“Момо” цахим тоглоомноос болгоомжлохыг анхааруулж байна

c01bde1a1b849fc5f8139a4af71542f8Мексикийн Табаско мужийн ерөнхий прокурор “Момо” цахим тоглоомноос болгоомжлохыг хүүхэд, залууст анхааруулжээ.

“Хүүхэд залуусын дунд дэлгэрээд байгаа тоглоомын талаар анхааруулан хэлэхэд танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхийгээрэй. Хүмүүс чиний талаар мэдээлэл хайж байгаа бөгөөд дараа нь тэдгээр мэдээллийг чиний эсрэг ашиглах болно гэдгийг анхаараарай” хэмээн тус улсын мэдээллийн салбар дахь гэмт хэргийг мөрдөн шалгах асуудал эрхэлсэн тусгай хэлтсээс хандсан мэдэгдэлд дурджээ.

Нийгмийн сүлжээн дэх иймэрхүү тоглоом нь эхлээд хэрэглэгчтэй харилцахыг хүссэн захидал илгээх бөгөөд ямар нэгэн хариулт авсан тохиолдолд хэрэглэгч рүү хүчирхийллийн шинжтэй дүрс зураг юмуу хувийн мэдээллийг нь авах хүсэлт явуулах, ямар нэгэн зүйл хийлгүүлэхийг хэрэглэгчээс хүсдэг байна. Харилцахаас татгалзсан тохиолдолд хэрэглэгчийг янз бүрээр заналхийлдэг аж.

Аргентин улсад энэ тоглоомын нөлөөгөөр нэгэн охин амиа хорлосон байж болзошгүй гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.  Өмнө нь ОХУ-д ч мөн өсвөр наснынхныг амиа хорлоход хүргэдэг “Хөх халим” гэдэг нэртэй тоглоом хүүхэд, залуусын дунд дэлгэрээд байсан юм.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих