Архи, тамхи үйлдвэрлэгчдийг нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг Э.Бат-Үүл нар эсэргүүцлээ

“Бизнесийн өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, нэг нь нөгөө салбараа унагаах оролдлого төрийн бодлогод орох гэж байна” гэсэн хатуухан шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр хэллээ.

Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлага гэсэн хэсэгт “Архи, тамхи, спиртийн бүх төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах, нэр дэвшигч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх” гэсэн заалтыг оруулахаар зүтгэсэн Х.Баттулга сайдын саналыг авч хэлэлцэх үеэр гарсан энэ шүүмжлэл нэлээд хүчтэй өрнөж, байнгын хороодын гишүүдийг хоёр хуваав.

Э.Бат-Үүл гишүүний дээрх үг энэ заалтыг санаачлагч Х.Баттулга сайд руу чиглэсэн гэдэг нь ойлгомжтой. Гэвч Х.Баттулга сайд тойрогтоо ажиллаж байгаа болохоор байнгын хорооны хуралдаанд ирээгүй байлаа. Үүнээс үүдэн энэ заалттай холбоотой асуултыг чухам хэнд тавих вэ хэмээн байнгын хорооны гишүүд гайхширсан юм. Энэ үед З.Энхболд гишүүн “Би бас энэ төслийн санаачлагчаар оръё. Асуултаа надад тавьж болно” гэснээр маргаан цааш үргэлжиллээ.

Г.Баярсайхан гишүүн ч мөн энэ заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Үүнийг хоёр компанийн хоорондын өрсөлдөөн гэж үзэн жижгэрмээргүй байна. Архины асуудал гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад хууль тогтоогчид архи үйлдвэрлэгчидтэй нэг завин дээр явж байж болохгүй” гэсэн нь гал дээр тос нэмэв. Э.Бат-Үүл гишүүн “Ийм заалт оруулах нь хүний эрхэлж буй бизнес, хийж буй үйлдэлд хязгаар тавьж байгаа хэрэг болно.

Энэ бол аливаа дарангуйллын өмнө болдог үйл явдал. Эхлээд хүнийг хийж байсан ажлаар нь ялгаварлаж, сүүлдээ энэ нь өмчийн ялгаа болж хувирах вий” гэсэн болгоомжлолыг ч хэллээ. Үүнд З.Энхболд гишүүн “Архи, тамхины асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнтэй тэмцэхийн тулд архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-аас хол байлгах хэрэгтэй. Зөв бодлого явуулахын тулд ийм хязгаарлалт хийхээс өөр аргагүй” гэсэн хариултыг өгөв.

Гэвч энэхүү заалтыг тууштай эсэргүүцсэн Э.Бат-Үүл гишүүн бууж өгөлгүй “Бид одоо нэг л алхахад хүнийг ялгаварлаж, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчдөг болох гэж байна” хэмээн дуугаа өндөрсгөхөд З.Энхболд гишүүн “Архи, тамхи бол онцгой асуудал” гэж бувтнаж харагдав.

Энэ заалтыг дэмжих эсэх тухай асуудлыг тойрсон маргаан ийнхүү үргэлжилсээр хүний жам ёсны эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн шүүмжлэл ч гарлаа. Хуульд ийм заалт оруулах нь тухайн бизнес эрхлэгчийг гэмт хэрэгтэн болгож харуулж байгаа гэнэ.

Д.Загджав гишүүн “Энэ заалт иргэний Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол С.Эрдэнэ “Үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудлыг бид ярьж байна. Тиймээс дэмжих нь зүйтэй. Ер нь архи, тамхи үйлдвэрлэгчид бизнесээсээ татгалзаад, УИХ-д орж ирэх боломж нь нээлттэй” хэмээлээ.

Э.Бат-Үүл гишүүн энэ заалтыг эсэргүүцэж буйгаа дахин дахин илэрхийлж, удахгүй хувийн өмчтэй хүнийг УИХ-ын сонгуульд оруулдаггүй болох вий дээ хэмээхэд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Энэ асуудлаар маргалдаад байвал өнөөдөр хуралдаж дуусахгүй” хэмээж санал хураалт явуулахаар болов.

Ингээд архи, тамхины бизнес эрхлэгч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулагсадтай холбоо сүлбээтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй байх тухай заалтыг дэмжих үү гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны 15 гишүүний хоёр нь л гар өргөв. З.Энхболд гишүүн дэмжсэн боловч байнгын хорооны гишүүн биш гэсэн үндэслэлээр түүний саналыг тооцсонгүй. Ийнхүү Х.Баттулга сайдын санаачилга байнгын хорооны хуралдаан дээр уналаа.

Захиалгат нийтлэл, нэвтрүүлгийн захиалагчийг ил зарлана гэв

УИХ-ын сонгуулийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх үеэр “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл захиалгат нийтлэл, нэвтрүүлэг нэвтрүүлэх, нийтлэхдээ захиалагчийнх нь нэрийг тодорхой, харагдахуйц бичнэ” гэсэн заалт орж байгаа талаар ярилаа.

Захиалагч нь худал мэдээлэл тараасан, бусдыг гүтгэсэн бол үүнийхээ хариуцлагыг хүлээх гэнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл худал мэдээлэл тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлнө гэсэн заалтыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжиж харагдана лээ.

Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулахаар хуулийн төсөлд оруулаад байсан билээ.

Хуулийн энэ заалтын цаана улстөрчид бие биенээ гүтгэдэг булхайтай үйлдлээ хэвлэлийнхэнд үүрүүлэх гэсэн далд санаа явж байгаа талаар үзэг нэгт нөхөд маань хөндөж, үүний эсрэг нийтлэл, нэвтрүүлгээ чиглүүлсний эцэст торгуулийн хэмжээг бууруулаад байгаа нь энэ аж.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих