэгсэрсэн байна.
Руйк тэр этгээд сонин жаалыг ихэд сонирхон түүнд харилцах хаягаа үлдээгээд машинаараа сургуульд нь хүргэж өгсөн юм. Руйкийг салан холдох агшинд: «Та өөрийн чадах чинээгээрээ арван буянт сайн үйлийг бусдын төлөө үйлдээрэй!» хэмээн хэвлүүхэн захисан гэдэг. Руйк нүдэндээ галтай тэр жаалхүүг цоо ширтэн харах зуур сэтгэл нь огшоод ирсэн тул өөрийн мэдэлгүй толгой дохин зөвшөөрчээ.
Ингэснээр тэрхэн агшинд Руйк алдагдаад байсан итгэл найдвараа эргүүлэн авсан нь угтаа бол Дөрби түүнд амьдралын утга учрыг мэдрүүлсэн хэрэг байлаа. Тэр хэргийн дараа Руйк амласан ёсоороо арван буянт сайн үйлд шамдаж бусдын тусыг хичээх болжээ. Руйк хэн нэгэн хүнд туслахдаа сэтгэл нь баяр хөөрөөр халгидаг болсон бөгөөд ялангуяа бус хүмүүн түүнд «Баярлалаа!» хэмээн хэлэх бүрт өөрийнх нь амь амьдрал хичнээн утга учиртай болохыг мэдэрдэг байв. Мань хүн угтаа бол хагас жил илүү хугацаа үлдээд байсан амралтаа дуусгаад ажилдаа буцан орохоор шийдсэн юм. Хамт ажилладаг найз нөхөд нь Руйкийг улам ч уужуу тайвуухан агаад бусдад тусламхай нэгэн болон хувирсныг ажигласан байна.
Үнэндээ бол арван буянт сайн үйлсийн ид шид л Руйкийг хувиргаж тэр хэрээр сэтгэл санааны дарамт нь арилсан хэрэг юм л даа. 2003 оны 12 сарын 01-нд Руйкийн хөтлөдөг ток шоу нэвтрүүлэг дахин үзэгч олонтойгоо нүүр учран золгов. Хийморь сүлд нь сэргэн бадарсан Руйк телевизийн студийн голд зогсчихоод Герман улсын хэдэн арван сая үзэгчдэд хандан өөрт тохиолдсон явдлыг ярьж эхлэсэн бөлгөө. «Урьд нь би дандаа л бусдын болж бүтэхгүй түүхийг голчлон ярьдаг байсан. Өнөөдөр харин би та бүхэнд өөрт тохиолдсон явдлыг ярьж өгөхөөр шийдлээ. . . . . .» хэмээн яриагаа эхлээд хагас цагийн турш арван буянт сайн үйлсийн тухай өгүүлж дуусахдаа: «Магадгүй зарим хүнд энэ явдал үлгэр домог мэт хол хөндий санагдаж болох л доо. Гэвч бусдад хайр энэрлээ харамгүй түгээх болгонд уушиг зүрхээр дүүрэн халуун цус огшоод ирэх шиг санагддаг юм шүү. Тийм болохоор та ч гэсэн өөр бусад арван хүнд туслаад үзээрэй! Тэгэх бөгөөс миний дээр өгүүлсэн гайхалтай сэтгэгдлийг та ч гэсэн мэдрэх нь гарцаагүй!» хэмээн нулимс мэлмэрүүлэн хоолой цахиртан өгүүлжээ.
Телевизийн долгионоор дамжин Руйкийн нэвтрүүлэг Германы хэдэн арван мянган айл өрхийн гэрт түгэн тархав. Түүнд тохиолдсон явдал олон хүний сэтгэлийн утсыг хөндсөнөөр тэд тэр даруй телевизийн төв рүү залган өөрсдөө ч гэсэн арван буянт сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг. Тэр тусмаа илүү олон үзэгч Дөрби нэрт сайхан сэтгэлт хөвгүүнтэй зурагтын нэвтрүүлгээр дамжуулан танилцах хүслээ илэрхийлсээр байлаа.
Ингэснээр 2004 оны 1 сард Дөрби телевизийн студид уригдан иржээ. Тэнд байсан нэг үзэгч түүнээс: «Чамд анх яаж ийм бодол төрсөн хэрэг вэ?» хэмээн гайхширан асуухад Дөрбигийн нүүр улайнгаа эргэлзсэн янзтай доод уруулаа хазлан дуугүй суусан юм. Гэвч удалгүй тэр өөрийнхөө бодол хаанаас үүдэл сэдэлтэй болохыг ярьж эхлэжээ. Балчир жаахан хүүхэд атлаа бараа зүсийг нь ч үзээгүй эхдээ тийм их хайртай байна гэж олон үзэгч урьдаас таамаглаагүй нь лавтай. Гэтэл чамгүй олон том хүмүүс нэр ашгийн хойноос хөөцөлдсөөр өөрийнхөө эхийг ч хүртэл мартчих тохиолдол бишгүй л нэг байдаг шүү дээ. Дөрбигийн яриа хүмүүсийн дотоод сэтгэлийн гүнд агуулагдан байдаг хүнлэг чанарын эмзэг цэгийг хөндөж байсан болохоор ток шоу нэвтрүүлгийн үзэгч болох олон арван хүний нүд сувдан нулимсандаа гялтганан байлаа.
Нэвтрүүлгийн эцэст Руйк Дөрбигийн турьхан биеийг тас тэврэх зуур: “Ээж чинь чамд маш их хайртай байж таарна. Тийм болохоор чи ээжийгээ хэзээ мөдгүй олох нь тодорхой.” хэмээн зоригжуулжээ.

МЯНГА ТҮМЭН ЭХИЙН ХАЙР

Нийт Герман орон даяар «Арван буянт сайн үйлсийн аян» давалгаалан өрнөж урьд өмнө хөндий хөшүүн төрхтэй хүмүүсийн харц хийгээд зан авирт ч тэр хэрээр нааштай өөрчлөлт гарч эхлэв. Өөрийнх нь тусласан тэр эмэгтэй Дөрбигийн ээж байгаасай хэмээн хүсэмжлэх хүмүүсийн тоо ч улам олширчээ.
Дөрбигийн зураг хөрөг хаа сайгүй үзэгдэх болж, хүн болгон түүнийг андахгүй сайн мэдэх болсон юм. Түүний зэрэгцээ телевизүүд Дөрбигийн ээжийг хайх ажлаа уралдан эхлүүлсэн боловч нааштай үр дүн төдийлөн гарахгүй л байв.
2004 оны 2 сард сайхан сэтгэлтэй жаалхүүд бүр ч илүү тааламжгүй хэрэг тохиолдов. Дөрбигийн суралцдаг сургуулийн сурагчдын олонх нь ядуусын хорооллын хүүхдүүд бөгөөд зарим нь бүр бага балчраасаа буруу гарын хүмүүсийн нөлөөнд автсан байдаг ажээ. Дөрбиг нэрд гарсаны дараа тэдний сургуулийн зартай танхай хөвгүүд түүнийг лав их мөнгөтэй болсон байж таарна гэж бодоод сэмээрхэн онилох болов. 2004 оны 2 сарын 16-ны орой сургууль руугаа буцаж явсан Дөрби хэдэн танхай балмад хөвгүүдэд бүслүүлжээ. Тэд нар Дөрбигийн биеийг нэгжээд ямар ч мөнгө олсонгүй хорсохдоо түүнийг хутгаар сүлбэж орхисон юм.
Дөрбигийн элэг нь хурц хутганы ирэнд сүлбэгдэж цусандаа хутгалдан ойчоод ухаан алдахад хоёр цагийн дараа л эргүүлийн цагдаа нар түүнийг олж эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт очсон хойноо ухаан нь бүрэг бараг байсан атал Дөрбигийн амнаас «Ээж ээ! Ээж ээ!» хэмээх ганцхан үгийг давтаж хэлэх нь л бүгтхэн сонсогдсоор байлаа.
Телевизүүд 24 цагийн турш Дөрби хүүгийн биеийн байдлын талаар шуурхай мэдээ дамжуулах агшинд түүний амь насны төлөө санаа зовнисон хүмүүс дор бүртээ түүнийг эсэн мэнд эдгэрээсэй билээ хэмээн залбирцгааж байв. Германы хэдэн арван их дээд сургуулийн оюутнууд Александрын талбайд хуран цуглараад гар гараасаа атгалцан зүрхэн хэлбэр үүсгэчихээд бүгдээрээ: «Ээж ээ! Ээж ээ!» хэмээн Дөрбигийн сэтгэлийн хөг эгшигт түрлэг нэмэхэд замаар өнгөрч явсан хүмүүс нулимс гялтгануулсаар мөнөөх «Зүрхэн хэлбэрт» нэгдэхийн хэрээр хүрээгээ тэлж улам бүр томорсоор л байв.
Хамгийн сэтгэл догдлуулсан нэг үйл явдал юу хэмээвээс Дөрби мэсийн шарх олсоны дараах хоёр цагийн хугацаанд хэдэн зуун эмэгтэй телевизийн төвүүд рүү утсаар ярьж Дөрбигийн ээж болох хүсэлтээ илэрхийлж эхлэсэн юм. Мюнхен хотын нэгэн их сургуулийн профессор Линда нэрт бүсгүй: “Хэрвээ надад Дөрби шиг сайн хүүгийн ээж болох хувь тохиовоос би маш их баяр жаргалтай байхсан.” гэж хоолой зангируулан өгүүлсэн бол гучин таван настай Талина нэрт бүсгүй бүр хэдэн ч удаа утас залгах зуур: “Би өөрөө багаасаа ээжгүй өнчин өссөн хүн л дээ. Багадаа ээжтэй байсан болоосой гэж маш их хүсдэг байлаа. Тийм болохоор би Дөрбигийн сэтгэлийг маш сайн ойлгож байна.” гэсэн юм. Кобленз хотоос Жүди хэмээх бүсгүй утсаар ярихдаа өөрөө ч гэсэн хэдэн жилийн өмнө хүүхдээ алдсан тухайгаа ярьжээ. Өнөө хэр хүүхдийнхээ хойноос эрэл сурал болсоор байгаа тэр бүсгүй их л сэтгэл догдлосон янзтайгаар: “Хэрвээ миний алдсан тэр хүү өнөө хэр Дөрбитэй адилхан намайг үгүйлэн санасаар байдаг бол би хувьдаа маш их аз жаргалтай байхсан. Би Дөрбигийн ээж болохыг маш их хүсэж байна. Тийм боломж олдвол би түүнийг жинхэнэ эхийн хайраар дутаахгүй байхсан.” хэмээжээ. Нэг үгээр хэлбэл хэдэн арван мянган харилцуур утас телевизийн төвүүдтэй холбогдож төдий тооны сайхан сэтгэлт эхчүүд нэг л зүйлийг хүсэмжилж байсан нь «Намайг Дөрбигийн ээж болгооч дээ!» хэмээх горь хүслэн байлаа.
Гэвч Дөрбид ганц л ээж хэрэгтэй болохоор телевизүүдийн өмнө тэднээс нэгийг нь сонгох амаргүй даваа тулгарав. Цаг хугацаа давчуу байсан тул цөмөөрөө шуурхай хэлэлцсэний эцэст Дөрбигийн ээж болох боломжийг Жүди бүсгүйд олгохоор шийдэцгээжээ. Яагаад гэвэл тэр Дөрбитэй нэг нутаг усных болохоор үг аялгуунаас авахуулаад сэтгэлд нь ойр дөхүү зүйлс олон байж таарна.
2004 оны 02 сарын 17-ны өглөөгүүр удтал ухаангүй байсан Дөрби нүдээ зугуухан нээлээ. Тэвэр дүүрэн сараана цэцэг тэвэрсэн Жүди бүсгүй Дөрбигийн орны хажууд зогсчихоод булбарай зөөлөн гарыг нь атгах зуур: “Дөрби! Хүү минь! Би чиний ээж байна.” хэмээн зөөлөн хэлжээ. Дөрби хүү гэмт харанхуйн дунд гэгээн нарыг олж үзсэн мэт нүд нь баяраар гийгээд “Та үнэхээр миний ээж мөн гэж үү дээ?” гэхэд Жүди болон тэнд зогсож байсан хүмүүс бүгд л инээвхийлэн толгой дохицгоов. Дөрбигийн нүднээс хоёр салаа сувдан нулимс доош бөмбөрөн унаад: «Ээж ээ! Би таныгаа хичнээн удаан хайв аа? Та намайг хэзээ ч дахин битгий орхиорой!» хэмээн арай ядан өгүүлжээ.
Жүди толгой дохин хоолой зангируулаад: «Санаа амар бай даа! Ээж нь дахин чамайгаа орхихгүй!» гэв. Дөрбигийн цонхигор цагаан царайд инээмсэглэл тодрон зөндөө их юм ярьмаар байсан боловч тэр болгоныг илэрхийлэн гаргах тамир тэнхээ нь нэгэнт шавхагдаж гүйцсэн байлаа. Тэр бол Дөрбигийн хүний орчлонд өнгөрөөсөн хамгийн сүүлчийн өдөр байжээ. Дөрби хүү Жүдигийн гараас тас атган ахиухан хараад авъя гэсэн янзтай нүдээ ч аньж зүрхлэхгүй байхыг хараад тэнд байсан эмнэлгийн ажилтнуудын нүд байнга л чийгтэй байцгаасан гэдэг.
2004 оны 2 сарын 18-ны үүрийн хоёр цагт Дөрби хүү нүдээ зугуухан аниад орчлонгоос халин одсон боловч түүний ээжийнхээ гараас тас зуурсан гар харин алдуураагүй бөлгөө.


URL:

Сэтгэгдэл бичих