Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер бууснаас болж олон газар зам эвдэрчээ
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер бууснаас болж олон газар зам эвдэрч, аймгийн төв болон Улаанбаатараас тус сум руу хүрэх боломжгүй болоод байна. Мөн Тавантолгой Гашуун сухайтын нүүрсний замыг энэ сарын 2-ноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Өчигдөр тус сумын нутгаар 10 минут орчим хүчтэй аадар бороо орсны улмаас нэг айлын гэр урссан бол хоёр хүүхэд гэртээ усанд автаж байхад нь тус сумын гал түймэр унтраах 66 дугаар ангийн аврагчид аварчээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд сүүлийн үед өдөр өнжихгүй бороо орж байгаа аж.
Аадар борооны улмаас Ханбогд сумын төвөөс 50 км зайтай байдаг Ундайн гол үерлэж аймгийн төв болон Улаанбаатараас манай сум руу ирэх боломжгүй болж зам хаагдсан байна. Сумын төв болон Цагаан хадны байдал маш хүнд байгаа гэдгийг албаныхан хэллээ. Тус сумын удирдлагууд болон иргэд хамтын хүчээр үүсч байгаа хүндрэлийг сөрж чадах бүхнээ хийж байгаа хэдий ч байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж байна гэдгийг иргэд хэлж байна. Ханбогд Оюутолгой чиглэлийн замд маш их эвдрэл гарч машин зорчих хүндрэлтэй болоод байгаа аж. Хэдийгээр Оюутолгой ХХК-ийн онцгой байдал, аюулгүй ажиллагааны хэлтсийнхэн шуурхай ажиллаж байгаа хэдий ч бороо дахин орж эвдрэл үүсгэсээр байгаа юм байна. Тус сум руу аль ч газраар тойрч хүрэх боломжгүй байгаа тул иргэдийг үер намжихыг хүлээх хэрэгтэйг сумын онцгой комиссынхон анхаарууллаа.
Энэ хугацаанд 140 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн бөгөөд зарим нь үерийн усанд суусан тул ачаатай тээврийн хэрэгслүүдийг татаж гаргах ажил хийгдэж байна. Цаг агаарын мэдээгээр энэ сарын зургааныг хүртэл бороотой байх бөгөөд энэ хугацаанд түр замын ажил хийгдэх боломжгүй болж байгааг албаныхан мэдээллээ.
medee.mn
URL: