Венесуэль хувийн хэвшлээ нураасны төлөөс 1,000,000% инфляц

gol_80IcuVaЛуйз сарын цалингаараа аяга кофе л авч дөнгөнө. Түүний төрсөн нутагт мөнгө цаас болж, гудамжаар хөглөрөх хогноос өөрцгүй болсноор хуруу хумсаа хугалах шахам байж, хөдөлмөрлөж олсон орлогоо нь хөөс адил болчихоод буй нь энэ. Латин Америкийн Венесуэль улсад мөнгөн тэмдэгтийн ёроолгүй уналт нүүрлэснээс Луйзынх шиг айл өрхүүд хэдэн ч өдрийг хоолгүй өнгөрөөж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс өдгөө эдийн засаг, нийгэм, улс төрийн гурвалсан их хямралд гинжлэгдэж, сүйрлийн гүн ангал руу нэгэнт унажээ. Тус улсыг сүйрлээ хүлээж буй, дараагийн Сири хэмээн олон улсын ажиглагчид зөгнөж буй. Хэдэн жилийн турш хямралд туйлдсан иргэд нь тэсгэл алдран, эх орноосоо дайжин, дүрвэсээр. НҮБ-ын тооцоогоор өдөрт 5000 гаруй Венесуэль иргэн хөрш орнууд руу нь дүрвэж байгаа аж. Өмнөд Америкийн үзэсгэлэнт Венесуэль өдгөө харахаас нүд халширч, харц буруулам эрэмдэг улс болчихоод байна. Хаа бол хаана гуйлгачин түүлэгчдээр дүүрч, гэмт хэрэг ч дийлдэхээ больжээ.

Энэ оны эцэс гэхэд тус улсын инфляцын түвшин нэг сая хувьд хүрч, гэрлийн хурдаар өснө гэж ОУВС тооцоолж байна. Инфляцын ирэх саруудын төлөв шиг энэ улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 1-2 жилийн хугацаанд итгэмээргүй бас ичмээр үр дүн үзүүлж буйгаас Венесуэлийн статистикийн байгууллага, эрх баригчид тоон үзүүлэлтүүдээ танилцуулахаа ч больсон юм. Харин олон улсын санхүүгийн байгууллагууд энэ улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг тасралтгүй тооцон, танилцуулж байгаа юм. Энэ онд гэхэд тус улсын ДНБ нь 20 шүргэсэн хувиар хумигдана хэмээн ОУВС хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Ингэснээр тус улсын макро эдийн засаг сүүлийн гурван жил дараалан хоёр оронтой тоогоор агших юм. Нэгэн цагт нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Өмнөд Амeрикийг тэргүүлж, газрын тосны арвин нөөц, хүмүүс хийгээд байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийг гайхашруулж байсан Bенесуэль улс яагаад ийн танигдахын аргагүй болтлоо доройтчихов оо.

Энэ улсын эрх баригчдын сүүлийн 20 гаруй жил баримталсан бодлогын сүүдэр өдгөө Венесуэльд тусчихаад байна. Одоогийн эдийн засгийн суурийг тавьсан Уго Чавес тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа (1998 он) ард түмэндээ таалагдаж, урт хугацаанд засгийн эрх барихын тулд коммунист бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн 2000 оноос таваарын зах зээл тавгүйтэж эхэлсэн нь одоогийн их хямралын үндсийг тавьжээ. Түүхий эдийн зах зээлд үүлэн чөлөөний нар шиг өсөлт 2003-2004 онд ажиглагдахад тус улсын эдийн засгийн өсөлт 20 хувь дөхөж, тив, дэлхийг тэргүүлж байжээ. Гэвч олон улсын зах зээлд таваарын ханш уруудснаар газрын тосоо зарж, амь зуудаг Венесуэлийн ялгуулсан өсөлт тэр даруйдаа төгссөн байдаг.

Сүүлийн 20 гаруй жил баримталсан бодлогын сүүдэр Венесуэльд тусчихаад байна

Сүүлийн 20 гаруй жил Венесуэлийг удирдаж буй Уго Чавес, Николас Мадуро нар хувийн өмчид халтай бодлого хэрэгжүүлж, дотоодын баялаг бүтээгчдээ нухчин дарсан. Тэд дэлхий дахинд “XXI зууны социализм” байгуулахаа зарлаж, гадаадын хөрөнгө оруулалттай эрчим хүч, харилцаа холбоо, газрын тосны компаниудыг хөөж, дотоодын боловсруулах салбар, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний олон зуун хувийн хэвшлийг нийгэмчилжээ. Төрөөр түрий барьсан нийгэмчлэлийн хамгийн тод жишээ нь Exxon Mobil-той холбогдоно. 2008 онд Уго Чавес АНУ-ын газрын тосны Exxon Mobil компанийн хөрөнгийг төрийн өмчийн Петролеосде Венесуэлад хүчээр эзэмшүүлсэн. Exxon Mobil компани олон улсын арбитрын шүүхэд хандсанаар 908 сая ам.долларын нөхөн олговорт Венесуэлийн Засгийн газар унаж байсан түүхтэй. Эцэст нь гуйж, гувшиж байж нөхөн төлбөрөө 300 орчим сая ам.долларт хүргэсэн байдаг. Төр ард түмний нэр барин, хувийн хэвшлээс хөрөнгийг нь булаасан. Үр дүнд нь энэ улсын хувийн хэвшил нуран унажээ. Хувийн өмчийг ичгүүргүй булаадаг Венесуэлиэс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид дайжсан.

Тэднийг дагаад мөнгө ч зугтжээ. Ингээд энэ улс газрын тосноос өөр тулах юмгүй болж, валютаар цангаж эхэлсэн. Чухам энэ үеэс одоо дэлхийн түүхэнд тодоор бичигдэх гэж буй “агуу” инфляцын өсөлтийн эхлэл тавигдсан байдаг. Олон улсын зах зээлд үнийн салхи сэвэлзэв үү үгүй юу ганц хөлтэй Венесуэлийн эдийн засаг амархан нураад уначихна. Эдийн засгийн ийм хэврэг бүтэц нь Венесуэлийг сөхрүүлсэн олон олон сорилт, хямралын эх үндэс болсон. Улмаар арга мухардсан Засгийн газар нь хувийн хэвшилд гаргасан зангаа олон улсад гаргаснаар АНУ тэргүүтэй гол худалдан авагчдаа алдаж, худалдааны хориг саадтай нүүр тулсан. Таваарын ханш, эдийн засгийн ганц тулгуурт бүтэц, олон улсын харилцаа зэрэг олон хүчин зүйл Венесуэлийг хямралд хөтөлсөн. Гэхдээ энэ бүхний эх үндэс нь хувийн хэвшил байв. Товчхондоо, хувийн хэвшлээ нураасан нь Венесуэлийг хувь тавилангийн шоглоом болоход хүргэсэн байна. Түүхий эдийн арвин нөөцтэй чинээлэг энэ улс хэдхэн жилийн дотор эргэн босохгүй болтлоо сөхөрчихөөд байна. Венесуэлийн энэ бараан түүх зарим талаар танд танил сонсогдож магадгүй. Ганц салбараас хэт хамааралтай. Улс төрийн амлалтаар ард түмнээ тэжээх зуршилтай. Болж л өгвөл популист амлалт өгч, хамаг мөнгөө нийгмийн халамж руу үрэн таран хийх сонирхолтой. Засгийн газар нь гадаадын өрөнд баригдсан.

Хамаг ачаагаа хувийн хэвшилдээ үүрүүлдэг атлаа тэдэнд халтай бодлого хэрэгжүүлдэг гээд тоочоод байвал Венесуэлийн зовлон манайд ч бий. Хэдийгээр Венесуэльтэй адил Монгол улс хүнсний хомсдолд орж, гудамжинд нь цуст мөргөлдөөн өрнөөгүй ч улс төр, эдийн засгийн бодлого буруудвал ямар ч улсын эдийн засаг хэдхэн жилийн дотор эргэж босохооргүй хямрал руу гулсан ордгийг Латин Америкийн энэ улсын түүх бидэнд харуулж байна. Хувь заяаны шоглоом, баялгийн хараалд өртсөн Венесуэлийн түүх бидэнд үл тоож боломгүй сургамж болж байна. Өнөөдөр ч Монголын эдийн засаг уурхай гэх ганцхан салбар, тэр дундаа зэс, нүүрс гэх хоёрхон түүхий эдээс хэт хамаарч байгаа. Эдийн засгийн бүтэц маань ийм дорой байхад төр дээрэнгүй хандаж, хувийн хэвшилдээ хатуурхахдаа гарамгай. Болж л өгвөл хувь хүний өмчид халдаж, хувийн хэвшлээ дарамтлахаа мартахгүй. Засгийн газрын өр, төсвийн үрэлгэн зарцуулалт өссөн. Авлига хээл хахууль газар авсан гээд Венесуэлийг сөхрөхөд хүргэсэн олон дэгээ манайд ч бий. Төр л эрх мэдлийг төвлөрүүлчихвэл бүх зүйл сайн сайхнаар эргэнэ гэх гэнэн бодол, эдийн засгийн урт хугацааны тогтвортой бус үзэл баримтлал, эрх мэдэл, албан тушаалын төлөөх охор мөчид, харалган бодлого ямар ч хөрөнгө чинээтэй, хөгжсөн улсыг ийн сөхрүүлж, сүйрүүлж болдог аж. Өнөөдөр ч Монголын төр Венесуэлийн замнасан шиг олон ч шийдвэрийг гаргаж байгаа. Гэтэл уяа жолоогүй мэт хэнээрхсэн, харалган бодлого улс орныг эргэн сэргэхээргүй унагаж дөнгөлдгийг Латин Америкийн сувд гэгдэж байсан Венесуэль улсаас харж болох нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих