МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар юу яригдав
Эрх баригч нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшигч илгээж, энэ сонгуульд оролцох нь тодорхой болсон бололтой. Уг нь ёс зүй, улс төрийн соёл гээд ярьвал нөхөн сонгуульд оролцох нүүр МАН-д бий гэж үү. Улс орны эрх ашиг гэхээсээ илүү улс төрийн сандал суудалд хэт улайрдаг болохоо энэ нөхөн сонгуульд оролцсоноор МАН харуулах нь дээ. 42 дугаар тойргийн сонгогчид МАН-д итгээгүй биш итгэл хүлээлгэсэн. Бүр хэн ч танихгүй шахам, хамгийн залуу улс төрчид нь итгэж хууль батлуулахаар илгээсэн. Гэсэн ч парламентын гишүүний хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, тойргийнхоо нэр дэвшигчдийн итгэлийг уландаа гишгэсэн.
Ийм байтал МАН дахин нэгнээ тухайн тойрогт илгээх болсон нь энэ намд ёс зүй гэдэг зүйл угаас байхгүй гэдгийг харуулж байна. Энэ сарын 1-нд болсон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэж, наймдугаар сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцжээ. Өөр дорвитой асуудал ярилцсан юмгүй хэдэн тийшээ харж сууж байгаад л МАН-ын удирдах зөвлөлийн хурал өндөрлөсөн байна. МАН дотор нэлээд том ангал үүсээд байгаа. Энэ асуудлаа шүүсэн бол нэлээд хэдэн цагийн “хэрүүл” болох байсан биз.
Ямартай ч МАН-ын удирдах зөвлөлийн хурал товчхон өрнөж, нөхөн сонгуульд оролцох нь тодорхой болсон байна. Мөн зарим их сурвалжийн мэдээллээр “60 тэрбум”-ын асуудлаар удирдах зөвлөлийн зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг хуулийн байгууллагаар дахин шалгуулах, мөн нээлттэй сонсгол зохион байгуулах зүйтэй хэмээн үзэж, өнгөрсөн өдрүүдэд нэлээд улстөржсөн.
“60 тэрбум”-ын асуудлыг орхиж, нам эв нэгдэлтэй байх нь чухал байна гэсэн саналыг гишүүдийн олонх нь илэрхийлжээ. Ерөнхийдөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ удирдах зөвлөлийн хурал дээр “буланд шахагдсан” гэх мэдээлэл байна. Ийнхүү эрх баригч намын удирдах зөвлөлийн хуралдаан даруухан болж, өндөрлөжээ. Тэд нөхөн сонгуульдаа л бэлдээд эхэлсэн бололтой. Түүнээс биш намд үүсээд байгаа нөхцөл байдал, гишүүдийн ёс зүй, бүлэглэл хоорондын хагарал зэрэг асуудалд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН
URL: