Боловсролын сайд аа, ажил сурсан багш олон байна
Багш нар нимгэн хувцастай, дутмаг хоолтой хатуу өвлийг давах бэрх болж гэнэ. Тэгээд шавь нараа гэрт нь түгжүүлэн ажил хаяж бахаа хангах болов. Тэдэнд ажил хаяхыг багш нь лав заагаагүй байж таараа. Улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн багш нараас илүү цалин аваад байгаа юмгүйг тэд мэдэж л байгаа. Тэгвэл бүх шатныхан ажил хаячихвал яасан юм бэ. Нийгмийнхээ амьдралын үнэн мөнийг шавь нартаа таниулж өгдөг “Ардын” гэж нэрлэгддэг багш нар өнөөдөр “Ажил хаялтынхан” гэж шавь нартаа дуудуулах боллоо.
Багшийн тухай тодотголыг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалаас мэдэж болно гэдэг нь үнэн. Гэвч өнөөдрийн багш нар юу бүтээдгийг сонирхох нь чухал. Манай шинэ үеийн багш нар даан ч мэдлэг муу. Ганц сонин захиалж уншиж чаддагүй хүмүүс шүү дээ. Багш нар мэдээллээс дэндүү хоцорсон нь ажиглагддаг. Тэд зөвхөн ганц мэргэжилдээ явцуурахдаг. Бүх багш нарыг хамруулж болохгүй нь тодорхой. Гэхдээ амьдрал дээр бодит байдал ийм байдаг. Өнөөдөр манай ерөнхий боловсролын сургууль төгсөгчид юу мэдэж сурч байгааг захын хүүхдээс юм асуухад л мэдэж болно.
Тэд далай тэнгис, Ази, Европыг нэрлэн салгаж чадахгүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө манай улсад суугаа Японы элчин сайд нэгэн сургууль дээр тусламжийн мөнгө өгөх гэж очоод хичээллэж буй долдугаар ангиар ороход хананд өлгөөтөй газрын зураг дээрээс нэг сурагчаас Японыг заагаадах гэхэд тэр хүүхэд мэдэхгүй байж олны нүүрийг улайлгаж билээ. Энэ яах аргагүй багш нартай холбоотой. Зах зээл гэдэг үгийг тэд дэндүү овжин ашиглаж чаддаг. Анги даасан нь, багш нарын баяраар нэг, төгсөхөд нь нэг бурзайдаг гэж шавь нарын ярьдаг нь үнэнд дэндүү ойрхон очно.
Тэдэн шиг амралтын мөнгө гэж саяар нь авч, зуны гурван cap амарч чаддаг хэн байгаа юм бэ. Монголын багш нар бүгд өрх толгойлчихсон юм шиг иргэдэд ойлгуулж байна. Тэгвэл эрчүүдэд гологдсон арчаагүй хүмүүс гэж хэлэгдэхэд хүрч байна. Төр багш нарын цалинг нэмэхгүй гээгүй. Он гаргаад гуравхан сарын дараа нэмнэ гэж тогтсоныг багш нар ойлгосонгүй. Харин өнөөдөр багш нарт мөнгө л бодогдохоос биш мөрөөдөл дүүрэн ирээдүйдээ итгэл төгс бяцхан үрс яамай болж хувирлаа.
Нийслэлийн сургууль цэцэр¬лэгүүдийн захирал, эрхлэгч гэж суудлаасаа ховхрох дургүй олон жил ажилласан тэтгэвэр хүлээсэн цаг үеэсээ хоцорсон хөгшид байгааг Нийслэлийн боловсролын газар анхаараасай билээ. Тэднээс дэвшилттэй шинэ санаа гарна гэж байхгүй. Харин гарч байгаа санаа нь өнөөдрийн ажил хаялт гэж хэлж болно. Манай улсад багшийн мэргэжил эзэмшсэн олон арван залуучуудад ажил олдохгүй зарим нь лангуу түшин сууж байна. Тэдэнд ажил хаяж байгаа багш нараас дутах юм байхгүй.
Ажлаа хаясан төрийн албан хаагчдийг шууд халж монголоор дүүрэн ажилгүй байгаа багш нарыг мэдээллийн хэрэгслээр зарлан цуглуулж зохих мэргэжлээр нь ажил хаягчдын оронд дариухан ажиллуулвал зохилтой. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр танд ажил сурсан олон зуун багш нарыг татаж аваачээ гэж хэлэх байна.
Н.ЛХАГВА
URL: