Нэг кг самрыг түүхэд 500 төгрөг, бусад жимс жимсгэнийг түүхэд 300 төгрөг төлөх ёстой
Ойн баялгийг зохистой ашиглах тухай Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргажээ. Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүхийг зөвшөөрдөг байна. Харин нэг кг самрыг түүхэд 500 төгрөг, мойл, нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, хад, тошлой зэрэг жимс жимсгэнийг түүхэд 300 төгрөг тус тус төлөх ёстой
.Ингэхдээ самар болон бусад ойн дагалт баялаг ашиглах тухай зөвшөөрлийг ойн тухай хуулийн 38.1-д зааснаар ойн анги, ойн анги байхгүй бол тухайн гутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч эрхийн бичгээр олгох ёстой байдаг байна. Мөн эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж аруйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заасан байх ёстой аж.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 38.5-д заасны дагуу их ургацын жил аль ч зориулалтаар, дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хуш модны самар түүж бэлтгэж болдог бөгөөд бага ургацын жил аль ч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг.Самар бэлтгэх хугацааг самрын болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг бүрт ялгавартай тогтооно. Гэхдээ самар бэлтгэх хугацаа нь 8 дугаар сарын 25–наас дараа оны 4 дүгээр сарын 15-ны хооронд хязгаарлагддаг байна.
Харин самрыг их хэмжээгээр түүснээс болж, ихээхэн сөрөг зүйл дагуулдаг болохыг албаныхан онцолжээ. Тодруулбал, хуш мод бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, зургаан зүйл хоёр нутагтан, дөрвөн зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг.
Самрын ургацгүй жил эсвэл самар муутайгаас үүдэн жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас ойн баялгийг зохистой ашиглахыг зөвлөж байна.
Б.Лхам
Эх сурвалж: http://www.24tsag.mn/a/163879
URL: