Турк сургуулийн захиралтай холбогдуулж хэнийг ч шалгаагүй, баривчлаагүй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Турк сургуулийн захиралтай холбоотой хэрэгт гурван хүнийг холбогдуулан шалгаж байна гэсэн мэдээлэл явж байгаа. Тэгвэл хэнийг ч холбогдуулж шалгаагүй гэж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хариулт өглөө.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу долдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10:00 цагийн орчим үл таних хүмүүс Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчай (Veysel Akcay)-г хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэ мэдээллийг хамгийн анх “Улаанбаатар Эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат фэйсбүүктээ бичлэг хийж тавьснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж эхэлсэн. Гэтэл уг хэрэгт холбогдуулж Улаанбаатарт байх Турк улсын элчин сайдын яаманд ажилладаг гурван монгол иргэнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл өнөөдрийн зарим сонин хэвлэлээр гараад байна. Харин тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг нь хязгаарлан шалгаж байгаа гэсэн мэдээлэлд дээрх хариуг өгсөн юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: