“Дүрслэх урлагт мэргэжлийн шүүмжлэгч дутагдаж байна”
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа монгол зураачдын сэтгэл зүйн судалгааг хийсэн анхны судлаачдын нэг урлаг судлаач, сэтгэл зүйч Т.Анударийг урьсан юм.
-Монгол зураачид дэлхий дахины дүрслэх урлаг, уран зургийн хөгжил, сэтгэлгээг гайхан биширч, суралцаж асан үе саяхан. Харин өнөөдөр дэлхийн зураач, судлаачид монгол зураачдын бүтээлийг ихэд сонирхон, шагшиж эхэлсэн. Энэ нь Монголын дүрслэх урлагийн хөгжил дэлхийн тавцанд гарсныг илэрхийлнэ.
Урсгал чиглэлийн хувьд монгол зураг, контемпорари урлаг давамгайлж, мөн кибер-реалист зураачид шинээр төрөн гарч байгаа нь гайхалтай. Өнөөдрийн “тэргүүлэгч” зураачийг бид тодорхойлох нь өрөөсгөл юм. Түүнийг ирээдүй л өөрийн үнэлэмжээр сонгон авч үлдээнэ. Цаг хугацаа бол хамгийн шударга шүүгч шүү дээ.
МОНГОЛ ЗУРААЧИД ДЭЛХИЙД ХЭДИЙН ТАНИГДСАН, ХАРИН УРЛАГ СУДЛАЛЫН САЛБАР НЬ УРАН БҮТЭЭЛЧДЭЭСЭЭ ХОЦРОГДОЖ ЯВНА
Дэлхий дахинтай харилцах цонх нээлттэй болсон өнөө цагт “Монголын урлаг судлал” уран бүтээлчдээсээ дутахгүй хөгжих учиртай. Харамсалтай нь бүхэл бүтэн зуун жилээр уран бүтээлчдээсээ хоцорчхож. Магадгүй энэ салбар луу чиглэсэн төрийн бодлого байхгүйгээс гадна зарим нэг эндүүрэл, ташаа ойлголтууд үүнд хамаатай биз. Жишээлбэл жинхэнэ судлаач хүний хийх ажлыг уран бүтээлчид нь хийж \Урлагийн наадам шүүх, урлагийн зөвлөх хийх зэрэг\ суудаг. Угтаа тэдгээр урлагийн наадмыг урлаг судлаач, утга зохиол судлаач нь л хийвэл зүйтэй. Зохиолч нь зохиолчоо, дуучин нь дуучингаа дүгнэж шалгаруулна гэдэг нэг оюутан нөгөө оюутандаа дүн тавихтай л ижил зүйл.
УРЛАГИЙН ШҮҮМЖЛЭЛ НЭРИЙН ДОР ОЮУН САНААНЫ ХАРГИСЛАЛ ЯВАГДДАГ
Дүрслэх урлагийн шүүмжлэл орхигдсон гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Дүрслэх урлаг төдийгүй урлагийн бусад салбарт шүүмжлэл, судалгаа хоёул орхигдож түүний орон зайг “хоосон магтаал”, “гүтгэлгийн компани”,” пасквиль” дүүргэж, хэт хүчээ авсан. Үүнийгээ судлаач хүний мэргэжлийн “шүүмжлэл” мэтээр ойлгуулахыг оролдож, “уран бүтээлчид үг даахаа байжээ” гэж мэлзэх нь эмгэнэлтэй юм. Уран бүтээлчид харин ч үг сайн даадаг. Доромжлолыг бол хэн ч тэвчихгүй. Ялангуяа утга зохиолын салбарт “пасквиль” маш их гаарч байгаа. Эрдмийн зэрэг цол, олны танил царай зэргээрээ түрий барьж уран бүтээлчийг харлуулах, гүтгэх, дайрч давшлах, нэр хүндийг нь зориудаар унагахад чиглэсэн \Мэргэжлийн бус хүн үнэхээр тийм ч юм уу? гэж дүгнэхүйц итгэл үнэмшилтэйгээр бичсэн\ өөд муутай нийтлэлүүдээ судалгаа, шүүмжлэл нэрийн дор хэвлүүлдэг тэдгээр судлаачид нь уран бүтээлчдээсээ хоцрогдсон, хэт дорд түвшинд болох нь харагддаг.
ПАСКВИЛЬ, ГҮТГЭЛГИЙН КОМПАНИ ГЭДГИЙГ ТАЙЛБАРЛАВАЛ
БЛИЦ
Боловсрол:
2008 онд МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн.
2016 онд МУИС-д Сэтгэл судлалын ухаанаар магистрын зэрэг хамгаалсан.
Бүтээл:
“Би өндиймөөр байна”, “Намайг уншаач-1”, “Намайг уншаач-2”, “Битгий мартаарай” уран зургийн бие даасан үзэсгэлэнгүүд,
Богино өгүүллэг, сэтгэл зүйн драм жанрын кино зохиолууд бичдэг.
Судалгааны чиглэл:
Уран бүтээлчийн сэтгэл зүй.
Пасквиль \Pasquill\ гэдэг нь дайрч давшлах, гүтгэж доромжлох гэсэн утгатай Герман үг. Улс төр, нийгмийн салбар болон урлаг, утга зохиолд голдуу хэрэглэгддэг нийтлэлийн хамгийн бохир төрөл. Ямар нэг улс төрийн хүчин, хувь хүн болон уран бүтээлчийн нэр хүндийг зориудаар унагаах зорилготой, гүтгэлэг, доромжлол, гутаалтаар дүүрэн ийм нийтлэл ихэвчлэн авьяас билэг, хүч чадал, үнэний эсрэг бичигддэг.
Гүтгэлгийн компани \Smear campaign\ нь авьяас билэгтэй уран бүтээлчдэд атаархах, хордох, нэр хүндийг нь унагаж, тэднээс өөрийгөө өндөрт харуулах, алдар гавьяанд нь шунах сэдэлтэй хэсэг бүлэг этгээд зориудаар хуйвалдан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан үүсгэж, тал талаас нь хуурамч болон худалдаж авсан хүмүүсээрээ дамжуулан зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийхийг хэлнэ. Ийм этгээдүүд ихэвчлэн өөрсдийгөө нууцалж бусдыг гар хөлөө болгох, ятгах замаар хорон санаагаа хэрэгжүүлж байдаг.
Тухайлбал 2009 оны “Алтан өд” утга зохиолын дээд шагналтныг “алтанд шунасны улмаас авсан” хэмээн өдөр тутмын нэг хэвлэлээр дамжуулан нэгэн дээд сургуулийн багш хүн гүтгэлэг явуулж, тун ч ядуу санаатай пасквиль хэвлүүлснийг уншиж байлаа. Гэтэл энэ шагнал шилдэг бүтээлд л олгогддог, ямар ч алт мөнгө дагалддаггүй нэр төрийн л шагнал. Энэ нь нийтлэл худал гэдгийг мэдэж байсан ч МЗЭ хариу тайлбар хэлэлгүй үнэнийг цаг хугацаанд найдан үлдээсэн. Тухайн уран бүтээлч нь ч хуулийн байгууллагад хандалгүйгээр өнгөрсөн. Ийм зүйлийг өөгшүүлж, эвлэрч болохгүй.
Социалист Монголд шүүмжлэл нэрийн дор яг ийм оюун санааны “нядалгаа” үе үе явагдаж байсныг уран бүтээлчид нотлон ярьцгаадаг. Дэлхий дахинд судалгаа, шүүмжлэл хөгжсөн өнөө цагт Монгол энэ муйхар бүдүүлэг нийтлэлээсээ салаагүй нь Монголын урлагийн хөгжлийн гол эмгэг юм.
Ийм хар салхинд өртсөн жинхэнэ уран бүтээлчийн нэр хүнд тодорхой цаг хугацаанд харлаад өнгөрсөн ч “бүтээл”-үүд нь урлагийн түүхэнд үлдэж чаддаг нь хууль юм.
УЛС ҮНДЭСТНИЙ ОЮУНЫ ДАРХЛААНЫ ТУНГААМАЛ ХЭСЭГ БОЛ УРЛАГ СОЁЛ ЮМ
Зарим судлаач “урлагийн шүүмжлэл” болон “пасквиль”-ийн ялгааг ойлгохгүй эндүүрдэг. Шүүмжлэл гэдэг үг үсгийн алдаа, өө эрэхтэй адил зүйл биш шүү дээ. Мөн магтах л зорилготой их хачин нийтлэлүүд хааяа таардаг. Пасквиль ч бай, магтаал ч бай аль аль нь тодорхой цаг хугацаанаас цааш мартагддаг нь сайн хэрэг. Гэвч ийм төөрөгдөлд автсан судлаачид мэр сэр үзэгддэг нь урлаг, утга зохиол судлалд дөнгө болж байна. Тодорхой хугацаанд тухайн уран бүтээлчийг судалсны эцэст л шүүмжлэх, дүгнэх тухай яригдана.
Энэ салбарт хүчин зүтгэж буй хүмүүсийг бүхэлд нь пасквильч гэж ойлгох хэрэггүй. Сайн судлаачид Монголд байсан. Одоо ч бий. Жинхэнэ судлаач, эрдэмтэн багш нараас ном сонсож, ийм ховорхон чухал мэргэжил эзэмшсэндээ баяртай явдаг.
Мэргэжлийн урлаг судлаачдын хийсэн шинжлэх ухааны үндэстэй эрдмийн бүтээлүүд л энэ салбарын хөгжлийн гарцыг тодорхойлно. Түүнээс олны анхаарлыг татах гэж хичээж буй пасквильчдын ятгалгаас бид татгалзаж оюун санаагаа чөлөөлж сурах нь чухал. Төр ч улсынхаа тархины шим болсон энэ салбарыг анзаарч, онцгойлон авч үзнэ гэдэг нь гарцаагүй.
УРЛАГ СУДЛАЛ БОЛ ХАМГИЙН ТОВЧООР УРАН БҮТЭЭЛЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ СУДЛАХЫГ ХЭЛНЭ
Урлагийг судална гэдэг уран бүтээлээс нь илүүтэйгээр уран бүтээлчийн дотоод ертөнцийг судлахад чиглэгдэх нь зүйтэй. Энэ нь уран бүтээлчийг баалж гутаах эсвэл хэн нэгнийг хий хоосон магтсаар “өнөөдрийн танил” төдий болгоод өнгөрөхөөс сэргийлж чадна. Швейцарийн урлагийн түүхч, эрдэмтэн Генрих Вёльфлин “-Би урлагийн формалист түүхийг харж байна. Энэ нь урлагийг зөвхөн гоё сайхан хэлбэр төдийгөөр тайлбарлаад, өөртөө урлагийн түүхч нэр алдрыг өгсөн хүмүүсийн бичсэн түүх юм.” гэж зуу гаруй жилийн тэртээ урлаг судлалд хандаж бичсэн нь бий. Энэ шүүмжлэл өнөөдрийн Монголын урлаг судлалд дэндүү хамаатай. Урлагийн бүтээл нь бүтээгчийнхээ сэтгэл зүй, цаг үеийнхээ алдаа, харууслыг өөртөө маш гүн гүнзгийгээр шингээж нийтэд дэлгэхдээ тухайн нийгэм болон ирээдүйнхээ оюун санааг эмчилж байдаг үнэт өв хөрөнгө юм.
“УРЛАГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ” ХОЁР САЛАА ЗАМААР ХӨГЖИЖ БАЙНА
Нэг нь уран бүтээлчийн сэтгэл зүй бүтээлд нь хэрхэн нөлөөлж буйг судална. Энэ чиглэлээр би судалгаагаа хийдэг. Эдмунд Гуссерлийн хэлсэнчлэн “Хүний оршихуй дахь танин мэдэхүйд объект биш харин субъект өөрөө онцгойлох үүрэгтэй” гэсэн зарчмын дагуу уран бүтээлийг анхаарч судлах нь өнөөгийн урлагийн сэтгэл судлалын гол зарчим юм. Өөрөөр хэлбэл урлагийн бүтээл бий болох үндэс нь бүтээлчийн сэтгэл зүй болно. Урлагийн хүмүүс нийгмийг төгс идеал ертөнц рүү хандуулдаг. Нийгэм өөрөө ч тэднийг дуурайдаг. Тиймээс л урлагт судалгаа, шинжлэх ухааны үндэстэй шүүмжлэл хэрэгтэй юм.
Нөгөө нь урлагийн бүтээлүүд ард түмний сэтгэл зүйд хэрхэн нөлөө үзүүлж буйг судалдаг. Судалгаандаа 100 орчим мэргэжлийн зураачийг оролцуулсан. Уран бүтээлч хүн шударга бус явдлыг хэзээ ч тэвчдэггүйн дээр эх дэлхий, байгаль, нийгмийн сайн сайхан руу үргэлж хөтлөн тэмүүлэгч төрөлхийн мөн чанартай. Энэ мөн чанар нь Монголын өнөөгийн нийгэмтэй зөрчилддөг. Судалгааны үр дүнгээс харахад тэдний стресс, бухимдал дээд цэгтээ хүрсэн ч өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүсэл мөрөөдөл нь очир эрдэнэ мэт бат бөх оршиж бүтээлээ туурвидаг нь харагдсан. Тиймээс л Монгол зураачид дэлхийн сор бүтээлчидтэй эн зэрэгцдэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ҮЛ-ОЛДОХ
URL: