Оршуулгыг “оршуулсан” нь
-БНХАУ-д яагаад мянга мянган жилийн уламжлалыг эвдэх болов-
Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадын засаг захиргааны “аймшигт” үйлдлийг идэвхтэй хөндөх болжээ. Интернэтээр нэгэн мужийн эрх бүхий албан тушаалтнууд орон нутгийн иргэдийн нас барагсдаа хөдөөлүүлдэг оршуулгын газрыг булаан авч, устгаж байгаа бичлэг ч цацагджээ. Тэгтэл энэхүү мужид нас барагсдыг оршуулахыг хориглосон заалт хагас жилийн өмнөөс хэрэгжиж байгаа аж.
Ер нь Хятадад нас барагсдыг оршуулахыг хориглох нь тийм ч шинэлэг асуудал биш гэнэ. БНХАУ 1950-иад оноос эхлэн газрын нөөцөө хадгалан үлдэхийн тулд чандарлах нь зүйтэй гэсэн кампанит ажил явуулж байгаа юм байна. Үүний ч үр дүн гарч, 2012 он гэхэд нас барагсдын тал хувийг чандарладаг болжээ. Гэхдээ хөдөө орон нутагт оршуулгын зан үйл хүчтэй хэвээр байгаа тул энэхүү шинэлэг хөдөөлүүлэх ажиллагаанд иргэд дургүй байдаг.
Тиймээс ч орон нутгийн засаг захиргаанаас шинэ журам гаргаж, түүнийг нь иргэд эсэргүүцдэг аж.
Оршуулахыг хориглоно
Саяхан Цяньси мужид уламжлалт авсанд хийж оршуулахыг хоригложээ. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй энэхүү хориг нь бас нь газрын нөөцөө хадгалж үлдэх гэсэнтэй холбоотой. БНХАУ-ын Засгийн газраас ихэнх бүсэд оршуулгын газар 10 жилийн дараа гэхэд дүүрнэ гэж тооцоолжээ (Өнгөрсөн онд л гэхэд тус улсад 10 сая орчим хүн нас барсан).
Тус муж тэр ч бүү хэл оршуулгын элдэв хачин ёслолд цэг тавихаар шийджээ. Тухайлбал, зарим оршуулгын ёслолд одоо ч гэсэн тайчигч бүсгүйчүүдийг урьж, тоглуулдаг. Ингэснээр талийгаачаа хүндэтгэж, түүнд амжилт ерөөж байгаа гэж үздэг.
Цяньси мужид талийгаачдыг нутаглуулахыг хориглоод зургаан сар болж байна. Энэ хугацаанд орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд одоо байгаа оршуулгын газрыг ч онгичиж эхэлжээ. Эхлээд тэд хүмүүсийг төрөл төрөгсдийн булшаа өөрсдөө ухаж, шарилыг чандарлахыг зөвлөж, орон гэрээр нь ухуулга хийжээ. Зарим сууринд иргэдэд ийм ажиллагаа хийсний төлөө 2000 юань буюу 290 ам.доллар амласан байна. Үүний үр дүнд хэд хэдэн тосгонд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр 5800 шарилыг чандарласан байна.
Эсэргүүцэгчид
Хэдий тийм боловч оршуулгын хуучин уламжлалаа хадгалах гэсэн хүмүүс ч цөөнгүй байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр л гэхэд хэсэг хүмүүс нэгэн иргэний 70 гаруй настай өвөө, эмээгийн 30 жилийн өмнө бэлдээд тавьсан авсыг хүчээр авч явсан хэрэг гарчээ. Нутгийн иргэд авсаа эрт бэлдэж, гэртээ хадгалбал урт удаан насалж, аз жаргалтай амьдардаг гэж итгэдэг аж.
Үүнээс гадна цаасан мөнгө цацдаг уламжлалыг л халах гэж байна. Мужийн нэгэн тойрогт шинэ журмыг зөрчиж, талийгаачаа оршуулсныг ухаж гаргаж ирсэн тохиолдол ч гарчээ.
Хятадын хэвлэлүүд, төрийн хэвлэлүүд ч “зөвхөн чандарлах” бодлогыг эсэргүүцэж, иргэдтэйгээ санал нэгдэж байна. “Оршуулгын шинэчлэл үр дүнтэй болсон ч хүмүүс үүнд өртөж, төр засагтаа итгэх итгэлээ алдана. Энэ хэрээр сэтгэл хангалуун бус байдал нэмэгдэж, тогтворгүй байдал бий болно” гэж Хятадын коммунист намын харьяа “Жэньминь жибао” сонинд бичжээ.
Мөнгө ч нэмэр болохгүй
Хонконгт л гэхэд газар олдохгүйгээс болж 1970-аад оноос талийгаачдыг газарт оршуулахыг хориглосон. Үүнээс гадна Хонконгийн засаг захиргаа зургаан жилийн дараа оршуулгын газар дахь булшийг ухаж, шарилуудыг чандарлаж, бусад талийгаачдад газар гаргаж байв.
“Хонконгт ямар ч хүн дэлхийн бүх мөнгийг авсан байсан ч оршуулах газар худалдан авч чадахгүй” хэмээн оршуулгын товчооны захирал мэдэгджээ. Энэ бодлого ч үр дүнгээ өгч, 2013 он гэхэд талийгаачдын 90%-ийг нь чандарладаг болжээ. Гэтэл 1975 онд энэ нь дөнгөж 38 %-тай байна.
Дэлхий дахинд
The Guardian-ы мэдээлж буйгаар дэлхий дээр жилд 55 сая хүн нас бардаг. Энэ нь дэлхийн нийт хүн амын 0,8% гэсэн үг юм.
Үүнийг дагаад Хятадаас гадна Их Британи, Грек, Испани, Герман, Итали, Израиль, Японд талийгаачдаа оршуулах газрын хомсдолд оржээ.
ХБНГУ-д л гэхэд нэг булшийг тодорхой хугацааны дараа дахин ашиглах замаар талийгаачдаа оршуулдаг.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11472
URL: